Дорнодын цагаан зээр “нутаггүй” болжээ
Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг дээ. Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаар жилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээрийг Дорнодын бэлгэдэл, бахархал биш гэж үзсэн тул бэлгэдэл, логоноосоо хасаж цагаан зээрийг “нутаггүй” болгожээ.
Тэгвэл уг тогтоолыг санаачлагчдын нэг тус аймгийн ИТХ-ын шинэ дарга Уулаа буюу П.Мөнхтөр аймгийн туг, бэлгэ тэмдгийн шинэ загвар шалгаруулах уралдаан зарласан гэнэ. Уралдаанд оролцохыг хүсэгчид ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор материалаа хүргүүлэх бөгөөд нийт шагналын сан нь нэг сая төгрөг аж. Аймаг нь засаглалын хямралтай буй энэ үед уг тогтоол зөвхөн дорнодын гэлтгүй өөр аймаг, сум болон нийслэлийн зарим иргэнийг ч бухимдуулж байна.
Энэ талаар нутгийн иргэд “Манай Дорнод аймаг хэзээнээсээ цагаан зээрийн өлгий нутаг байсан. Ховордох тусам сүлд, билэгдлээ дээдлэхийн оронд авч хаяна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хүмүүс жаахан албан тушаалд гарахаараа ингээд л юм болгоныг өөрийнхөөрөө өөрчлөх гээд байдаг болсон бололтой” хэмээн сошиал ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.
Өнгөрсөн жил “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаар явж бодит байдлыг өгүүлсэн “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” цуврал нийтлэл бичсэн байдаг. Харин энэ жил зуднаас зугтсан цагаан зээр Улаанбаатар хотын баруун талд, Эмээлтэд ирээд Төв аймгийн нутгаар урагш гаран Говьсүмбэр, Дорноговь нутгаар дайран хилийн зүг нүүдэллэхдээ төмөр зам дагуу татсан өргөст торонд орооцолдож, сүрбүүлж үхэж байгаа талаарх нийтлэл хэвлэлийн хуудаснаа гарсан байна. Тийн үхсэн цагаан зээрийн 300 орчим сэг зэм бий талаар эх сурвалж хэлсэн. Гэтэл Дорнодын ИТХ-ын зарим төлөөлөгч аймгаар нь овоглодог цагаан зээрээ “нутаггүй” болголоо.
Б.Төгөлдөр
URL: