Популизмын өртөг: Жилд 50 тэрбум төгрөг

178357-28012016-1453936433-1722402400-ordonМонголын төрийг популистуудад идүүлж, хэрүүлийн бай болгох нь ухаалаг бодлого биш

УИХ-ын гишүүд парламентын чуулганы танхимд өөр зуураа хоржоонтой үг шидэлцэж, нэг нь нөгөөгөөсөө дээш гарах гэж хэмлэлдсэн дүр зураг монголчуудад танил. “Нөгөө л 76-гийн хэрүүл” гээд түүнийг тоож хэрэгсэх нь даанч цөөн. Харин Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний хэрүүлийг томруулан харуулна, тайлан протокол шахуу дэлгэрэнгүй бичнэ, өлгөж аваад “чимхэнэ”. Эл хэмнэлийн дунд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн “шийдлийн” Засгийн газар, З.Энхболдын даргалдаг УИХ- ын нэр хүнд Монголын олон гэдгийг хэлмээр байна. Энэ нь ямар ч оноо авчрахгүй, улс төрийн аль нэгэн хүчинд. Харин хасах авчирна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой зүйл” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давост Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ MM агентлагийн сэтгүүлчид байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэгвэл хөрөнгө оруулагчид, үнэлгээний агентлагууд Засгийн газрын бондыг худалдан авахад, үнэлэхэд популистуудын дуу хоолой, яриа үнэхээр бодитой нөлөөлдөг үү? “Манайд гарч байгаа бүх төрлийн мэдээ зах зээлд ямарваа нэг байдлаар байнга нөлөөлдөг” гэж Монголын мөнгө, санхүүгийн эрх мэдэлтэн хариулав. Засгийн газрын бонд гаргах Ажлын хэсгийн гишүүн тэрбээр “Манай улсаас гаргасан бондуудын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр дүнд хүрсэн шүү дээ. Хамгийн анх “Mongolian mining corporation”-ийн бонд гэхэд л 600 сая ам.долларын дүнтэй. Араас нь Хөгжлийн банк зах зээлд гарч, 580 сая ам.доллар босгосон. Мөн Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын “Чингис”, нэг тэрбум юанийн дим сам бонд гэх мэт томоохон хэмжээтэй бондууд гарсан.

Ийм өндөр дүн бүхий хөрөнгө оруулсан хүмүүс манай улсад болж байгаа бүх үйл явдлыг рентген зургаар харж байгаа мэт ажиглаж суудаг юм. Твиттер дээр бичсэн зүйлд хүртэл мониторинг хийж, хянаж байгаа. Юунд хөрөнгө оруулсан бэ гэдгийг дэлхийн хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагууд бүх өнцгөөс нь судалдаг. Тэр утгаараа манайд гарч байгаа бүх төрлийн мэдээ захад ямарваа нэг байдлаар байнга нөлөөлдөг. Сөрөг мэдээ дотоодын зах дээр гарахаар бид түүнийг аль болох тайлбарлаад, учирлаад, засаж залруулаад явдаг л даа. Гэхдээ хортой нөлөө нь зах зээлд үйлчилсээр байдаг” гэлээ.

Уг нь “Том гурав”-ын нэг “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сөрөг хандлагатай гэж үзсэн атлаа манай рейтингийг бууруулаагүй. Эдийн засгийн өсөлт нь саарсан, инфляци нь нам дор түвшинд тогтворжсон Монгол Улс төсвийн бодлогоо чангалж байна гэж үзээд тэд манай зээлжих зэрэглэлийг B2 түвшнээс доошлохгүй нь гэж тооцоолж байв. Зах зээлд цацагдсан эл эерэг мэдээний өнгөн дээр Засгийн газар харьцангуй сайн хүүтэй бонд гаргах боломж байсан юм. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал сөхөгдсөнөөр Монголын рейтинг улам уруудах боломжтой гэсэн сигналыг хөрөнгө оруулагчдад өглөө.

Лааз өшиглөхөөс эмээсэн улстөрчдийн дахин босож ирэх дөрөө нь Засгийн газар болж хувирлаа

Олон улсын бондын хоёрдогч зах зээлд Засгийн газрын бондуудын өгөөжийн муруй улам дээшээ тэмүүлсээр байна. 2018 онд хугацаа нь дуусах “Чингис” бондын өгөөж мягмар гарагийн байдлаар 10.86 хувьд хүрч, харин дундаж үнэ нь нэрлэсэн үнийнхээ 88.53 хувьтай тэнцжээ. Харин арван жилийн хугацаатай “Чингис” хоёрдогч зах зээлд 10.24 хувийн хүүтэй, 75.23 ам. долларын дундаж үнэлгээтэй байна. 2012 онд гаргасан бондын ханш анх арилжсан хугацаанаас хойших хамгийн доод цэгтээ хүрээд байгаа нь энэ. Харин оны босгон дээр “Чингис” бондын өгөөж 8.68 болон 8.986 хувийн түвшинд хэлбэлзэж байсныг сануулъя. Монголын төрийг популистуудад идүүлж, хэрүүлийн бай болгох нь ухаалаг бодлого биш.

Монголын зарим улстөрч нийгэмд популизмын үр суулгаж, түүнийгээ усалсаар цөөнгүй жилийг ардаа орхисон. Үр дүнд нь Монгол Улс хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болж, рейтинг нь улам уруудан, харин зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалт татах өртөг нь улам өссөөр байна.

Засгийн газрын бондоор жишээлэн авч тайлбарлая. “Standard and Poor’s” агентлаг манай гүйцэтгэх засаглалын зээлжих зэрэглэлийг –BB-гээс B түвшин рүү нэг шатлалаар бууруулахад бондын хүүгийн түвшин 1-2 хувиар өсөж байв. Харин өнгөрсөн оны тавдугаар сард Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг урагшлуулахаар хувь нийлүүлэгчид санал нэгдэх үед бондын өгөөж 2-3 хувиар буурсан дүр зураг ажиглагдаж байсан юм. “Манай бондуудын хүү дотоодын эдийн засагтай яг адилхан. Манай эдийн засаг жижиг хэмжээтэй тул сайжирвал эрс сайжирдаг, муудвал огцом мууддаг онцлогтой. Түүнтэй адил манай хүү мэдээллийг дагаад өндөр хэлбэлзэлтэй савладаг” гэж эдийн засагчид ярив.

Ийм эмзэг мэдрэмтгий зах зээлд үүсгэсэн хохирлоо популистууд үүрч чадах уу? Эдийн засгийн хүндрэл ужгирсан энэ үед эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад зарцуулахаар төлөвлөж байсан 500 сая ам.долларын хөрөнгийг хэн Монголд өгөх вэ? Нөгөө талд, хөрөнгө татах хүүгийн түвшин өсөхөд тэр зөрүүг хэн төлөх вэ? Мэдээж Засгийн газар болоод ард иргэдийн нуруун дээрх ачаа л улам бүр хүндрэх нөхцөл үүсээд байна.

2012 онд Чингис бондыг арилжих үед бондын өгөөж 4.125, 5.125 хувийн түвшинд тогтож байсан бол одоо ийм хямд хүүтэй мөнгө Засгийн газарт олдох боломжгүй, илүү өндөр түвшинд тооцох шинэ шатанд бид өнөөдөр иржээ, популистуудын ачаар. 500 сая ам.долларын бонд Засгийн газар гаргана гэж тооцвол хүүнд нь Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондынхоос жилд дунджаар 25 сая ам.доллараар илүү төлбөр төлөх нь. ““Чингис”-тэй адил өгөөжтэй бонд гаргах боломжгүй. Тэр бол Монголын хувьд хамгийн өндөр хэмжээтэй, хамгийн сайн нөхцөлтэй гаргасан бонд. Тэр нөхцөлд Монгол Улсын хувьд хүрэх цонх ойрын хугацаанд харагдахгүй байна” хэмээн эдийн засагчид ярьж байна. Энэ бол популизмын төлөөс!

Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих