Дэлхийн улс орнуудад хэт хүйтэрч, хүмүүс амь насаа алдаж байна
Монгол оронд ид тачигнаж байгаа эдгээр өдрүүдэд Азийн халуун дулаан орны иргэд хүртэл хүйтний эрчийг мэдэрч байна.
Хонконг, Тайвань, Чэжү арал гээд байнга зөөлөн дулаан уур амьсгалтай байдаг газруудад хүртэл урьд өмнө үзэгдээгүй хүйтэн болж, хүний амь насыг авч одож байна.
Чэжү аралд цаг агаарын улмаас 1200 нислэг цуцлагдав
БНСУ-ын жуулчдыг хамгийн их татдаг Чэжү аралд цаг агаарын улмаас 1200 нислэг цуцлагдсан нь 90300 жуулчныг гацаанд оруулсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аралд цаг агаар муу, огцом хүйтэрсний улмаас олон зуун нислэг дараалан цуцлагдсан бөгөөд одоо хүртэл 1000 гаруй зорчигч нислэг хүлээж Чэжү аралд саатсаар байгаа аж. Чэжүгээр зогсохгүй БНСУ-ын нийслэлд ч сүүлийн 15 жил болоогүй хүйтэн өвөл болж байна. Сөүлд -18 хэм хүртэл хүйтэрсэн нь 2001 оноос хойш температур хамгийн их унасан тохиолдол болж байгаа аж.
Хөх мөрөнд цаг агаарын хэм -12 зааж, улмаар дөрвөн хүн нас баржээ
Хятадын мужуудаар онцгой хүйтэрч байгаа учраас эрх баригчид сэрэмжлүүлэг гаргаад байна. Удахгүй тохиох Цагаан сарын баярын их хөл хөдөлгөөнтэй энэ хүйтрэл давхцаж байгаа юм. Цас их орсны улмаас замд халтиргаа гулгаа үүссэн нь Цагаан сараас өмнө хөдөө орон нутаг дахь гэрээ зорьсон олны хөдөлгөөнд саад учруулж эхлээд байна. Хөх мөрний дунд болон адаг хэсгээр цаг агаарын хэм -12 зааж, хүйтний улмаас дөрвөн хүн нас барсан нь сүүлийн жилүүдэд харагдаагүй үзэгдэл болж байна. Жежиан, Фужиан, Гуанжоу зэрэг муж,Хятадын төв болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас ч хамаагүй их хүйтэрч байгаа юм.
Хонконгт сүүлийн 30 жил болоогүй хүйтэн өвөл болж, сургууль цэцэрлэгүүд хаалга барив
Ерөнхийдөө зөөлөн дулаан уур амьсгалтай Хонконгт сүүлийн 30 жил болоогүй хүйтэн өвөл болж, сургууль цэцэрлэгүүдийг хүртэл хааж байна. Ихэнх барилга нь төвийн дулааны сүлжээнд холбогдоогүй тус хотод температур 3,3 хэм хүртлээ унасан нь оршин суугчдыг бэрх байдалд оруулж байгаа аж. Хотын ойролцоох Тай Мошан ууланд цас унаж, цас харах гэж очсон жуулчид халтиргаатай уулын замаар буцаж чадахгүй, аврагчид очиж тусламж үзүүлсэн байна.
Тайваньд хүйтний улмаас өндөр настанууд амиа алдаж байна
Гэнэтийн хүйтрэлд хамгийн их цочирдож, хохирсон газар нь Тайвань болж байна. Тус улсын мэдээний төв агентлагийн мэдээлснээр хүйтний улмаас олон арван хүн хөлдөж, мөн зүрх судасны өвчнөөр нас баржээ.
Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөр нас барсан хүмүүсийн дийлэнх нь 65-93 насны ахмадууд байгаа учир температур унасан энэ өдрүүдэд ахмад настнуудыг гэртээ байхыг зөвлөж байна.
Амами Ошима аралд 115 жилийн дараа цас оров
Японы Окинава арлын Наго хотынхон 1966 оноос хойш анх удаа нутагтаа цас орохыг харжээ. Тэр бүү хэл сүүлийн 115 жил цас ороогүй Амами Ошима аралд ч цаг уурын сонин үзэгдэл болж, цас оржээ.
Японы бусад хэсгээр ч түүхэнд тэмдэглэгдэхүйц их хэмжээний цас орсон бөгөөд Нагасаки хотод гэхэд 17 см зузаан тогтжээ. Нийгата хотод 63 настай эрэгтэй гэрийнхээ гадаах цасыг арилгах гэж байхдаа нас барж, нөхөртөө туслах гэсэн эхнэр нь ч бас амьсгал хураасан харамсалтай явдал гарчээ. Мөн 80 настай эрэгтэйг цас арилгагч машинаар дайрсан хэрэг ч гарсан байна. Цаг агаар муудсаны улмаас нислэгүүд ч цуцлагджээ.
АНУ-д цас орж 11 мужид онц байдал зарлалаа
Их цас, их хүйтрэл зөвхөн Азийн орнуудад тохиолдсонгүй. Дэлхийн нөгөө өнцөгт, АНУ-д ч түүхэнд бичигдэхээр их хэмжээний цас өнгөрсөн амралтын өдрүүдэд орж, америкчууд одоо л цасан дундаасаа өндийж байна гэхэд хилсдэхгүй. 11 мужид онц байдал зарлаж, таван мужид 90-ээс см-ээс дээш цас орсон нь 1860-аад оноос хойшхи онцгой үзэгдэл болж байна.
Их хэмжээний цас орохыг урьдаас анхааруулж, нийтийн тээвэр, метро, сургууль цэцэрлэгийг хааж, болзошгүй аюул ослоос сэргийлэх арга хэмжээг авсан ч цасаа арилгах гэж байгаад зүрх нь хаагдаж нас барах зэрэг эрсдлийг яаж ч чадсангүй.
Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрт ердийн цаг уурын нөхцөл байдлыг нь үл харгалзан онцгой хүйтэрч, их хэмжээний цас орж байгаань сүүлийн жилүүдэд улам эрчимжиж буй дэлхийн дулаарлын нэг илрэл хэмээн олон нийт үзэж байна.Дэлхийн дулаарал буюу цаг уурын өөрчлөлт гэдэг нь зөвхөн температур дулаарч, мөнх цас мөс хайлахаар илрэхгүй, хүйтэн газрууд улам хүйтэрч, халуун газар улам халах буюу цаг уурын ер бусын, онцгой үзэгдлийн тохиолдол, давтамж нэмэгдсэнээр ч илэрнэ гэдгийг судлаачид, мэргэжилтнүүд хэлдэг. Өнгөрсөн зун л гэхэд Энэтхэг, Пакистанд хэт халж,хэдэн хоног дараалан температур 50 хэмд хүрсний улмаас 2000 гаруй хүн нас барсан билээ.
URL: