Молиго-Эрдэнэ
С.Молор-Эрдэнэ гэдэг нөхөр намын дарга болжээ. Үүнд гайхаад байх зүйлгүй л дээ. “Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг” болохоор. Морио эмээллэж унаад мань хүн Монголын төлөө зүтгэх юм байх. Нийгэм түүнд энэ захиалгыг өгсөн болохоор нийтийн төлөө зүтгэх их даалгавар авсан гэнэ. Тэгээд л “Хамуг Монголын хөдөлмөрийн нам”-ыг байгуулж, хачин хачин юм яриад, сэтгээд эхэлсэн бололтой юм.
Түүнийг төдийлөн олон хүн танихгүй. Мэдлэг чадвартайг нь ч мэдэхгүй. Орон гаран юм ярьдаг олон хүний нэг шиг харагддаг болохоор ухаантай тулхтай улстөрч гэх нь бас өрөөсгөл байх. Харин өөрийгөө их өөрөөр хардаг юм билээ. Өгсөн ярилцлагаас нь харахад өөртэй нь зэрэгцэх мэдлэг боловсролтой хүн Монголд байна уу гэж бодогдсон.
Тэрбээр “Ер нь Н.Энхбаярыг л би гаргаж ирсэн. Улстөр хэрхэн хийхийг нь хэлж өгч, хурал цуглааныг нь зохицуулж, илтгэл ярилцлагыг нь бэлтгэж өгч байж сая МАХН-ын нүүр царай болголоо. Анх би Н.Энхбаярын ард улс төрийн онолыг нь боловсруулж, үйл ажиллагааг нь зааж өгч байсан” хэмээн хэвлэлд хээв нэг ярилцлага өгчээ.
С.Молор-Эрдэнэтэй Н.Энхбаяр эн зэрэгцэхгүй гэнэ лээ. Андуураагүй байгаа даа, арай би буруу уншчихав уу гэтэл үгүй бололтой. Үнэхээр тэр ингэж ярьж, хэлж.
Н.Энхбаяр муу, муухай хүн байж болно. Өөдгүй, өс санадаг хүн байж болно. Гэхдээ л тэр хэн билээ. Монголын төрийн бүх л албан тушаалыг хашиж, цагтаа цалгилж явсан эрийн хугархай шүү дээ. Түүн шиг Монголын төрийн өндөр албан тушаалыг бүгдэд нь “сандайлж”, сарвайснаа өөрийн болгож явсан эр хүн Монголд бий бил үү. Өнөөдрийн улстөрчид өлмий дор нь бөхөлзөж явсан цаг түүнд бий. Өөдөөс нь томрох байтугай эгцлэн харах эр хүн ховорхон байсан гэдэг.
Өнөөдөр л тэр өрөвдөлтэй болчихоод байгаа болохоос биш. Хаан шиг загнаж, заан шиг том байсан цаг Н.Энхбаярт бий бол С.Молор-Эрдэнэ гэж хэн бэ. Хэний ч мэдэхгүй, танихгүй нөхөр. Хэн түүнийг улстөрч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч тэр туг барьж үзээгүй.
Ядарсан гишүүний мөнхийн хүсэл, мөнгөн дээр дөрөөлж намын дарга болчихоод байгаагаа ялалт байгуулсан гэж эндүүрээд байгаа эвгүй нөхөр дөө. Ярьсан, хэлснээсээ байнга буцна, булигана. Ядаж байхад албан тушаалд ямар ч их дуртай нөхөр юм бэ дээ.
Улстөрийг хаана ч хийж чадах, удирдагч хүнийхээ хувьд алдаа гаргахгүй унверсиаль хүн гэнэ лээ, тэр. Муу хүн дайнд хөөрнө гэдэг нэг мэргэн үг бий. Бас тэнэг хүн өөрийгөө магтана гэдэг зүйр үг ч байдаг.
Өчигдрийнхөө ярьсныг өнөөдөр няцааж, өнөөдрийнхөө үйлийг маргааш хаяад зугтчихдаг түүнд Молор-Эрдэнэ гэхээс илүү Молиго-Эрдэнэ гэдэг нэр илүү зохих юм шиг.
А.Шархүү
URL: