Монголбанк анхааруулсан ч Засгийн газар зүтгүүлж байна
Манай улсын эдийн засаг өнөө жил их л өнгөлөг, үзүүлэлтүүд нь голдуу өсөлттэй, олох ашиг ч арвинтай байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл шат ахисан, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наяд төгрөгт хүрсэн, эдийн засгийн өсөлт урьд хожид байгаагүйгээрээ нэмэгдэж 14.3 хувьтай байх төлөвтэй гээд чимэгтэй мэдээ хөвөрч буй. Эхний хагас жилийн байдлаар л гэхэд улсын мөнгөний “авдарт” төлөвлөснөөс илүү 500 гаруй тэрбум төгрөгийн орлого оржээ. Металлын ханш унахгүй байвал оны эцэс гэхэд энэ тоо нэлээд өсөх нь мэдээж. Энэ нэмэлт орлогоо хадгалах, төсвийн алдагдлаа хаах, өр зээлээ төлөх, эсвэл ирэх жилийн төсөвтөө шингээхийн алинд ч зарцуулахгүй гэнэ. Харин Засгийн газар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын ханш өндөр байгаа таатай боломжийн үр шимээр орж ирж байгаа энэхүү орлогыг хөрөнгө оруулалт, урсгал зардалд зарцуулна гэж шийдэн төсөвт тодотгол хийхээр төсөл боловсруулснаа энэ сарын 16-нд албан ёсоор зарласан юм. Гэвч энэ шийдвэрийг эдийн засагчид, олон улсын байгууллагын шинжээчид хэтийг хараагүй, гадаад зах зээлийн байдлыг тооцоогүй хэмээн шүүмжилж эдийн засгийн халалтыг улам дэвэргэж инфляцийг хөөрөгдөнө хэмээн сануулж байна. Мэргэжлийн хүмүүсийн сануулга хэр үнэний хувьтайг тодруулахаар мэдээ сэлтийг шүүрдэж, тоо баримт нягталж үзсэн юм.
Төсөвт тодотгол хийх сургаар УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө тусгуулах гээд Сангийн сайдыг “тойгдож” эхэлсэн байна. Зарим нь ч энэ мөнгийг суулгавал огцруулах бичиг өргөх байтугай харин ч дэмжиж ажиллана шүү хэмээн тал засч яваа сурагтай. Сонгууль дөхөхөөр улс төрчид тойрогтоо их ажил хийсэн нэр зүүх, түүгээрээ пиардах гэж улайрдаг нь гэм биш зан болоод буй. Энэ их амбицтай үед 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Тиймээс ч эдийн засагч, судлаачид сонгуульд зэхсэн төсвийн тодотгол гэж нэрийдэх нь ч аргагүй биз.
Төсвийн тодотголын төслийг үзэхэд зөвхөн урсгал зардлыг 151 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнийг зам, гүүр барихад зарахгүй, төрийн нүсэр аппаратын зардалд цацаж байгаа хэрэг. Тэгээд ч хоёрхон сарын дараа ирэх оны төсвийг батлах гэж байхад шүү дээ. Утааг багасгах зэрэг тулгамдсан асуудалд, мөн бүтээн байгуулалтад зарцуулахаар байсан юм бол хавар яагаад төсвөө тодотгоогүй нь гайхалтай. Ерөнхийлөгч утааны мөнгийг шийдээд өгөөч гэж цагаан сарын дараахнаас сануулж, утаатай өвөл биш зун, хавар тэмцдэг юм гээд байхад төсөвт тодотгол хийх сураг ч дуулдахгүй байсан даг.
Гэтэл аравдугаар сард төсвийн хуульдаа өөрчлөлт оруулах юм гэнэ. Энэ үед цаг агаар сэрүүсч, утааны үе эхэлж, зам, барилгын ажил зогсох тийшээгээ ордог шүү дээ. Эдийн засагч Д.Жаргалсайхан “Зэс, нүүрсний үнэ өссөн болохоор л ивээж байна. Тогтворжуулалтын сандаа зэс, нүүрсний үнийн зөрүүгээс орох мөнгийг хадгалах ёстой юм. Гэтэл улстөрчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа зарим заалтыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ гэж заасан. Сонгууль дуустал дураараа цацаж байх гэж л хугацааг нь хойш татсан хэрэг. Олж байгаа мөнгөө хадгалж хуримтлал үүсгэхгүй төсөвтөө тодотгол хийгээд үрэн таран хийх гэж байгаа учир манай улсын эдийн засаг хамгаалалт алга. Хямрал болоход хүнд байдалд орно” гэж тайлбарласан байна лээ. Энэ нь бас бодууштай үг шүү. Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал, ноён Стивэн Барнэтт ч хөтөлбөрөө хэрэгжүүлээд нутаг буцахынхаа өмнө хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн байдал ээдрээтэй байна. Зэс, алт, нүүрсний үнэ огцом унавал Монголын дотооддоо тогтворгүй байгаа эдийн засаг улам хүндэрнэ. Тиймээс инфляц нэмэгдэхээс сэргийлж, төсвийн зарлагыг хязгаарлах, мөнгөний бодлогыг хатууруулах нь хэрэгтэй. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй бол танай улсын төсөв ашигтай гарна. Тодорхой хэмжээний эх үүсвэр бүрдэж 2012 он руу орно гэсэн үг” гэж нөхөрсөг зөвлөгөө өгч байлаа.
Мөн манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа ч анхаарууштай зүйл бишгүй байна. Улсын мөнгөний бодлогыг барьж байгаа Монголбанк ч төсвийн зарлага хэтийдэх тусам инфляци өсч, хяналтаас гарч мэднэ гэж анхааруулга өгөөд байгаа. Энэ бол тоохгүй орхиж боломгүй том сануулга. Инфляци хөөрөгдвөл төгрөг чихрийн цаас шиг үнэгүй шахам болж иргэдийн авч байгаа цалин хөлс юунд ч хүрэхгүй хэцүүдэж, улсын эдийн засгийн хамаг өнгөтэй өөдтэйг нь хамаад залгина шүү дээ. Түүгээр ч зогсохгүй манай улсын өр талийж өгчээ. Хоёр их наяд төгрөг давж дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 гаруй хувьтай тэнцээд байгаа юм байна. Улс орнууд гадаад өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ арван хувиас илүү хэтрүүлж болохгүй гэж сэрэмжилдэг аж. Саяхан АНУ-д асуудал үүсч, Барак Обамагийн үед гадаад өр хэтийдлээ, арга хэмжээ ав гээд сануулга өгөөд сүйд болж байна. Гэтэл манай улс ахиухан ашиг олж байгаа үедээ өр төлбөрөөсөө хугаслахын оронд тарааж цацаад байхыг илүүд үзэж байна. Мөн манай улсын төсөв үзүүлэлтээрээ тааруухан үнэлгээ авчээ. Учир нь төсвийн алдагдал 9.6 хувьд хүрсэн байна. Алт, зэс, нүүрсний ханш өндөр байгаагийн буянаар энэ жил нэлээд их мөнгө орж байгаа юм. Үүгээр төсвийнхөө алдагдлыг хаавал харин ч төсөв ашигтай гарахаар байв. Гэвч гүйцэтгэх засаглал ийм алхам хийхгүй байхаар шийджээ. Оюу толгой, Таван толгойг ашиглаад ирэхээр мөнгөөр “бороо” орно, тэр үед өр ширээ ч дараад, төсвөө ч алдагдалгүй батална гэж тооцож байж болох юм. Гэвч дэлхийн эдийн засаг хямарч мэдэх таагүй дүр зураг эхнээсээ ашиглагдаж эхэллээ. АНУ-ын зээлийн зэрэглэл буурсан нь дэлхий дахинд шуугиан дэгдээгээд байна. Саяхан дэлхийн томоохон үнэлгээний компаниудын нэг “Standard and Poor\’s” агентлаг АНУ-ын “ААА” байсан зээлжих зэрэглэлийг “АА+” болгон бууруулсан нь зах зээл дээр бужигнаан үүсгэв. АНУ, Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлт хэт удаашралтай байгаа нь улам даамжирч хямралт байдалд эргээд орж болзошгүйг шинжээчид тэмдэглэх болов.
Итали Улсын Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө ирэх гурван жилд төсвийн зардлаа 45 тэрбум еврогоор хэмнэх хөтөлбөр баталсан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зеллик “Дэлхийн эдийн засаг аюулын шинэ бүсэд нэвтэрлээ. Олон улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сар тутам сөрөг гарч байгаа. Европ, АНУ өрийн асуудлаа хурдан шийдэхгүй бол таваарын зах зээл дэх ханшийн савлагаа хэтийдэж, хүнсний бүтээгдэхүүний өндөр үнэ эмзэг давхаргын хүмүүст хүндхэн тусна” гэж дуулиант мэдэгдэл хийв. Тэрбээр дэлхийн гүрнүүд эдийн засгийн чадавхиа хэрхэн сайжруулах талаарх Дэлхийн банкны судалгааны багийг ахалж байгаа юм билээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан “АНУ эдийн засгийн хямралын өмнө ирээд байна” гэж сануулсан бол ОУВС-ийн тэргүүн “Евро бүсийн санхүүгийн хямрал дэлхий нийтэд халдварлах аюултай байна” гэж анхааруулжээ.
Мөн түүнчлэн 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш анх удаа Азийн хөрөнгийн биржүүд ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байна. Грек, Италиас эхтэй эдийн засгийн хямрал, Америкийн эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд уруудаж буйгаас болж Азийн биржийн индекс огцом буурах болов. Гэхдээ ажиглагчид энэ нь түр зуурынх гэж тайлбарлаж байгаа ч байдал сайжрахгүй байна. Америкийн эдийн засаг доргиод эхлэхээр түүнтэй амин судсаар холбоотой Өмнөд Солонгос, Японы эдийн засаг даган савлаж байгаагийн илрэл нь Японы Nikkei, Өмнөд Солонгосын Kospi зэрэг компанийн хувьцааны үнэ унаж байна. Харин Хятад болон Энэтхэгийн эдийн засаг тогтвортой төдийгүй эрчимтэй урагшилсаар байгаа. Энэ нь манай улсад таатай боломжийг бүрдүүлж мэднэ. Гэхдээ л бэлтгэлтэй байж, хямрал болоход мөнгө зээлүүлээч гэж бадар барьж гуйлга гуйхгүйн тулд ахиухан ашиг олж байгаа үедээ хуримтлалтай болох нь чухал билээ. Байдал хэцүүдсэн үед аваад хэрэглэх мөнгөний хуримтлалгүй улс ямар хүнд байдгийг монголчууд бид мэдэрсэн шүү дээ. 2008 оны хямрал болохоос өмнө мөн ч цамаан загнаж байсан. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өсч орлого ч суга нэмэгдэн хоёр жил дараалан шахуу төсөв ашигтай гарч байв. Тэр үед халамж нэрээр тараагаад, төсвийн зарлагыг хэд дахин өсгөөд, дарга даамлуудын гадаад томилолт ч замбараагаа алдсан даа. Гэтэл АНУ-аас эхтэй дэлхийн эдийн засгийн хямралын сүүдэр манай улсыг дайрч, зэсийн үнэ навс унаад, сайд дарга нар гадаадаас мөнгө зээлэх эрэлд гарч байлаа. Тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр 1.5 тэрбум ам.долларыг гадаад зах зээл дээрээс олно гэж мэдэгдэж байв. Олон улсын валютын санд санал тавьж тусгай болзлыг чинь биелүүлье гэж 140 сая ам.долларын санхүүжилттэй “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Энэ байгууллага гадаадаас 200 сая ам.доллараас илүү мөнгө зээлж болохгүй шүү гэж хатуу болзол тулгасныг үг дуугүй дагаж байв. Дэлхийн банкны Проспект группийн захирал Ханз Тимер ч “2008 оноос эхэлсэн санхүү эдийн засгийн хямралын үед үнэт металлын үнэ ханш эрс доошилсон нь ганц Монгол Улс төдийгүй Чили, Зимбабве гэхчилэн олон орны эдийн засагт сөргөөр нөлөөллөө” гэж мэдэгдэж байсныг бодлого тодорхойлогчид, гүйцэтгэх засаглалынхан мартаагүй баймаар. 2007 онд эдийн засгийн өсөлт 10.2, 2008 онд 8.9 хувьтай болж Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирлээ гэж хөөрцөглөж байсан юм. Гэтэл хямрал нүүрлэсэн 2009 онд нөгөө эдийн засгийн гайхалтай өсөлт хэмх доошоогоо унаж бүр хасах 1.6 хувьд хүрч шоконд оруулж, бүсээ чангалахаас аргагүй болсныг ард иргэддээ мэдэгдэхээс аргагүй байдалд хүргэж байлаа. Түүний дараагаас эргээд алт, зэс, нүүрсний үнэ өссөний ачаар манай улсын эдийн засаг сэргэж энэ жил л гэхэд эдийн засгийн өсөлт огцом дээшлэх төлөвтэй байгаа. Гэвч дахиад нөгөө гайтай хямрал айсуй юм биш биз дээ.
Д.ДОРЖПАГМА
udriin sonin
URL: