Х.Дуламсүрэн: Чи намайг орхисонд би баяртай байна

Орхиод явсан, олон жилийн өмнө чи намайг, ор мөргүй хоосон амьдрал утгагүй мэт санагдаж,

Орчлонг дүүргэх хайр минь үгүй болчихсонд эргэлзсэн, эргэлзэх шалтгаан нь миний итгэл алдраагүй сэтгэл байсан

Гэнэн томоогүй насандаа хөтлөлцөн учирсан дурлал
Гэнэ алдаж холбирохгүй, насан туршийнх гэж бодож явсан, эндүүрснээ би сүүлд л ухаарсан

Эмзэглэж гайхан тээнэгэлзэж явахдаа ч энэ тухай гүйцэд ойлгоогүй, гүйцэд ойлгоогүйн шалтгаан нь амьдралыг бүрэн таниагүй залуу нас минь байлаа…

Ирсэн шигээ буцдаг хайр гэж байдаг, итгэл алдан зовоодог хяслан гэж бий

Цаг хугацааны зөргөөр алгуурхан надаас холдож, цаашид үргэлжлэн гэрэлтэх шинэ дурлалын минь гишгүүр болж өгдөг

Чиний үлдээсэн сургамжид шатаар би урагшилна тэмүүлж, чамаас сайхныг олох боломж олгосонд баярлалаа

Үнэ цэнэгүй хайр тушаа мэт сэтгэл хүлдэг учраас, өчүүхэн гуниг төрүүлээд алсад одох нь зөв байсныг өнгөрсөн үеийн дараа хүн бүр ойлгодог

Чиний үлдээсэн сургамжит шатаар алхаж, чиний төсөөлж байгаагүй гэрэлт ирээдүйд би хүрсэн

Өндрөөс айдаг чи эртхэн буцсан нь зөв байж, үүрд чинийх болоогүй дээ одоо би жаргалтай байна

2014.08.20

Х.ДУЛАМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих