Нэмэх оноотой явсан Засгийн газрын 10 насны ой

Одоогоос яг 10 жилийн өмнөх энэ өдөр М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулж байсан түүхтэй. Улмаар “Эх орон ардчилсан эвсэл” задарч Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаад удаагүй байгуулсан М.Энх­болдын танхим нэг жил есөн сар 14 хоногийн хугацаанд ажиллахдаа бусдаасаа хамаагүй илүү нэмэх оноог цуглуулсан байдаг. Жишээ нь, цалин тэтгэвэр, төсөв, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, валютын нөөц, ажлын байрыг нэмэгдүүлсэн, долларын ханш, ядуурлыг бууруулсан, эдийн засгийг бодит байдлаар тогтвортой өсгөсөн, үндэсний эв нэгдлийг хангасан нэмэх оноотой Засгийн газар байв. Жишээ нь, М.Энхболдын танхимын үед эдийн засгийн өсөлт 6.2-10.2 хувьд хүрсэн нь цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх үндэс болж байжээ. Мөн шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт өмнөх жилүүдэд дундажаар 50-100 сая төгрөг зарцуулж байсан бол 2007 оны эцэст 1.2 тэрбум төгрөгт хүрч 10 дахин нэмэгдсэн байна. Харин 2007 оныг “Их бүтээн байгуулалт, шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор эхний есөн сарын дүнгээр 69 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Гадаадын хөрөнгө оруулалт, валютын нөөц одоо­гийнхтой харьцуулахад харьцангүй бага байсан ч 2005 онд 298 сая ам.доллар болж, улсын импортын 13.4 долоо хоно­гийн хэрэгцээг хангах хэм­жээнд байсан бол анх удаа тэр­бум ам.доллараас давж тэрбум 103 сая ам. доллар болж бараг дөрөв дахин нэмэгдсэн байна.

 Үүнээс гадна “Шинэ гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлд нэг удаагийн буцалтгүй тэтгэлэгээр 500 мянга, хүүхдийн мөнгийг ялгавартай өгдөг байсныг өөрчлөн хүүхэд бүрт олгодог болжээ. Улмаар I-V ангийн сурагчдад “Үдийн цай” хэрэгжүүлж эхэлсэн нь нийгэмд дэх бас нэгэн дэвшил болж байв. 2005 онд нэг ам.доллартай харьцах төгрөгийн дундаж ханш 1221 төгрөг байсан бол  2007 оны эцэст 1165 төгрөг болж долларын ханш (-56) төгрөгөөр суларсан байна. Н.Алтан­хуягийн Засгийн газ­рын үед хэрэгжүүлсэн аймгийн төвүүдийг хатуу хучилт­тай авто замаар бүрэн холбох шийд­вэрийн үндэсийг ч М.Энх­болдын Засгийн газрын үед тавьжээ. Ингэснээр 2007 онд 540 гаруй км хатуу хучилттай зам, замын байгууламжийг ашиглалтад оруулж байжээ. Ирэх онд ашиглалтад оруулах учиртай Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудал барих чимээг ч Япон Улсын Засгийн газартай анхны гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Энэ мэт шалтгаанаар эерэг үзүүлэлттэй явсан Засгийн газар  тухайн үеийн судал­гааны дүнгээр иргэдийн 53.6 хувь нь дэм­жиж байсан ч улс төрийн шалт­­гаанаар бүрэн эрхийнхээ хуга­цааг дуусгаж амжаагүй билээ.


URL:

Сэтгэгдэл бичих