Тост, Тосонбумбын нуруунд “Улаан ном”-д орсон амьтан, ургамал бий
Тост, Тосонбумбын нуруунд дэлхий дахинаар ховордсон цоохор ирвэс 22-24 орчим, янгир 800-1200, аргал, угалз 240 орчим байдаг гэсэн судалгаа байна. Мөн уулынхаа бэл хоолойгоор “Улаан ном”-д орсон хулан, хар сүүлт зэрэг амьтад олноор амьдардаг. Тостын нуруунаас эх авсан Хөвдийн баянбүрдэд тоорой болон жигд сухай зэрэг ховор мод ургамал ихээр ургадаг. Хөвдийн орчны цөлөрхөг бүсэд Монгол орны 12 зүйлийн алаг дааганы 10 зүйл нь амьдардаг байна. Үүнээс устаж болзошгүй ангилалд орсон Козловын атигдаахай, Соотон алаг даага гэдэг хоёр зүйл мэрэгч амьтан цөөн тоогоор амьдардаг юм байна.
Мөн Жороо тоодог, Хулан жороо зэрэг ховор төрөл зүйлийн шувуунаас гадна зөвхөн Тост ууланд ургадаг потанини улаан тулам гэдэг цэцэг байдаг юм байна. Энэ мэтчилэн ховор ан амьтан, ургамлыг дурдаад байвал дуусахгүй. Тост ууланд олборлолт хийж эхлэх л юм бол энэ бүх амьд байгальд аюул учирна гэж нутгийн иргэд хэлж байлаа.
Булаг, шандын ойролцоо газар ашигт малтмалын олборлолт хайгуул явуулах нь эрсдэлтэй гэж үздэг байна. Гэтэл Тосонбумбын нуруу орчмын зарим газарт булаг, шандыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа бүр оруулаад авчихсан газар ч байна.
Байгалийн тогтоц, хүн амьтны амьдрах нөхцөлийг харгалзалгүйгээр олгосон энэ их тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал Тост багийн иргэдийн гол тулгамдсан асуудал болчихоод байна. УИХ-аас Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад бүтнээр нь авах тогтоол гаргахыг тэд итгэж найдан хүлээж байгаа юм.
Мэдээний дэлгэрэнгүйг өнөөдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
Нийтэлсэн: MNB Монголын мэдээ
URL: