Б.Пүрэв: Энэ он цагдаагийн байгууллагын хувьд ажлын хүнд төвөгтэй жил болно
Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга, Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон хүн юм.
-Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй бүтэхгүй хууль гэж хэлэхгүй. Болох л хууль. Одоо мөрдөж байна. Гэхдээ хоёр гурван зүйл дээр болохгүй байна. 1993 оны хууль байсан гол гол заалтуудыг хасаад, хассан заалтуудыг Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн зохицуулна гэж заасан байгаа. Чухамхүү энэ хассан асуудлууд нь цагдаагийн өдөр тутмын амьдралтай холбоотой, өдөр тутмын ажилтай нь холбоотой, аминд ойрхон асуудал байгаа учраас төвөг учирч байна. Жишээлбэл, цагдаагийн цолны асуудал, бүтцийн асуудал хоёрыг дурдмаар байна.
1993 оны хуульд цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлыг нэлээд сайн зохицуулж өгсөн байсан. Гэтэл 2013 оны хуульд энэхүү эрхзүйн байдлын хуулийг бараг бүгдийг нь хасчихаад байгаа. Хассан хуулиа Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын хуулиар тусад нь зохицуулна гээд гаргачихсан. Гэтэл Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай хууль нь өнөөдрийг хүртэл гардаггүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдал зохицуулалтгүй үлдсэн байгаа. Яахав, цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хуулинд зарим зүйлийг оруулж өгсөн байгаа. Түр зуур хуучнаа барьж байгаарай гэсэн ганц нэг заалт бий.
-Эрхзүйн зохицуулалтгүй ажиллаж байгаа нь цагдаагийн алба хаагчдад ямар сөрөг нөлөөтэй вэ?
-2016 оныг цагдаагийн байгууллагын хувьд ажлын нэлээд төвөгтэй хүнд жил болно гэж би хувьдаа тэгж үзэж байна. Яагаад гэхээр, 2016 онд бүх шатны сонгууль болно. Сонгуулийн үеэр цагдаагийн алба хаагчийн ажил ихэснэ. Санал хураалтын хар хайрцгийг манахаас эхлээд жагсаал цуглааны арга хэмжээн дээр хамгаалалтад гарна. Дээр нь нэмээд Монгол Улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал чухамхүү сонгуультай холбоотой гарч байсан шүү дээ. Мөн одоо ирэх долдугаар сард АСЕМ-ийн хурал болно. Энэ үеэр цагдаагийн бүх албан хаагч бэлэн байдалд, олон хоног 24 цагаар ажиллана. Саяхан нэг цагдаагийн комиссартай уулзсан. Орон нутгаас нэлээд их хүчийг татаж байрлуулж таарах байх гэж хэлж байна лээ. 24 цагийн дэглэмд орж таарах байх. Энэ нь тэгээд нэлээд олон хоног үргэлжлэх юм байна. Гуравдугаарт нь, мөнгөний ханш унаж байна. Мөнгөний ханш унаж, төсвийн орлого буурч байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байх магадлалтай байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байна гэдэг бол гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарах үндсэн шалтгаан. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэдэг эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ л гэсэн үг. Тиймээс би 2016 онд цагдаагийн алба хаагчид амралтгүй, их ачаалалтай, гэр орноосоо хол хуарангийн байдлаар удаан хугацаагаар ажиллах нь гэж хэлээд байгаа юм. Ийм хүнд нөхцөлд удаан ажиллахаар алба хаагчид маань бачуу, сандруу, ууртай болно гэсэн үг. Ажил ингээд хүндрээд байхад алба хаагчдын эрхзүйн байдал нь шийдэхгүй удаж болмооргүй байна. Эрхзүйн байдлын хуулийг түргэн шийдэж өгөөсэй гээд санаа зовоод сууж байна.
-Цагдаа ажлаа хийхэд эрхзүйн орчин муу байгаагаас болоод ямар бэрхшээл гарч байна?
-Хамгийн наад зах нь гав, бороохойг яаж хэрэглэх юм. Одоогийн хуулиар гав, бороохой хэрэглэх тухай заалтууд бүгд хүчингүй болсон. Агсамжтай байна гэж заагаад байгаа. Агсамжийг яаж хэрэглэхийг нь оруулаагүй байна. Агсамж гэж юуг хэлж байгаа нь бас тодорхойгүй. Бороохойг хэлж байгаа юм уу, автомашин албадан зогсоох хэрэгслийг хэлж байгаа юм уу гэдгийг тодорхойлж хэлээгүй. Жишээлбэл, автомашиныг арзгар төмөр ашиглаж албадан зогсоодог. Ингээд зогсоочихсон байхад “Чамайг энийг хэрэглэ гэсэн хууль чинь хаана байна” гээд шүүхэдвэл цагдаа унахаар байна.
-Нийгмийн уур амьсгал өөрчлөгдөж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна гэж ярьж байна л даа. Энэ юутай холбоотой вэ?
-Нийгмийн уур амьсгал их өөр болсон гэж үнэн. Миний ажиллаж байсан үеэс нэлээд өөрчлөгдөөд байна. Гэмт хэрэг хийхгүй, цагдаагийн шаардлагыг биелүүлье гэсэн уур амьсгал байхгүй болоод зөрчье, эсэргүүцье, хэрэлдье, хувцсыг нь ураад хаяна гэсэн ийм уур амьсгал давамгайлж. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцдэг шаардлага хичнээн байгааг би судаллаа. Дүрэмт хувцсаа уруулдаг тохиолдол өдөрт гурваас доошгүй байна гэж байна. Миний үед дүрэмт хувцсанд хүрдэггүй байсан юм. Цагдаагийн дүрэмт хувцсыг урлаа гэвэл өдрийн од гараад ирсэн юм шиг, ямар танхай этгээд хаанахын харь гаригаас ирсэн хүн бэ гэдэг байлаа. Гэтэл одоо хоногт гурваас доошгүй гардаг болж. Хуц, нохой гэж хэрэлдэж, доромжлохыг бол тоохоо байсан гэж цагдаа нар ярьж байна. Энэ бол эрхзүйн байдлыг нь сайн бэхжүүлж өгөөгүйгээс үүдэлтэй гарч байгаа зүйл л дээ. Цагдаагийн ажилтнууд өнөөдрийн байдлаар их шантрамтгай байгаа нь миний санааг зовоож байна. Цагдаагийн алба хаагч шантрамтгай байж болохгүй. Хэрэгт орох вий, аюулгүй байдал, дотоод хяналтын албанаас намайг шалгаж байх вий, прокурор хүрээд ирэх вий дээ, сонин дээр намайг бичих вий гэсэн айдастай ажиллаж байна. Дээр үед би нэг хэлж байсан юм. Цагдаагийн алба хаагчид чинь ниймгийн амьдралын сүүдэртэй талд нь явдаг улсууд шүү дээ гэж. Үргэлж сүүдэртэй талд нь явдаг учраас сэтгэлзүйд нь нөлөөлдөг. Мэргэжлийн өвчин тусдаг байхгүй юу.
-Цагдаагийн алба хаагчдын хүрэлцээ муу байна. Иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмж гарч байгаа?
-Цагдаагийн ажилтнуудын хүрэлцээ их муу байна. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоол гэж байдаг юм байна. Төчнөөн хүнд нэг хэв журам зохицуулах цагдаа оногдоно гэсэн норматив байдаг. Манай норматив дэлхийн жишигтэй харьцуулбал нэг цагдаагийн албан хаагчид нэлээд өндөр ачаалал өгсөн норматив. Тэр жишгээс 3417 гаруй хүнээр дутуу байна. Өөрөөр хэлбэл, хүн хүч дутмаг байна. Үүнийг гүйцээх шаардлага байна. Төсөв байхгүй байгааг ойлгож байна. Орон тоог нь гүйцээж өгч чаддаггүй юм бол илүү цагаар ажиллахад нь бас дэмжээд өгмөөр байна. Олон хоног илүү цагаар ажилласных нь тал хоногийг нь ядаж ээлжийнх нь амралтан дээр нь нэмээд өгмөөр байна шүү дээ. Өнгөрсөн онд хүний эрхийн коммисын албан ёсоор тогтоосноор, цагдаагийн нэг албан хаагч жилд дунджаар 352 цаг илүү ажилласан байдаг. Би цагдааг хэвлэлээр муулах их дургүй хүн. Нэг зүйлийг хэлмээр санагдаад байна. Бид нарын үед цагдаагийн албан хаагчийг ажилд авах үзүүлэлтүүд гэж байсан. Энэ нь метр 70 см өндөртэй, 50 кг-аас доошгүй жинтэй, баруун гараараа туухайг төд өргөдөг гэсэн шалгуур байсан. Гэтэл одоо цагдаагийн тусгайд чинь над шиг амьтан гүйж явна шүү дээ. Энэ шаардлагадаа тохирсон хүнээ авч чадахгүй байна уу даа.
-Өнгөрсөн 2008 оны сонгуулиар гарсан шиг үймээн дэгдвэл цагдаа үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна гэдгийг сануулах гээд байна уу?
-Долдугаар сарын 1 шиг юм болбол төр хоёр юм бодох хэрэгтэй. Долдугаар сарын 1-нд гарсан тэр үймээн санаандгүйгээр тэр өдөр болсон юм биш. Бүр сарын өмнөөс бэлдэж, төлөвлөж байж хийсэн үймээн. Хүн болгон нэг лааз будагтай ирнэ шүү. Хэн явж чулуу ачиж ирэх юм гээд энэ бүгдийг удаан хугацаагаар төлөвлөсөн асуудал. Ингэж төлөвлөөд байхад төр дүлий юм шиг суусан. Одоо төр дүлий сууж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тэр үед цагдаад олон нийтэд үйлчлэх тусгай хэрэгсэл юу ч байхгүй байсан. Олон хүний урдаас барих ямар ч зэвсэггүй байсан. Ямар сайндаа гал командын машин аваачиж ус цацах гэж оролдож байхав. Тэр үеийг бодвол одоо тусгай хэрэгсэлтэй болоод байна. Эртнээс бэлдээд байхад таслан зогсоох урьдчилсан арга хэмжээ аваагүй учир энэ үймээнд төр буруутай шүү. Тэр дундаа тагнуул их том буруутай.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, цагдаагийн албан хаагчид сэтгэлзүйн хувьд 2008 оныхоос дор байна. Будлиан, шуугиан гарч магадгүй гээд эртхэн халагдах өргөдлөө өгч байна. Одоо Сонгуулиар том үймээн болбол цагдаагийн албан хаагчид явж өгөхгүй байх шүү. Яагаад гэвэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр цагдаагийн маш олон албан хаагч хохирсон. Толгой нь заадсаараа салсан байсныг мэдэхгүй, толгой өвдөөд гээд архи уугаад ажлаасаа халагдсан жишээ байна. Өрөөсөн нүдээ бүлт цохиулсан цагдаагийн албан хаагч бий. Энэ ажилтнуудынхаа эрх ашгийг бодоогүй, хохирлыг нь нөхөөгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд хэдэн хүнийг хэн буудсаныг ч тогтоогоогүй байна. Тогтоохоор хөөцөлдөхгүй байна. Цагдаагийн мөрдөж байсан хэргийг тэр дотор нь салгаад авчихсан. Та нар мөрдөж болохгүй, бид мөрдөнө гээд авсан. Гэтэл хэн буудсаныг тогтоогоогүй байна. Тогтоох сонирхолгүй байгаа гэж би бодож байна. Миний бодож байгаагаар, лав хоёр хүнийг цагдаагийн албан хаагч буудаагүй. Урт буугаар бууддаг цэцэн хүн буудсан байсан. Цагдаагийн албан хаагчдад тийм урт буу байхгүй. Тэрийг тогтоох сонирхолгүй байна. Тэгэхээр цагдаа яаж урагшаа явах юм. Сэтгэлзүйн бэлтгэл муу байгаа гэж хэлээд байгаагийн учир нь энэ.
-Цагдаагийн байгууллагад улс төрийн нөлөө их байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Таны үед улс төрийн нөлөө гэж юм байв уу?
-Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаад улс төрийн нөлөө ороод, тэр нь бүр дэндээд, одоо үүнээс цаашгүй гэдэг шиг юм болж байна. Цагдаагийн байгууллагыг янз бүрээр хувьчилж аваад дууссан. Хэдэн оноос ийм болчихсоныг мэдэхгүй. Ямар ч байсан 1996 он хүртэл, намууд, УИХ, Засгийн газар гээд бүгд цагдаагийн ажилд өчүүхэн ч оролцдоггүй байсан. Одоо бол тэр хүнийг заавал томил, үүнийг яавч томилж болохгүй гээд оролцоод байдаг. Эсвэл мөрдөж байгаа хэрэгт нөлөөлнө. Хүний нөөцийг үймүүлж хаялаа гээд яриад байвал их юм байна.
-Цагдаагийн албан хаагчийн цолны асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр хэлэх зүйл байна уу?
-Албан тушаалын цолыг авахгүй гэж их гэдийсэн хүн нь би л дээ. 1990 он гараад Монголын цолтой болгон албан тушаалын цолонд орсон. Би албан тушаалын цолонд орохгүй гэж цагдаагийн дарга байхдаа гүрийсээр байгаад 1993 оны албан тушаалын хуулийг хуучнаар нь батлуулсан юм. Тун бүдүүлгээр хэлбэл, социализмын үеийн хуулиар батлуулсан юм. Одоогийн нэг жишээ хэлэхэд, 10 жил ажилласан, ахмад цолтой эрүүгийн төлөөлөгч, сая төгсөөд ирсэн нэг жил ажиллаж байгаа ахмад цолтой албан хаагчтай зэрэгцэж сууцгаалаа. Одоо Монголын хүчний байгууллагаас цагдаа ганцаараа генерал цолгүй байгаа. Генерал цол бол нэг цагдаагийн газрын даргын цол биш. Тэр цагдаад ажиллаж байгаа олон мянган хүний цол байхгүй юу. Орчин үеийн цагдаа байгуулагдсан 90 гаруй жилийн түүхэнд анх удаа генерал цол авах эрхээ хасууллаа. Гэтэл хүчний байгууллага дотроос хамгийн их ачаалалтай ажилладаг нь цагдаа шүү дээ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа цагдааг өнөөгийн засгийн эрх барьж байгаа төрийн удирдлагад байгаа хүмүүс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын удирдлагад байгаа хүмүүс урд хойд гэрийн хүүхэд шигээ юм уу, өргөмөл хүүхэд шигээ харж байна. Төрсөн хүүхэд шигээ харахгүй байна. Бусад хүүхдийнхээ адил хардаг болмоор байна. Энэ хандлага илэрхий мэдэгдэж байсан. Сүүлийн үед жаахан гайгүй болж байна. Ялангуяа 2012-2013 оны үед цагдаагийн хуучин систем тогтолцоог эвдэх арга хэмжээ авсан. Одоо эвдэж гүйцсэн бол үүнийгээ эмхэлмээр байна. Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх алба, нийтийн хэв журам хамгаалах алба, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга нар нь туслах коммиссар цолтой, Авлигатай тэмцэх газрын жолооч нь туслах коммиссар цолтой. Ийм л байна шүү дээ. Бие бүрэлдэхүүний урам, хийморь гэж байдаг. Энэ бол жаахан юманд доошоо ордог. Жаахан юманд амархан босч ирдэг. Тийм учраас сэтгэл санааг нь сэргээж өгөх явдал чухал байна. Монголын цагдааг генералгүй болгосон нь Монголын цагдаагийн сүр сүлд, хийморь лундааг их дарсан. Цагдааг комиссор болгосноор зардал нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Хоёр генералтай байсан, одоо 20-иод коммиссартой болчихоод байж байна. Сүүлдээ ч генерал цол ч байхгүй, коммиссар цол нь ч нэр хүндгүй ийм л ирээдүй хүлээж байна уу даа.
URL: