Ноён Бондгор: “Чи бидэн хоёр” дуугаа Г.Уянга гишүүнтэй хамтарч дууллаа

05a99f868f8ba4cf2ed2eb3a8b5537e8a5e31e2e

Ноён Бондгор буюу дуучин Ц.Амарбаяртай ярилцлаа.

-Ноён Бондгор сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

-“Би Бондгор биш” нэртэй цомог гар­гах гэж байна. Цомог маань сар ши­нийн үеэр гарна. Нийт 18 дуутай. Эдгээр дуунд олны сонсох дуртай хит дуунууд орж байгаа. “Миний найз” дууг маань хүмүүс сайн мэднэ. 2013 оны шилдэг дуу болсон “Дүү минь”, “Амжилт хүсье” гээд дуунууд багтсан. Мөн Өвөрмонголын Тэнгэр гуайн дуулсан “Би монгол хүн” дууг би дуулсан. Тэр дуугаараа сая Монгол, Хятадын найрамдлын ойн тоглолтыг нээсэн. “Хайрын солонго” гэж бас сай­хан дуу бий. Ер нь 100 хувь хит цомог гарна гэж бодож байгаа. Цомгоо ирэнгүүт гуравдугаар сарын дундуур бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна

-Өмнө нь тоглолт хийж байгаагүй билүү?

-Үгүй. Анхны тоглолтоо хийх гэж байна. Нэлээд олон жил уран бүтээл хийж явлаа. Болсон болоогүй ганц хоёр дуу дуулаад, ямар нүүрээрээ ч тоглолт хийж, хэний ч өмнө юугаа ч дуулах билээ гэж боддог. Одоо бол зохих хэмжээнд бүтээлтэй болсон байна.

-Хэдэн оноос уран бүтээл эхэлсэн бэ?

-Уран бүтээл гэвэл хар багаасаа эхэлсэн. Хип хоп хамтлагт дуулж бай­сан. Хүүхдийн ордны дугуйланд ч явж байлаа. Яг Ноён Бондгорыг бүтээж эхлээд 4-5 жил болж байна. 2011 оноос жинхэнэ уран бүтээлээ эхэлсэн. Миний анхны уран бүтээл бол “Миний найз” дуу. Энэ дууны үгийг “Тоншуул” сэтгүүлийн шог зохиолч Дагвын Жаргалсайхан бичсэн. Хөгжим нь ая зохиогч Б.Пүрэвсүрэн ахынх.

-Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө нэг шинэ дуугаа бэлэн болгосон гэсэн. Ямар дуу вэ?

-Цомогт маань багтах нэг онцлог дуу энэ болох байх. Монголд анх удаа УИХ-ын гишүүн, дуучин хоёр хамтарч дуу хийлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга эгчтэй хамтарч дуулсан. Г.Уянга ги­шүүн бол миний хуурай эгч. Улс төрд бөхөөр бол муухан эрээс сайн барил­даж яваа, тийм эрэмгий бүсгүй гэж бод­дог. Бид хоёр нийлж “Чи бидэн хоёр” гэж өвөрмонгол хүний зохиосон их гоё дууг үгтэй дуулж бэлэн болголоо.

-Хамтран дуулах саналыг та Г.Уянга гишүүнд тавьсан уу?

-Г.Уянга эгчийн хувьд УИХ ги­шүүн. Улс орныхоо төлөө, хууль тог­тоох байгууллагад зүтгэж байгаа нь үнд­сэн ажил нь. Гэхдээ эгчийн маань авьяас гэвэл цаанаасаа нэг тийм дуулах дуртай өөрийнх нь сэдэл байна. Шинэ жилийн хундаганы дууг дуулсан нь зурагтаар гарсан. Цахим ертөнцөд бас их цацагдаж байгаа гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчийн “Жаргаж үзээгүй зул” дууг Г.Уянга гишүүн дуулсан бай­на лээ. Урлагт болсон болоогүй зөндөө л эмэгтэй дуучид байна. Тэд­нээс илүү мэдрэмжтэй дуулаад байгаа болохоор надад бол мэргэжил биш мэдрэмж нь их таалагдсан. Тийм учраас би санал тавьж, Г.Уянга эгчтэй энэ дуугаа хамтран дуулж гаргаж байгаа. Ямар болсныг Ноён Бондгорын сонголт ямар байв гэдгийг түмэн олон шүүх байх аа. Миний хувьд анх удаа дуэт дуулсан нь энэ.

-Өөрийг тань гавьяат жүжигчин С.Жавхлангийн хуурай дүү гэд­гийг олон хүн мэднэ. С.Жавхлан дуучин­тай хэзээнээс хамтран ажиллаж байна вэ?

-С.Жавхлан гэдэг хүн бол Ноён Бондгорыг бүтээсэн хүн шүү дээ. Одоо хүртэл миний чиглүүлэгчээр ажиллаж байна. Продюссер гэдгийг бид монголоороо чиглүүлэгч гэж хэлдэг. С.Жавхлан ах бол миний чиглүүлэгч. Шинээр гарч байгаа дуу, клип, тоглолт гээд л бүх л юман дээр ахын маань санаа оноо орж, чиглүүлж байгаа. Тэр л зөв замаар би гишгэж яваа. Бид нэг нутаг нугын, бас ах дүү хамаатан садны ах дүү нар. Мөн гавьяат жүжигчин Лосолын Болдбаатар ах байна. Би ийм хоёр сайхан гавьяат ахтай хүн.

-Гуравдугаар сард болох тоглолт ямар болох бол. Ноён Бондгорын шинэ дүрийг бүтээх үү?

-Ер нь өөр л юм хийхийг зорьж байгаа. Тоглолт гээд тайз зассан болоод хүнээс мөнгө авахын төлөө биш хүнд гоё юм үзүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Залуу хүний хувьд дараагийн тэсрэлт юу байх вэ. Уран бүтээлчийн зорилго тэмүүлэл юу байна?

-Би уран бүтээлчийн зэрэгцээ тэмцэгч хүн. Үүрэн телефоныхонтой нэг хэсэг тэмцээд авсан. Дараа нь ФМ-үүдтэй ч тэмцсэн. Ер нь олон залуу хүний, залуу дуучдын хүсэл мөрөөд­­лийг мохоож, уран бүтээлийг нь үнэгүйдүүлж байгаа энэ хүмүүстэй эцсээ хүртэл явна, дуу хоолойгоо хүргэнэ гэж бодож байгаа. Дээрээс нь Оюуны өмчийн гэсэн их гоё нэртэй, луйварчидтай нийлж наймаа хийж байгаа газар байна ш дээ. Оюуны өмчийн газартай нийлж худлаа, болсон болоо­гүй юм хийсэнд орвол бид өөрөө өөрс­дөдөө итгэх цаг болж. Үүний төлөө явна. Олон уран бүтээлчийг хам­руулсан бүтээл туурвиж, олон сайхан дуу хийх болно. Дараагийн бэлдэж байгаа цомог, дуу маань юу байх вэ гэвэл монгол туургатны дуунууд байх  юм. Монгол туургатан монгол үндэс угсаагаа залуучууд бид дээдлэх учиртай. Миний шинэ цомогт “Хамаг Монгол” төслийн дуучидтай хамтран дуулсан ээжийн тухай сайхан дуу багтсан байгаа.

Г.Сонинбаяр

Эх сурвалж: “Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих