Машин “маллах”-ын зовлон

Хөл дүүжлэх унаатай болсон өдрөөс л өөрт хамгийн ойр, хөдлөх хөрөнгөдөө санаа зовох болдог.

Тос, тосолгоог нь шалгахаас авахуулаад хамгийн наад зах нь л машинаас бууж, суухдаа дугуйны хийг байнга анзаарах “ажилтай” боддог. Мэдээж миний өмнөөс энэ бүхэнд санаа тавьдаг засвар, үйлчилгээний газрууд нэг үеэ бодвол олширсон. Аргагүй юм даа. Тоймгүй олширсон шинэ, хуучин машинуудыг дагаж мөнгө олох боломж эргэлдэж байгааг таван төгрөг нааш цааш нь эргэлдүүлдэг гэж захын хүн тэнэг л биш бол мэдрэх цаг шүү дээ.

Манай улс хэдий бид автомашин үйлдвэрлэгч орон биш. Ганц боолт зорох үйлдвэр ч байхгүй улс. Гэхдээ томоохон хэрэглэгч байж чадаж байгаа. Ялангуяа насжилт нь дууссан, гал, усанд өртсөн хуучин машиныг шингээх томоохон талбар бол Монгол гэх. Тэглээ гээд муу нь юу байх вэ. Шинийг худалдаж авахад зарцуулах мөнгөө хэд дахин хэмнэж, ойр таарсан засварын газарт хандахад л “сэмбийлгэж” орхино.

Монголчууд юманд гаажтай л даа. Машин засахдаа хүртэл “монголчилно” гэдэг арга технологи нэвтрүүлчихсэн. Кузов буюу “Вьетнам засвар” арай дөнгүүр гэдэг шиг ямар ч машины агрегат эд, ангийг манайхан монголчилж чадна. Микро автобусанд “Эксель”-ийн мотор тааруулчихаад шугаманд хөөж гаргаад “Шумахердахад” өнөөх нь яах ч үгүй. Анхнаасаа хангуг үйлдвэрлэгч, зохион бүтээгчид нь ингэж сэтгээгүйг Долоон буудлаас “Нарантуул” зах хүртэл хүн зөөдөг жирийн нэг жолооч хоёр өдөр ноцолдоод л хийчихэж байгаа юм.

Янз бүрийн машины сэлбэгээр “өвгөн” Бенц маягийн машин бүтээгээд уначихсан монгол хүн ч байдаг. Хэдхэн жилийн өмнө мал маллаж, морин дэл дээр хийсч явдаг хоцрогдсон ард түмэн гэж хэлүүлдэг байснаа бодвол ч иймэрхүү байдлаар техник сэтгэлгээ сайжирч байгаа улс шүү. Гэхдээ үүндээ эрддэг ч юм уу, өөр аль улсад байхгүй их зан, бүдүүлэг харьцааг Монголын засвар, үйлчилгээний газруудаас л харж болно. Зам муутайг ч хэлэх үү, дугуй хагарах нь хамгийн элбэг тохиолддог эвдрэл.

Дээр үеийнх шиг жолооч нь өөрөө дугуйгаа тайлж нөхөөд, гар нацосоор суганыхаа булчирхайг цочтол хийлээд сууж байхгүй нь тодорхой болохоор “Дугуй засвар”-т л хандах хэрэг гарна. Яваад ороход үүднээсээ л таагүй орчин угтана. Үнэр танар, хог новш гээд авах юмгүй. Нарийн тоолбол ийм биш гэх газар нэг ч гарахгүй байх. Тэгээд дугуй задлах гэж мунгинахдаа овоо өндөр үнээр авсан гангарааны обудыг энд тэнд нь хэгзлээд хаячихна. Эсвэл хүрэл зэвсгийн үеийн гэмээр дуу чимээ ихтэй задлагч машинаараа дугуй язалчихна. Тэгээд хэнэг ч үгүй “Угаасаа дугуй чинь муудчихсан байж. Түүнээс биш энэ автомат задлагч бол шинээрээ эд” гэж өөрөөсөө гэмээ холдуулна.

Энэ тохиолдолд жолооч л хохироод гарч байгаа юм. Үйлчилгээний соёл энэ тэр гэсэн “агаарын” юм яривал байдал бүр ч дээрдэхгүй. Харин ч өөдөөс уурлаад бөөн асуудал үүсгэж, үйлчлүүлэх гэсэн мань жолооч эцэст нь буруутан болж мэднэ. Цаашилбал машинтай хүн болгон шахам цөөхөндөө гэхэд л жилдээ нэг удаа явах эд ангийнхаа аль нэгийг шинээр солиулах болдог.

Жийргэвч муудахаас эхлээд амортизатор, таван бул, саран гар, өндгөн тулгуур бол манай замд хамгийн их тэсдэггүй нь шүү дээ. Энэ бүхнийг одоо өөрөө хийчихдэг хүн ховор болсон. Ялангуяа техникийн дэвшил ямар түвшинд хүрсэн хорвоо билээ. Машины загвар олшрохын хэрээр урьд нь харж байгаагүй төрөл бүрийн сэлбэг, толгой эргүүлсэн олон боолтонд л “дээрэлхүүлж” орхино.

Ингээд л агрегат засварын газарт хандахаас өөр аргагүй болдог. Нийтлэг дүр зураг нь бас л “Дугуй засвар”-уудаас нэг их дээрдэхгүй. Хамгийн эхлээд “Юу, юу солих хэрэгтэйг оношилж байж мэднэ. Алив бууж бай” гээд машинаас хөөх нь холгүй буулгачихна. Ингээд хир, тосонд гялайсан аймар хувцастайгаа хэнэг ч үгүй суудал эзэлж уур хүргэнэ. Тэр суудал цэвэрхэн байна уу, үнэтэй байна уу засварчинд огтхон ч сонин биш. Хийх ёстойгоо л хийж байна гэж ойлгодог байх. Үйлчлүүлэгчээ татах соёл, харьцааны наад захын хэм хэмжүүр энд бас л байхгүй.

Манай нэг танил саяхан “Таван шар”-ын автобусны буудлын хажуугийн “Авто засвар”-т машинаа янзлуулж л дээ. Нэг сэлбэг солиулаад, дараа нь тэнхлэг тохиргоо хийлгэсэн байгаа юм. Дуусдагийн даваан дээр нэгэнт ийм газарт оруулсных өргөгчинд гаргаж байгаад машиныхаа доод ангийг үзүүлчихье гэж бодож л дээ. Энэ учир явдлаа засварчин залууд хэлж арайхийн зөвшөөрүүлсэн байна.

Ингээд өргөгчөөр өргөөд “үнэгүй” яг сайхан үзүүлж байтал цахилгаан тасарчихаж. Удахгүй ирэх байх гээд л хүлээгээд байж. Ажил тарах цаг дөхсөнийг ч хэлэх үү, удалгүй тэр газрын засварчид нь “Явмаар байна. Яршиг удаж энэ сэгээ яах гэж өргүүлсэн юм” гэлцэж мань хүн рүү агсарч гарсан байна. Хэдхэн цагийн өмнө хоёр зуу шахам мянган төгрөгөөр эндээс сэлбэг авч, өөрсдөд нь орлого оруулсан “хаан” үйлчлүүлэгч болсон танил маань эцэст нь хэн ч биш болж хувирсан байна.

Цахилгаан ирэхийг гурван цаг гаруй хүлээгээд аргаа барахдаа машинаа тэнд нь үлдээж, маргааш авахаар тохироод таксигаар гэртээ харьсан гэсэн. Танил маань болохоор “Хүссэн юм хүзүүгээр…” гэдэг шиг өөрөө эхэлж гуйсан, гай таарч бусдад ч тэр нь нэрмээс болсон болохоор дэмий л өөрийгөө буруутгаж байсан. Уг нь засвар, техникийн үйлчилгээ үзүүлдэг газар л юм бол өргөгчөө буулгаж хүчрэхүйц цахилгааны нэмэлт үүсгүүр ядаж байх л ёстой шүү дээ. Гэвч засварчин бол “хаан”гэсэн жишиг дээрх тохиолдолд бас л давтагдсан байгаа юм. Ганц энэ ч биш. Миний мэдэхгүй иймэрхүү жишээ олон байдаг байх.

Хаанаас ч тос, тосолгооны материал худалдаж авсан, тэнд нь үнэгүй солиулдаг. Гэтэл сүүлийн үед аль ч засварын газрын засварчид хямдхан тос өөрөөсөө авахыг сэм санал болгодог болсон байна билээ. Яахав, авч байгаа хүндээ таван төгрөгийн хямд болохоор ашигтай л даа. Харин засварын газрын эздэд бол тэд гай л тарьж байгаа юм. Манайдаа л нэр хүндтэйд тооцогддог нэгэн засварын газрын засварчин эр хэнэг ч үгүй “Та хропны тос солиулах гэж байгаа бол таван литрийг дотор байгаа дэлгүүрээс авч хийх ёстой. Харин угаах найман литр тосоо надаас хямдхан авна биз. Энд камер байгаа болохоор гадаа гараад надтай тооцоогоо хийгээрэй” гэж байгаа юм.

Авто засварын газруудын бухимдал төрүүлдэг бас нэг зүйл бол засварчдынх нь гаднах төрх, хувцаслалт. “Би л тос, маслотай хутгалддаг хүн” гэдэг хэнэггүй байдал үүн дээр нэмэгдэхээр хүрсэн, ойртсон бүхнээ завааруулж орхино. Машины урд хамрыг сөхөж, мотор үзэх хоорондоо л хамаг юм халтартуулж орхино. Угаалгасан машинтай бол засварын газар руу шагайх ч хэрэггүй.

Ялангуяа “Вьетнам засвар” бол их, бага ямар ч засвартай байсан, хэд хонуулахаас үл хамаараад ямар ч машиныг гадна, доторгүй тоосонд даруулдаг газар. Мөргүүлж, шүргүүлснээс болж учирсан гэмтэл, эвдрэлээ шинэ юм шиг янзлуулсан үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байлаа ч машиных нь дотор талыг тоосонд даруулчихсанд цаанаа бол дурамжхан л гардаг. Сэтгэл ханамж гээчийг эндээс мэдрэх нь ховор гэсэн үг. Машин угаалгынхан гэж бас бидний хэрэгцээ, шаардлагаас хол хоцорсон газрууд байна. Машин угаагч гэх нөхөр машины хөгжмийг эзнээс нь зөвшөөрөл авахгүйгээр дураараа асааж, эцэст нь хүртэл чангалчихаад ажил хийх тав тухаа хангах энүүхэнд. Угаах биш халтартуулах нь ч нийтлэг.

Солонгос, Японд бол ийм газрын үүдэнд машинаа хүргэж өгөөд л жолооч өөрөө бол өндөр зэрэглэлийн зочид буудлынх шиг өрөөнд ороод л интернэт ашигласан шиг ажлаа ч хийж болдог. Үүнийг алс хэтдээ хэрэгжих зүйл гэж бодоход машины дотор талд цэвэрлэгээ хийхдээ нүд хариулж байгаад дэл сул юм туучихаас сийхгүй хүн ажилд авахгүй байх талаар ярьсан нь манай нөхцөлд арай ойр тусах сэдэв байх.

Авгай, хүүхдээ ажил сургуульд нь зөөх гэж арай ядан нэг машинтай болсон нэгэн байхад ан ав эргүүлэх төдийхөнд хэрэглэх гэж л олон саяар жийп худалдаж авсан бийлэгжүү нь ч байдаг. Машин том, жижгээсээ үл хамааран хүний өдөр тутмын хэрэглээ болсон ийм үед түүнд хэрэгтэй бүхий л засвар, үйлчилгээ үзүүлдэг газрууд ингэж л бидэнд хандаж байна. Ингэлээ гээд үйлчилгээ муу гэж голоод машиныхаа тосыг солиулах, дугуй хагарах төдийхөнд өөр орон руу давхиж байлтай нь биш, яалтай ч билээ.

Н.Мөнхтөвшин


URL:

Сэтгэгдэл бичих