Ч.Сайханбилэгийг огцруулах 7 шалтгаан
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг өргөн бариад 7 хонож байна. Ч.Сайханбилэгийг огцруулах олон шалтгаан бий. Олноос онцолж 7 нэрлэж байна.
- АРД ТҮМНИЙГ ХУУРСАН: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон АН ард түмнийг хуурч, сэтгэл зүйгээр нь тоглож сэтгэл санааны ихээхэн хохирол учруулж байна. Тухайлбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгд, “1 тэрбум ам.долларын мах гаргана” гэж малчдыг хуураад одоо болтол амласандаа хүрээгүй. Хоёрт, хүүхдийн мөнгийг зогсоож, 297 мянган хүүхдийг судалгаанд огт хамруулаагүй. Монголын нийт хүүхдийн 60 хувьд хүрэх мөнгийг батлуулсан. Олон нийтийг бухимдуулж, ард түмний олон хэсэг давхарагад хуваан ангилж, баян, ядуугаар нь талцуулсан. Гуравдугаарт, зүгээр явж байсан 8 хувийн зээлийг зогсоож, 5 хувь болгох амлалтыг өгүүлсэн. Одоо 5 хувь болгож чадаагүй байна. Энэ мэтээр ард түмний сэтгэл зүйгээр тоглож, “айлгах” арга барилаар ажиллаж байгаа нь нийгмийг айдаст автуулж байна.
- ОЮУТОЛГОЙГООС ХҮРТЭХ АШГИЙГ ХОЙШЛУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:05.18 өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсад очин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэгчид УИХ-аас чиглэл авалгүй дур мэдэн гарын үсэг зуруулж, улс оронд ихээхэн хохиролтой гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр өмнө байгуулсан Оюутолгойн гэрээний үндэс болсон ТЭЗҮ-г дур мэдэн өөрчилсөн. Ингэснээр Оюутолгойгоос Монголын талын хүртэх үр өгөөжийг шууд бууруулсан. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 5 тэрбум ам.доллар байсныг 7.1 тэрбум ам.доллар болгож өсгөсөн. Маргаантай асуудлаар шүүх, арбитрт хандах боломж, эрхүүдийг хаасан. Оюутолгойн зардлын зүй бус хэтрэлт 2.0 тэрбум ам.доллар байсныг хүчингүй болгосон. Ийм хэмжээний хохирлыг зөвхөн татвараас Монгол Улс хүлээсэн. Оюутолгойг бүхэлд нь барьцаанд тавьсан. Манай талд ногдох үр өгөөж ашиг, ирээдүйд хүртэх бүхэн, лиценз зөвшөөрлийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Хэрэв Оюутолгой зээлээ төлж чадахгүй бол монголын талын хүртэх хувь хэмжээ бүхэлдээ барьцаанд алдагдана. Монгол Улс 2019 оноос эхлэн ногдол ашиг хүртэх байсныг 2033 он болгож хойшлуулсан нь “газрын баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, эх орноо эрсдэлд оруулсан.
- ЭДИЙН ЗАСАГ, ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ГАРЧ ИРЭЭД ЭДИЙН ЗАСГАА СҮЙРҮҮЛСЭН: 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг Н.Алтанхуяг 7.8 болгож унагасан. Харин Ч.Сайханбилэг 7.8 хувиас 2.3 хувь болгож нураав. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 оноос 4 дахин буурсан. Экспортын хэмжээ сүүлийн нэг жилд 19 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллараар буурсан. Харин импорт 27.5 хувиар буюу 1.4 тэрбум ам.доллараар багасав. Банк санхүүгийн систем эрсдэлд орж хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 3,2 дахин, чанаргүй зээлийн хэмжээ 32 хувиар өсөв. Валютын ханш 2014 онд 1883 төгрөг байсан бол одоо 2012 төгрөг болж өсөв. 2015 оны төсөвт 2 удаа, дунд хугацаны төсвийн хүрээний мэдэгдэлд 3 удаа тодотгол хийлээ. Сар гаруйн өмнө тодотгосон төсвийн орлого 100 тэрбум төгрөгөөр тасрав. Газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, төсөв санхүү, барилга, гадаад харилцаа, нийгмийн хамгааллын салбар бүхэлдээ эрсдэлд оров.
- ӨР ЗЭЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН: Гадаадад айлчлахдаа зөвхөн өр, зээл л ярьсан. Энэтхэгээс 1 тэрбум ам.долларын зээл, АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын зээл, БНХАУ-аас 1 тэрбум ам долларын зээл авахаар ярьсан. Одоо 840 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна. Тэгээд “өр, зээл авах гэж байхад Засгийн газрыг огцруулах гэж байна” гэсэн мэдэгдэлийг сайдуудаараа хийлгэж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх хугацаанд Монгол Улс өрийн хэмжээгээрээ дэлхийд 2-рт бичигдэж хамгийн эрсдэлтэй орноор зарлагдсан. Сүүлийн 1 жилд Монголбанк Хятадын Ардын банктай 630 гаруй сая ам.долларын юаны своп хэлэлцээ хийсэн. Монголбанкны гадаад өр сүүлийн 4 жилд 8 дахин нэмэгдсэн.
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХАЛЖ, ЦАЛИНГ 10 ХУВИАР ХАСУУЛСАН: Эдийн засгийн буруу бодлого явуулсны үр дүнд 1000 гаруй төрийн албан хаагчдыг халуулсан. Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар хасах төсвийг боловсруулж батлуулсан. Мөн нийт оюутны 70 орчим хувь нь оюутны 70.000 төгрөгөө авч чадахаа байв.
- ГЭМТ ХЭРЭГ ОГЦОМ ӨССӨН: Ард түмний амьдралд ядуурсантай холбогдон гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж байна. Банкууд дээрэмдэх, ахмадуудыг дээрэмдэх хэрэг өсөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 27.757 хүрч өслөө.
- ТАТВАР НЭМСЭН: Хөрөнгийн албан татварын тухай хуулиар бууны, малын хөлийн, автомашины, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Нийслэлийн албан татварын тухай хуулиар архи, тамхи, зочид буудал, бар, ресторанаар үйлчлүүлсэн бол 1.0 хувийн татвар төлдөг болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар торгуулийн хэмжээ 9600 төгрөг байсныг 768.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Цахилгааны суурь хураамжийг 2 дахин нэмэгдүүлсэн. Мөн цахилгааны үнийг 20.8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмсэн. Төсвийн алдагдалаа нөхөхийн тулд шатахууны онцгой албан татварын дээд хязгаарыг 3 дахин нэмсэнээс болоод шатахууны үнэ огцом буурахгүй байдалд хүрэв. Эрүүгийн хуулиар аж ахуйн нэгжүүдийг 13 тэрбум 200 сая төгрөгөөр торгох саналыг УИХ-д оруулж ирсэн. Ард түмний нурууг бөгтийлгөж албан тушаалтнуудын нурууг тэнийлгэх шийдвэрүүд гаргаж байна.
Энэ долоо Ч.Сайханбилэгийг огцруулах хангалттай үндэслэл болно. Хэрэв түүнийг огцруулахгүй гэж үзвэл улс орны нөхцөл байдал үлдсэн хугацаанд 2 дахин дордохоор байна. Тиймээс Ч.Сайханбилэгийг хамгаалж одоогийн нөхцөл байдал, ахуй амьдралаа 2 дахин дордуулмаар байна уу? Эсвэл түүнийг огцруулж одоогийн байдлаа сайжруулахын төлөө ажилламаар байна уу? Сонголт хийх цаг ирлээ!
Г.Бат
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ogtsoroh heregtei
MANgaruudiin mangar munhaglal