Ж.Амарсанаа: З.Энхболд бол хууль бусаар томилогдсон дарга

12sf1sdfs

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах эсэхийг хэлэлцэж, дэмжсэн нь улс төрийн гол үйл явдал болоод байна. Түүнийг энэ суудалд суух ёсгүй хэмээн үзэж буй гишүүд Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн тайлбарлаж байгаа. Тэгвэл энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Ж.Амарсанаагаас сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх таныг Үндсэн хуулийн Цэцийн даргаас эргүүлэн татахыг дэмжсэн. Тэдний шийдвэрийг та хэрхэн хүлээн авч байна вэ? 

-Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн тухай Д.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Тогтоолтой холбогдуулж миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Энэ бол хэвийн зүйл. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг. ҮХЦ-тэй холбоотой амьсгал давхацсан ажлуудыг УИХ хийж байгааг та бүхэн харж байна. УИХ-ын Байнгын хорооны хуралгүй өдөр, хуралгүй цагт хурал зарладаг. Дэгийн хуульд энэ бүхнийг нарийн заасан байдаг ч заалтууд зөрчиж, янз бүрийн хууль бус үйлдэл гаргаж байна. Хууль зөрчсөнийг УИХ нотолдоггүй. Тэр тусмаа доторх ажлын аппарат болох УИХ- ын Тамгын газар нотолдоггүй. Шүүхээр нотлох ёстой. Дээд шүүх харин энэ байдалд хуулийн дагуу шийд гэсэн байр суурь илэрхийлсэн байна лээ.

Үүнийг харин Хууль зүйн Байнгын хороон дээр санал өгсөн болгоод гуйвуулсан. ҮХЦ-ийн дарга, гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хуулийн дагуу эхлээд ҮХЦ-ийн есөн гишүүн дотооддоо хуралдаж, нэр дэвшүүлсэн байгууллагад уламжилдаг. Намайг Улсын Дээд шүүх нэр дэвшүүлсэн. Тийм болохоор Ж.Амарсанааг эргүүлэн татах эсэхийг Дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоороо эргүүлэн татах нь зүйтэй гэж үзээд бичиг явуулбал УИХ хэлэлцэх ёстой. Ийм байтал сүүлийн үед УИХ-аас ҮХЦ-тэй холбоотой хийж буй алхмууд нь дандаа Үндсэн хууль зөрчиж байна.

    -Таныг Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ, Дээд шүүх рүү бичиг явуулсан. Дээд шүүхээс ирүүлсэн хариуг үндэслээд эргүүлэн татах болсон гэсэн зүйл яриад байгаа?

-Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг “Ж.Амарсанааг Цэцийн даргаас чөлөөлөх асуудлаар тусгайлсан саналгүй” гэж тоот өгсөн. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх Үндсэн хуулийн байгууллагуудын хоорондын улс төрийн шинжтэй хэрүүлд оролцохгүй гэж хариу өгснийг Дээд шүүх намайг эргүүлэн татахыг зөвшөөрсөн, Үндсэн хууль зөрчсөнийг Дээд шүүх нотолж байна гэж гуйвуулан тайлбарлаж байна. Тэгээд ч хууль зөрчсөн бол түүнийг шүүх хурлаар шийдэж, тогтоодог. Тусгайлсан саналгүй гэдэг манайх байр сууриа илэрхийлэхгүй л гэсэн үг шүү дээ. Дээд шүүх намайг нэр дэвшүүлсэн. Чөлөөлнө гэвэл Дээд шүүхийн 25 шүүгч бүгд сууж байгаад ярилцах ёстой. Шүүх намайг буруутай гэж үзвэл анхан шатнаас эхлээд шүүх хуралдаан болох учиртай. Энэ үйл явц намайг чөлөөлчихөөд үгэнд ордог хүнээ тавих хуйвалдаан луйвраа хийх гэсэн л санаархал шүү дээ. Гэвч энэ бүхний ард хуулийн аргаар эрх мэдлээ ашиглаж, шүүх эрх мэдэл рүү бусармагаар халдах гэсэн хүсэл байгаа юм. Үүний гол хүн нь УИХ-ын дарга З.Энхболд. Мөн түүний ард банкны эзэд, хувьцаа эзэмшигчид, гадна дотны хүн олон бий сурагтай.

 -Өнгөрсөн хугацаанд УИХ- аас Үндсэн хуулийн Цэц рүү олон удаа дайралт хийлээ. Зарим нь улстөржсөн шийдвэр гаргадаг тухай ч ярьдаг. Энэ бүхний шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ бүхэн Үндсэн хуулиа хамгаалж үлдэх цаг ирснийг харуулж байгаа юм. Явж явж хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахаар санаархсан гэдэг үндэслэлд ч хүрч магадгүй. Үнэндээ өнөөгийн УИХ манай байгууллага руу маш их дайралт хийж байна. УИХ-ын дарга хүртэл “Үндсэн хуулийн Цэц буруу шийдвэр гаргасан” гэж ярьж байна. Мэдээж нам бүлэглэлийн эрх ашиг, хувийн сонирхол байдаг байх. Гэвч энэ нь Цэцэд ямар ч хамаагүй. Яг үнэндээ өнөөгийн эрх мэдэлтнүүд хуулийн байгууллагыг бүгдийг гартаа оруулчихсан. Одоо ганц Цэц үлдсэн учир гартаа оруулах гэсэн алхмаа хийж байна л даа. Энэ нь ирэх хавар болох сонгуулийн үеэр маргаан үүсэхэд нь хэрэгтэй гэж харж байх шиг. Тодорхой хэлбэл, бүх зүйлийг АН-ын зөв гэж шийдүүлэх нь л дээ. Одоо Шүүхийн хууль, найман хувийн зээл гээд хачин юм яриад байна. Цэцтэй ямар ч холбоогүй. Үнэхээр Цэцтэй холбоотой юм бол яагаад манай шийдвэрийн дагуу хуулиа засч, өөрчлөв гэдгийг бид эхлээд бодох ёстой. Бүр нарийн яривал найман хувийн зээлийн хүүг тав болгогох гэж байна гэдэг манай шийдвэр зөв гэсэн үг биз дээ.

         -УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар МАН- аас ҮХЦ-д хандсан. Цэц маргаан үүсгэсэн үү? 

-Аль нам эвслээс өгсөн нь манайд тийм сонин биш. Бид Монгол Улсын иргэний өгсөн санал, гомдлыг авч хэлэлцдэг. Ингэхдээ иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж авдаг. З.Энхболд даргын тухайд манайд иргэнээс ирүүлсэн гомдол бий. Үүнээс шалтгаалж Цэцэд маргаан үүссэн яваа. Үүн дээр нэмж хэлэхэд манайх УИХ-ын даргаас огцрох эсэхийг нь дүгнэдэг байгууллага биш. Зөвхөн хууль зөрчсөн эсэхийг л хянана. Харин огцруулах эсэх тухайгаа УИХ ярих биз. Үүнээс гадна УИХ-д байгаа намуудаас гадна УИХ-д суудалгүй намууд З.Энхболд даргыг хууль зөрчсөн тухай байнга хандаж байгаа. Түүнтэй холбоотой гомдол болоод Үндсэн хууль зөрчсөн тухай яриа УИХ-ын дарга болсноос нь эхлээд гарч эхэлсэн. Үүгээрээ тэр УИХ-ын бусад даргаас онцлогтой. Өнгөрсөн хугацаанд З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл хэд хэдэн удаа Цэцэд ирсэн. Тэгээд ч З.Энхболдын хувьд хууль бусаар томилогдсон дарга. Үүнд Цэц улс орны үндэсний аюулгүй байдлын тогтвортой байдлыг анхаарч аль болохоор хүлээцтэй хандсаар ирсэн.

        -Хууль зүйн байнгын хорооны хурал дээр таныг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр С.Эрдэнэ сайд “Улсын Их Хурлаас албан ёсоор томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Цэцийн хурал дээр шүүгдэгч та хэмээн харьцсан гэж байсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу? 

-Би хоёрхон зүйл хэлье. Нэгдүгээрт, Х.Тэмүүжин гишүүнийг би тэгж хэлсэн юм. Х.Тэмүүжин гишүүн байнгын хороо, чуулган дээр Цэцийн гишүүдийг “үхдэл”, “морг”, “амьд үхдэл” гэж ярьсантай харьцуулахад их зөөлөн үг хэлсэн гэж үзэж болно. Хоёрдугаарт, С.Эрдэнэ гишүүн эртний Египет, Ромын эрх зүйг яг үнэндээ мэдэхгүй л дээ. Үүнийг язгуур утга, эрх зүйн анатоми утгаар нь хэлсэн юм. Тэгэхээр ийм түвшний хүнтэй “юм” яриад тэрийг тайлбарлаад, ойлгуулах гэх нь цагийн гарз.

 -Цаашид та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-УИХ-ын удирдлага, улс төрийн зарим намын удирдлагын хийж байгаа балмад үйлдэл даран- гуйлагч шинжтэй, дур зоргоороо Үндсэн хуулийг дэвсэлж байгаа этгээдүүдийн үйлдлийг ард түмэн харж байгаа байх. Сонгуулиар ч дүн тавих байх. Цаашдаа ч гэсэн байнга ажиглаж, хянаж байх болов уу гэж бодож байна.

Д.Ганбаатар

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: иргэн Огноо: 29 January 2016

зөнөсөн коммунист минь дуугүй түргэн зайл, улс орны хөгжилд бүү гай бол.
үгүй бол чиний хөрөнгөжсөн эх үүсвэрийг шалга ж хориод ь та тэндээ үлдэж магад ……………………

Нэр: Оогий Огноо: 29 January 2016

АН-ын савраас үндсэн хуулиа сайн хамгаалаарай.

Нэр: иргэн Огноо: 6 February 2016

Үндсэн хуулийн цэц ажлаа сайн хийж байгаа. УИХ дэндүү тэнэг, үндсэн хууль зөрчсөн хууль батлаад, тэр нь цэц дээр унахаар байж ядаж байгаа юм. Үндсэн хуулийн цэц бол ардчиллын баталгаа. Ардчиллаа АН-аас хамгаалах шаардлагатай цаг ирэхийг үздэг азгүй хүмүүсээ бид

Сэтгэгдэл бичих