Б.Марал-Эрдэнэ: Зунаас хойш бэлтгэл хийсний дүнд азийн аварга боллоо
Япон улсад хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээний 33 км-ийн цуваа гараанд олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ тэргүүлж, тивийн аварга болсон билээ. Тэмцээнд өрсөлдсөн манай тамирчид эх орондоо өчигдөр ирсэн бөгөөд энэ үеэр Б.Марал-Эрдэнэтэй ярилцлаа.
-Цаг агаарын эрс тэс нөхцөлд уралдсан ч зорьсон амжилтаа гаргаж чадсан танд баяр хүргэе. Тэмцээнд хэдий хэр хугацаанд бэлтгэж оролцсон бэ?-Баярлалаа. Дугуйгаар хи- чээллэх нь спортын хүнд төрөлд багтдаг. Энэ утгаараа хэдхэн сар бэлтгэл хийгээд тэмцээнд оролцох боломжгүй. Хамгийн наад зах нь хоёр жил бэлтгэж байж уралдаанд хүссэн үр дүнгээ үзүүлж чадна. Миний хувьд өнгөрсөн зунаас хойш бэлтгэл хийснээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож чадлаа. Бид хүйтрэхээр зааланд бэлтгэл хийдэг ч Азийн аваргад оролцохоос сарын өмнөөс яахын аргагүй гадаа бэлтгэл хийх шаардлагатай болсон. Тэмцээн болсон Япон улсын цаг агаарын байдал биднийг очиход сэрүүвтэр байсан нь манай тамирчдын амжилтад нөлөөлсөн гэж бодож байна. Тэмцээн Японы Ошима арал дээр болсон нь бидний хувьд давуу тал боллоо. Учир нь, зарим улсын тамирчин халуун газар бэлтгэл хийж байгаад гэнэт сэрүүн нөхцөлд уралдахаар тамирчны амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг юм.
-Таны өрсөлдсөн гараанд аль орны тамирчид хүчтэй өрсөлдөгч байв?
-Миний оролцсон ганцаар- чилсан төрөлд дугуйчид цувж гардаг. Өөрөөр хэлбэл, сугалаагаар хэн нь хэдийд уралдах нь тодорхой болдог гэсэн үг. Ийм нөхцөлд тамирчид хэн нэгнийхээ салхинд суухаас /цувааны эхэнд яваа хүний араас уралдах/ илүү уралдах шаардлагатай болдог. Казахстан улс дугуйн спортыг бодлогоор хөгжүүлдэг. Тиймээс тус улсын тамирчид бидний хувьд хүчтэй өрсөлдөгчид байдаг. Бусад улсын тамирчин жигдхэн оролцдог.
-Япон руу өөрийнхөө унадаг дугуйг аваад явсан уу?
-Бэлтгэл хийсэн дугуйгаа Япон руу аваад явсан. Ер нь бид аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо өөрсдөө бэлтгэлээ хангадаг. Азийн аварга шалгаруулах тэмцээнд би хоёр дугуй авч явсан. Уралдаанд бэлтгэл хийхдээ төлөвлөж байснаараа оролцсон. Азийн аваргад оролцох зардлыг манай багш Өлзий-Орших зохицуулсан учраас бид бэлтгэлээ сайн хийхээс өөр зүйлд санаа зовоогүй.
-Та рейтингээрээ хэдэд жагсч байна вэ?
-Шинэ он эхэлж байгаа учраас одоохондоо тоймтой мэдээ аваагүй байна. Ер нь өөрийнхөө ангилалд дээгүүр байрт жагсч байгаа болов уу.
-Дугуйн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Хүүхдийн III их наадмыг 2007 онд анх зохион байгуулахад дугуйн уралдаанд оролцож эхэлсэн. Дугуйн спортын мастер Очирбат миний өвөө. Одоо Хөвсгөл аймгийн “Харцага” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Өвөө маань намайг дугуйн спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Ер нь намайг гэлтгүй бусад ач нараа ч спортод дурлуулсан ач буянтай хүн дээ. Ер нь хүн энэ спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай болдог.
-Та одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилт хийж байна вэ?
-Ирэх сарын 15-22-нд Турк, Филиппиний олон улсын нээлттэй уралдаан болно. Дараа нь оюутан залуучуудын дэлхийн аварга шалгаруулах зэрэг тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Спортод бүхий л зүйлээ зориулж байгаа хүний хувьд ирээдүйд өөрийнхөө гаргаж чадах хамгийн дээд амжилтаа гаргахын төлөө хичээх болно.
-Таны бодлоор дугуйн спортыг Монголд хөгжүүлэхэд юу хэрэгтэй байна вэ?
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын хорооныхон биднийг их дэмжиж, тусалсан. Учир нь улирлын энэ үед дугуйгаар бэлтгэл хийхэд хамгийн тохиромжтой нь Өмнөговь аймаг байдаг. Тиймээс бид Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Өмнөговьд бэлтгэл хийсэн. Ер нь дугуйн спортын томоохон уралдаан ихэвчлэн өвөл болдог учраас Монголд бэлтгэл хийхэд асуудалтай байдаг. Өвлийн нөхцөлд бэлтгэл хийх шаардлагатай спортын тамирчдадаа зориулсан бэлтгэлийн зал, баазыг цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой Өмнөговь аймагт хийгээд өгчихвөл бид өвөл бэлтгэлээ сайн хийх боломжтой болно.
-Дугуйн спортын тамирчдад холбоо болон хариуцсан яамнаас ямар нэгэн хангамж өгдөг үү?
-Дугуйн спортынхон одоохондоо шигшээ баггүй байгаа болохоор энэ тэндээс ямар нэгэн хангамж өгдөггүй. Ер нь манай улс спортын топ төрлүүддээ л илүү анхаарал хандуулдаг шүү дээ. Тиймээс бид аливаа зардлаа аль нэг компаниар болон хувиараа дааж бор зүрхээрээ л явдаг.
-Азийн аварга болсны дараа таны өмссөн өмсгөлийн талаар багахан яриа гарсан. Тэр талаар тайлбар өгөөч?
-Намайг Азийн аварга болоод медалийн тавцан дээр гарахад уралдааныг зохион байгуулагчдын зүгээс дурсгал болгож өмсгөл өгсөн. Түүнийг нь өмсч зураг авахуулснаас болоод багахан яриа гарсан байна лээ. Ер нь аль ч дугуйн уралдааны ялагчид тэр өмсгөлийг дурсгал болгож өгдөг юм. Тэр жишгийг би дагаж өмссөнөөс өөр зүйлгүй.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: