“ХУЛГАЙЧГҮЙ МОНГОЛ” -БРАВО

tsagaan-398x480

Монголын Залуучуудын Холбоо гэдэг байгууллага хувьсгалт гэдэг үгтэй хоршин  нэгэн үе туг шиг намирч явав даа. Тэр үеийн түүх алдаа, оноотойгоо хамт дурсамж болж үлдсэн.Ардчиллын жилүүдэд хэрхэн сэрж  мөнөөхөн дурсамж ямархан өнгөөр “амилсан” нь ч бас л түүх болж үлдэж. Тэгвэл сүүлийн жилүүдэд залуучуудын  байгууллага юу хийсэн бэ. Ямартай ч Монголын залуучуудын холбоо гэх нэрээ, бүтцээ, үйл хэргээ  хадгалсаар ирэв. 2012 оноос удирдлага, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, бодлого үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, залуучуудад чиглэсэн бодлого, төвлөрсөн арга хэмжээг хэрэгжүүлсээр байгаа. Авлигын эсрэг  “Би авахгүй! Би өгөхгүй!”  аян, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” ажиллуулж, “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлсэн, ”Спирт үү?, Спорт уу?”аян, “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр гээд дурдвал цөөнгүй.Ингэж тэд нийгэмдээ хандсан цөөнгүй ажлууд хийсээр ирсэн. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй  чимээгүй болчихдог  үе  байсан ч Залуучуудын холбоо  сүүлийн гурван жил унтарсангүй, унтсангүй, урам хугалсангүй ээ.

Хамгийн сүүлд л гэхэд Монголын залуучуудын холбооноос өнгөрсөн хавраас эхлэн өрнүүлсэн  Монгол төрөө   хулгайчдаас  чөлөөлөх үндэсний хөдөлгөөн буюу “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн” -ийг нийгэм алга ташин хүлээж авав. Хамгийн гол нь бүх нийтээр хүлээн зөвшөөрч байгаа нь Браво!

Монголын төр хулгайчтай болсон нь үнэн, цөөхөн хүн хөлжиж, ард түмэн, тэр байтугай улс орон  ядуурч, хоосорч байгаа нь ч маргашгүй үнэн. Тэгвэл цагаандаа гарсан цагаан захтнуудын луйврыг таслан зогсооё,  Монголд болсон 100 хар үйл явдлыг нэрлэж, хар жагсаалтад орсон хүмүүсийг төрд дахиж сонгохгүй, цагаан жагсаалтад орсон хүмүүсийг сонгохыг  залуус уриаллаа, зориг гаргалаа. Судалгаанаас харахад, Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг судалгаанд оролцогчдын 83 орчим хувь нь дэмжиж байхад эрх мэдэлд ойр цөөн  хэдэн хүн сонгууль угтсан шоу хэмээн  үгүйсгэж байгаа. Залуучуудын байгууллага хэн нэгний гар хөл болж ийм зүйл санаачилсан гэж зарим  нь хардаж ч байх шиг. Гэтэл “Монголд болсон 100 хар үйл явдал” санал асуулгыг  иргэд  нэрлэжээ. Тэнд С.Зориг  агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэргээс өгсүүлээд өнөөдөр бэлгийн замын халдварт өвчин аюулын харанга дэлдэж байгааг онцолсон 200 гаруй  хар үйл явдлыг  олон нийтийн зүгээс  нэрлэж ирүүлсэн  байна. Дээр нь 1992 оноос 2015 он хүртэл  төр, засгийн эрх мэдэлд байсан, өндөр албан тушаал хашиж ирсэн хүмүүс, үе үеийн Үндсэн хуулийн цэцээс эхлээд УИХ, Засгийн газрыг  бүрэн эрхээ дуусгалгүй бүдэрсэн, бүдрээгүй, аль нэг   намын харъяалал  харгалзалгүй  эргэн сануулж, амыг нь асууж, хариу  нэхсэн  байна. Учир нь төрд байсаар ирсэн, одоо ч байгаа тэдгээр хүмүүс иргэдийн нэрлэсэн эдгээр хар үйл явдалд их, бага   ямар нэгэн хэмжээгээр, аль нэг сэжмээр, шууд болон шууд бусаар холбоотой байж таарна. Түүнчлэн тэдгээр хүмүүс, танил тал, хамаатан садан, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийн хамт  төрөөс, төсвөөс хумсалж, хулгайлж өнөөгийн хямрал, ядуурлын хамгийн өндөр цэгт, улсаа, газар нутгаа тавиад туучихаж ч мэдэх төлж дуусашгүй өрийн өндөр босгон дээр авчирсан  гэдэгт  олон нийт ийнхүү   гаргалгаа хийжээ. Энд ямар нэгэн байдлаар намаар ч юмуу, насаар ч юмуу   ялгаварласан, алагчилсан зүйл харагдахгүй байна. Тиймээс тэгсэн болов уу, ингэсэн болов уу гэх хардлага илүүц биз.  Харин үүний оронд Монголын залуучууд, МЗХ яагаад “Хулгайчаас салъя” гэж шийдэв. Энэ ажлыг бид хийхгүй бол өөр хэн хийх вэ хэмээн санаж сэрэв гэж асууж болох юм.

Энэ өнцгөөс авч үзвэл,  тэд цөөхөн монголчууд сайхан амьдрах боломжтой  байтал яагаад өнөөдөр ийм байдалтай байна гэж асууж, хариу  нэхэж, үндэслэл, гаргалгаа хайж яваа бололтой. Аргагүй дээ. Залуучууд үргэлж аливаа зүйлд сонор сэргэг ханддаг даа. Монголыг мохоож,  улс орныг мөхөөж байгаа шалтгааныг хайж олж, яаж засч залруулах вэ. Аль нь зөв зам бэ. Эндээс ургасан санаа нь “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”  болов уу. Үнэхээр олон нийтийн хүсч  хүлээж байсан зүйл гэдэг нь цаг өнгөрөх тусам мэдэгдэх.  Тийм биш байсан бол “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-д олон төрийн бус байгууллага нэгдэж, ахмадууд дэмжихээ мэдэгдэж, 21 аймагт хөдөлгөөн хүчтэй өрнөхгүй байсан байх. Өнөөдөр “Хулгайчгүй Монгол”-ын төлөө монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэн гар өргөж, нэгдэж, дэмжсээр, аян давалгаалсаар…Түүний нэг илрэл нь   “Монголд хямрал биш хулгай нүүрлэсэн”  гэсэн тэдний мессэж 2015 оны жиргээний онцлох үйл явдлаар тодорсноос  харж болохоор байна.

Цаашилбал, “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ий ирээдүйн зорилгыг Хариуцлагатай Монголын төлөөх зүтгэл, хөгжлийн гарц  гэж ойлгож, харж  бас болох юм. Тэгвэл улс орон даяар зохион байгуулж буй “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн” төрийг тунгалаг болгох  “Хариуцлагатай  Монгол”-ыг бүтээх  гэсэн оролдлого, эхлэл мэт санагдана.  Улстөрчдийн хар, цагаан жагсаалтыг гаргаснаар  төрд байх ёстой хүн, байх ёсгүй хүн гэсэн ойлголт  нэг мөр болох нь. Бид хэнийг сонгож, бас сонгож болохгүй вэ. Төрийн шударга түшээ гэж ямар хүнийг хэлэх вэ. Ямар шалгуур тавигдах вэ гэдгийг тодорхой болгох учраас төрийн үнэлэмж нэмэгдэхэд хувь нэмэр болох болов уу. Наад зах нь хулгай луйвар гэхчлэн  хар муу зүйлд холбогдсон хүнийг төрд шургалуулж болохгүй гэсэн анхааруулга, дохио, сэрэмжлүүлэг болж таарна. Цаашлаад 2016 оны сонгуулиар  төрөө цэвэрлэх гэсэн санаа байх.

Ер нь Чингис хааны үеэс эхлээд Монголын төрийн түүх, уламжлалд ийм зүйл байсан уу гэвэл байсан. Их Монгол Улсыг хэрхэн байгуулсан бэ  гэвэл төр, улс байх эхний үндэслэлээ “Булхай үгүй айлыг бат бэх төр гэмой. Булхай буйд бүтэн нойр зовлон. Булхай буйд халуун хайр айдас. Булхайд иргүний эрх өгвөөс, буянт төр минь хорлогч алуурч болмой…” хэмээн тов тодорхой гаргасан байдаг. Цаашилбал, Монгол төрийн түшээ ямар байх ёстой тухай “Монгол төрийн түшээдийн амин чанар”-ыг гаргаж байж.   Ийм төр байсан учраас Их Монгол улсыг төвхнүүлж,  оршин тогтнож иржээ. Тэгвэл Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, Богд хааныг Эзэн хаанаар ширээнд залсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гаргасан Богд хааны хамгийн эхний зарлигт ч Монгол төрийн түшээ ямар байхыг өмсөх хувцас, гартаа барих тамганаас нь өгсүүлээд нарийн заасан байдаг. Түүнчлэн Монголын үнэт зүйлс, монгол үндэстний дархлаа болсон зүйлүүдээ нандигнах ёстой гэдгийг онцгойлсны зэрэгцээ Богдын зарлигаар “шингээсэн бай”  хэмээн  хэрэгжүүлж ирсэн  байдаг. Мөн төрийн түшмэл, нийт монголчууд эрхэмлэн дээдлэхийг  зарлиг болгосон байдаг. Энэ бол зөвхөн өмсөх хувцас, барих тамгыг заагаад зогсохгүй төрийн хүн ямар байх ёстойг зарлигаар заасан чухал баримт юм. Тэгвэл өнөөдөр манай төрийн түшээд ямар байгаа билээ. Хэн юу ярьж, юу хийж байгааг ард түмэн алган дээрх мэт харж, дэнсэлж л суугаа. Түүнийгээ ч МЗХ-оос санаачлан зарласан “100 хар үйл явдал”-д нэрлэж, улстөрчдийн хар, цагаан жагсаалтад саналаа нэмэрлэж, 2016 оны сонгуулиар сонгож болохгүй хүмүүсийг нэрлэхэд идэвхийлэн оролцож, сэрэмжлүүлж  байгаа нь лавтай.

“Хэрэг хуучирдаггүй” гэж айхтар үг бий. Үнэхээр ч тийм юм. Харин энэ үгийн жинхэнэ утгыг “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн батлан харуулж байх шиг. Тэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор учруулсан, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн 100 хар үйлдлийг нэрлэхийн тулд цаашлаад хар жагсаалт гаргах үндэслэл болсон саналуудыг нэгтгэн “Хулгайчгүй Монгол” сонин гаргаж  олон нийтэд ил тод зарлажээ. “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг. Амжилт хүсье, залуусаа.

Ч.Үл-Олдох


URL:

Сэтгэгдэл бичих