С.Бямбацогт: Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд 25-30 их наяд төгрөг шаардлагатай

Өнгөрсөн онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь нам, эвслийн бүлгийн гурван даргаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тухай тогтоолын төслийг боловсруулан өргөн бариад байсан юм. Тэгвэл өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд 2016-2030 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн бодлогын үндсэн чиглэл, стратегийг тодорхой болгожээ. Мөн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлснээр гарах үр дүнг тусгайлан зааж өгсөн байна. Тухайлбал, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 17500 ам.долларт хүрнэ, бизнес эрхлэлт болон хүний хөгжлийн индексээр дэлхийд эхний 40-д багтах, нийт хүн амын 80-аас илүү хувь нь чинээлэг дундаж давхаргын ангилалд багтах болон эдийн засгийн жилийн өсөлтийн дундаж 6.6 хувиас буурахгүй байх зэрэг үзүүлэлтийг багтаажээ.
Манай  улс уг нь хөгжлийн бод­логын баримт бичигтэй юм. Өмнө нь найман удаа ийм бодлогын баримт бичгийг баталж байжээ. Гэвч хангалттай хэрэгжиж байгаагүй нь хэрэгжүүлэх арга, механизм санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгаагүйтэй холбоотой гэх. Мөн сонгуулиас сонгуульд нам, эвслүүд өөр өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж, нэгдсэн нэг бодлогогүй байсан нь хөгжлийн бодлогын үндсийг алдагдуулсан гэж УИХ-ын зарим гишүүн хэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүд ажлын хэсгийнхнээс дараахь асуултуудад хариулт авлаа.
Д.Сарангэрэл: -Энэ тогтоолын төсөлд хувь хүний оюун санааны хөгжлийн асуудлаар ямар заалт тусгасан байгаа вэ. Мөн нийгмийн толь болсон хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд анхаарсан ямар зохицуулалтууд байгаа вэ.
С.Бямбацогт: -Бодлогын бичиг баримтад хувь хүнийг хөгжүү­лэх, хамгаалах чиглэлд тодорхой зохицуулалтыг тусгасан. Ялангуяа зөв монгол хүнийг бий болгох асуудалд ихээхэн анхаарал  хандуулсан. Бодлогын баримт бичигт мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх, ур чадвар бүхий иргэдийг төлөвшүүлэх гэсэн багц зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын асуудал, тогтвортой хөгжлийг хангах дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, насан туршийн боловсролыг дэмжих гэх мэт зорилтуудыг оруулж өгсөн. Энэ хүрээнд хийх ажлуудаа он цагийн дарааллаар ангилж өгсөн байгаа. Хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн талаар ерөнхий зорилтуудад нь тусгаж өгсөн. Түүнээс нарийвчилж бүх зүйлийг оруулж өгөх тал дээр боломжгүй гэж ажлын хэсэг дээр хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал дээр суурилан гарах дунд хугацааны болон салбарын бодлогын бичиг баримтууд дээр тусгагдаад явах боломжтой.
Д.Лүндээжанцан: -Хөгж­лийн бодлогын үзэл баримтлалыг боловсруулахдаа ямар прогноз, аргачлал ашигласан бэ. Эдийн засгийн өсөлтийг 6.6 хувиас багагүй байна гэж заасан байна. Энэ тоог хэрхэн, яаж гаргасан бэ.
С.Бямбацогт: -2011 онд МАН-аас “Ард түмний хөгжил 2031” гэсэн урт хугацааны бодлогын бичиг баримтыг баталж байсан. 2011 он бол эдийн засгийн таатай нөхцөл байдалтай байсан цаг үе. Тухайн үед тооцоо, судалгаа хийж байхад 2030 он гэхэд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ дунджаар 50 орчим  мянган ам.долларт хүрэх боломжтой юм байна гэсэн дүн гарч байсан. Энэ бол маш өөдрөг тооцоолол. Тооцооллыг хийхдээ олон улсад хэрэглэдэг “Т21” гэсэн загварыг ашиглаж хийж байсан. Одоо хэлэлцэж байгаа хөгжлийн бодлогын баримт бичгийг ч мөн энэ загвараар дэд ажлын хэсэг болон Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд  хийсэн юм. Улмаар энэ тооцоолол дээрээ тулгуурлаж эдийн засгийн дундаж өсөлтийг 2030 он хүртэл дунджаар 6.6 хувьтай байх юм байна гэсэн дүн гаргасан. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал өмнөх шигээ биш байгаа гэдгийг мэдэж байгаа байх. Мөн нэг хүнд ногдох ДНБ дунджаар 2030 гэхэд 17500 ам.долларт хүрнэ гэж тооцсон.
Л.Энх-Амгалан: -Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үе шатыг гурав ангилсан байна. Он цагаар нь ангилсан энэхүү гурван үе шатыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн буюу санхүүгийн ямар эх үүсвэр шаардагдах вэ. Тооцоо судалгаа хийсэн үү. Эдийн засгийн өсөлтийн хувьд ойрын хэдэн жилдээ 6.6 хувьд хүрэхгүй байх. Мөн засаглалын чадавхи бидэнд байгаа юу.
С.Бямбацогт: -Санхүүгийн эх үүсвэрийг гурван үе шатаар тооцсон байгаа. Урьдчилсан байдлаар тооцоод үзэхэд 2030 он хүртэл буюу урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 25-30 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ эх үүсвэрийг мэдээж бүгдийг нь улсын төсвөөс санхүүжүүлэх боломж байхгүй. Тэгэхээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж зэрэг бүхий л эх үүсвэрийг ашиглаж байж одоо тайлбарлаад байгаа зорилтдоо хүрнэ. Ойрын хэдэн  жилд эдийн засгийн өсөлт 6.6 хувь хүрэхгүй гэдэгтэй санал нэг байна.  6.6 хувь гэсэн тоог 15 жилийн дунджаар тооцож гаргаж ирсэн юм. Бид нэг зорилгоор, зөв бодлоготой явж чадвал дунд болон урт хугацаандаа эдийн засаг 10-аас илүү хувиар өсөх ч боломж бий. Мөн засаглалын асуудал ярьж байна. Тогтворгүй Засгийн газар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлээд явна гэдэг нь учир дутагдалтай. Алдаагаа бид ойлгосон. 2004-2012 оныг авч үзэхэд АН, МАН гэсэн  хоёр  улс төрийн  хүчин хамтарсан  цаг хугацаандаа зөвшилцөж маш их бүтээн байгуулалт, ажил хийж байсан юм билээ. Харин хамтрахаа больсноос хойш зөрчилдөх тохиолдол багагүй гарч байна. Бодлогын бичиг баримтын хувьд алдаа дутагдал байгаа байх. Хэлэлцүүлгийн явцад гишүүд санаа бодлоо хэлээд, нэмж, хасаад явах боломжтой.
Н.Номтойбаяр: -Өмнө нь УИХ-аар нийт найман удаа хөгжлийн бодлогын баримт бичиг баталж байсан. Энэ баримт бичгүүдийн хэрэгжилт ямар байсан бэ. Дүгнэлт хийсэн үү.
Б.Гарамгайбаатар: -Одоо хэлэлцэж байгаа баримт бичгийг боловсруулахад эрдэмтэн, судлаачид маш их анхаарал хандуулж ажил­ласан. Хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Өмнөх судалгааны материалуудтай цаг тухай бүрт нь танилцаад, хэрэгтэй зүйлүүдийг нь авч, хэлэлцэж ирлээ.  Хэрэгжиж байсан хөгжлийн баримт бичиг хангалттай байгаагүй олон шалтгаан бий. Тэгэхээр бид энэ асуудал дээр залгамж чанарыг сайтар зохицуулж өгөх хэрэгтэй байгаа.

Г.Ням

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих