“Хэрлэнгийн хурд-2016” бага насны морьдын уралдаан болно
“Хэрлэнгийн хурд-2016” даага, шүдлэн насны хурдан морьдын уралдаан ирэх тавдугаар сарын 14-нд болохоор товлогдлоо. Хэрлэн мөрний хөвөөнөө адуугаа маллаж, хүлэг морьдоо сойдог уяачид адууныхаа үүлдэр угсааг хурдны чиглэлээр сайжруулах, үржүүлгийн ажлыг үнэлэх, хурдан морины уралдааныг нутагтаа хөгжүүлэх зорилгоор энэхүү уралдааныг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиодог болсон. Анхны уралдаанд 23 даага тоосоо өргөснөөс Төв аймгийн Архуст сумын уяач Ш.Энхбатын хээр түрүүлж, Багануур дүүргийн алдарт уяач М.Батсайханы хүрэн халзан аман хүзүүдсэн бол айргийн гуравт Багануур дүүргийн харьяат, аймгийн алдарт уяач Ө.Пүрэвбаатарын халтар, дөрөвт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач П.Бямбацэрэнгийн зээрд халзан, тавд Улаанбаатар хотын уяач С.Сандагдоржийн хээр хурдалсан юм. Харин дараа жилээс нь уяачдын саналыг үндэслэн шүдлэн насыг нэмж уралдуулдаг болсон.
Дээрх уралдааныг энэ жилээс Төв аймгийн Баяндэлгэр сумын “Шувуун саарал” уяачдын холбоо зохион байгуулахаар боллоо. Хүлгээ уралдуулах уяачдын бүртгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл явуулах бөгөөд хүйс харгалзахгүйгээр уралдуулахаараа онцлогтой. Уяачид энэ сарын 31-ний хооронд бүртгүүлвэл 300, ирэх сарын 29-ний дотор бол 400, дөрөвдүгээр сарын 1-ний хооронд бүртгүүлвэл 500 мянган төгрөг төлөх гэнэ. Даага ес, шүдлэн 10 км-ээс уралдах ба түрүүлсэн хүлгийн эзэнд бүртгэлийн хураамжийн 50, аман хүзүүнд хурдлуулсан эзэнд 20, айргийн гурав, дөрөв, тавынхад 10, найм, долоон хувийг олгоно. Харин зургаагаас 10-т давхисан хүлгийн эзэнд таван хувийг нь гардуулах юм байна.
URL: