“Харгайн мухарт” болсон хар үхэл

2af3

“Хөх толбо” сонин 2016 он №02 (898)

МИ-8-ын сүйрэл-Ш.Отгонбилэгийн учир битүүлэг үхлээс хойш 15 жил…

2001.1.14- Цаст Увсын Малчин суманд сүйрсэн МИ-8 онгоц-Ш.Отгонбилэгийн учир битүүлэг үхлээс хойш 15 жил өнгөрлөө. Тийм ээ, 15 жил өнгөрлөө. Цаг хугацаа ихээхэн өөрчлөгдсөн ч цаст өдрийн цуст ням гарагийн хэрэг явдал ээдрээтэй хэвээр байгаа билээ.

Ш..Отгонбилэгийн эхнэр Д.Туяа Завханы 22-р тойргоос УИХ-д нэр дэвшиж гишүүн болж, сайд болж огцорсон ч, хүү О.Содбипэг нь эрийн цээнд хүрч Эрдэнэтээс УИХ-ын гишүүн болсон ч, сэтгүүлч С.Зэвсэгийн “Эрдэнэтийн Ш.Отгонбилэг” хоёр боть ном гарсан ч, учир битүүлэг МИ-8 онгоцны хэрэг явдал учир битүүлгээрээ байна. Харин нэрт сэтгүүлч, МУСГЗ Галсангийн Жамъян гуай “Барууны тэжээвэр” номдоо энэ бол учир нь тайлагдаагүй цаг үеийн маш нууц зохион байгуулалттай аллага хэмээн тэмдэглэсэн. Түүний бичсэн ХАРГАЙН МУХАРТ” БОЛСОН ХАР ҮХЭЛ” өгүүллийг нийтэлж байна.

Манай нутгийн хүргэн. Надад анх А үсэг заасан Даримаа багшийн минь хүргэн. Тэр хүнийг монгол төдийгүй олон улс танина. Багшдаа явуулдаг байсан хэдэн халтар ном сонингоор минь тэр хүн намайг гадарладаг байсан байх. Эрдэнэтийн дарга, нисдэг тэрэг нь хотынхоо төвд уяатай, хэзээ дуртай цагтаа нисдэг тэргээр ирж очиж байдаг, том эрх мэдлийн хүн байлаа. Нэгэн үе “Зууны манлай луйварчин” гэж бичигдээд гадаад дотоодод нилээд явсан байх. Гадаадаас ирээд хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчидтэй уулзлаа. Сэтгүүлчид зөндөө л зүйл сонирхсон. Миний асуусан гурван асуултанд товчхон хариулт өгнө билээ. Гарах хаалган дээр таараад “Та муу хүргэнээ хатуухан чимхэж байнаа” гээд инээж байсан. Бид хоёр тав гурван үг солиод дөнгөж хэвлэгдээд байсан “Цасангаа” номон дээрээ гарын үсэг зурж багшдаа явуулсан. Бид хоёрын сүүлчийн уулзалт энэ.

…Хахир хатуу өвөл болж баруун зүгийн аймгууд зудын гамшигт нэрвэгдэж билээ. Н.Энхбаярын засгийн газар “Зудын байдлыг газар дээр нь үзүүлж гамшигийн зэрэг тогтоолгоё. НҮБ-н шинжээчийн баг ирүүлнэ үү” гэж олон удаа санал тавьсны эцэст 2001 оны нэгдүгээр сард НҮБ-н шинжээчид долоо найман хүний бүрэлдхүүнтэй баг ирүүлсэн. Энэ баг нэгдүгээр сарын дундуур зудын гамшигт нэрвэгдсэн Увс, Ховдын чиглэлд нисдэг тэрэг хөлөглөн явах болсон юм. Энэ багтай хамт гамшигтай тэмцэх байгууллагын дарга нар, хэвлэл мэдээллийнхэн явах болж билээ. Гэнэт УИХ-н гишүүн Ш.Отгонбилэг НҮБ-н шинжээчдийн багт дайгдан Увс, Ховд руу явах болж гэнэ гэж шуугилаа. Би хувьдаа эхний үед үнэмшээгүй. Тэр том албанд байсан, УИХ-н гишүүн болчихоод байгаа хүндтэй хүн, НҮБ-н шинжээчдийн нисдэг тэргэнд дайгдаад, тэр өвлийн дүнгээр, алс баруун хязгаарыг зорино гэдэг үнэндээ сэтгэлд багтаагүй. Тэгсэн чинь үнэхээр тэр нисдэг тэргэнд дайгдаж явсан, их яаруу бачуу шийдсэн бололтой юм билээ. Би хожим нь, хэний түлхээсээр, хэн томилолт өгч явуулсныг нь хайгаад олоогүй. Шүүх хурлууд дээр ч яригдаагүй. Нууцалчихдаг юм билээ. Эхнэр Д.Туяа нь нэг сонинд өгсөн ярилцлагадаа их яаруу явсан тухай, ”адууны зөөг мах хэд огтлоод л гарсан” гэсэн байж билээ. Энд би, нутгийн дүү Туяагаасаа хүлцэл өчих нэг зүйл байна. Хэдэн жилийн өмнө мөн энэ асуудлыг хөндөж бичихдээ өөртэй нь уулзалгүй, гэр бүлийн нарийн ширийн зүйлийг тунгаалгүй биччихсэндээ гэмшиж явдгаа хэлж, хүлцэл өчье. МИ-8 нисдэг тэрэгний сүйрэл, Ш.Отгонбилэг болон НҮБ-ын шинжээчид, бусад хүмүүсийн үхлийн талаарх бүх шүүх хурлыг би сурвалжилсан. “Энэ бол зохион байгуулалттай аллага байсан” гэдэг үг өмгөөлөгчид болон хохирогч олон хүний амнаас сонсогдож байсан. Гол нь засгийн газар, түүнийг толгойлж байсан Н.Энхбаярын буруу гээд гол буруутныг мөрдөн шалгаж, шүүх хуралд оролцуулаач гэхээр л шүүх хурал хойшилсоор, гурван жил сунжирч “цасны хуйлралт”, хоёр нисгэгч буруутай болон ял сонссон болоод өнгөрсөн. Ингэж цаг хугацаагаар уяж байгаад томчуул нь гэмгүй үлдэж, доод хүмүүсээс хэн нэг нь “буруутан” болж өнгөрдөг явдал сүүлийн арван жилийн моод болсон. С.Зоригийн хэрэг, МИ-8-н гурван удаагийн сүйрэл, хадгаламж зээлийн хоршооны хэрэг, банк дампууруулсан хэргүүд, хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг, АТГ-н дарга Б.Дангаасүрэнгийн үхэл, долдугаар сарын нэгний аллага, гаалийнхны авилгын , хууль бусаар төр засгийн эрхийг удаа дараа авсан хэргүүд… гэхчилэн аллага, авилгын том хэргүүдийн гол эздээс гаалийн Баатараас өөр ял эдэлсэн хүн бий гэж үү? Дээрээс зориуд хугацааг нь сунжруулж мартагнуулаад өнгөрөөдөг муухай зарчим ноёлох болсон. Үүний тод илрэл бол Увс аймгийн Малчин сумын нутаг, Харгайн мухар гэгч газарт олон хүний амь авч одсон МИ-8 онгоцны сүйрэл юм. НҮБ-н шинжээчдийн баг хөлөглөж явах байсан гавьяат нисгэгч Сугарын “сайн” нисдэг тэргийг өмнөх өдөр нь гэнэт сольж ,”тэртэй тэргүй энэ нисдэг тэрэг эргэж ирэхгүй юм чинь” гэсэн шиг өөр нисдэг тэрэг бэлдсэн. Нисдэг тэргэнд олон баллонтай газ, дунд нь 20-н канистртай бензин хүртэл ачсан. Энэ тэсэрч дэлбэрэх, хориотой ачааны эзэн шүүх хурал дээр л лав илрээгүй. Илрүүлэх сонирхол ч байгаагүй байх. Улаангом хүртэл тэр ачааг монгол хүн харж хамгаалж яваад үлдчихсэн гэдэг ам яриа байдаг юм. Улаангомоос гадаадын ”сурвалжлагч”, орчуулагч хоёр суусан гэдэг. Нөгөө “сурвалжлагч” сүйрлээс эсэн мэнд үлдчихээд шатаж байгаа нисдэг тэрэгний зургийг тойрч дарсаар байгаад Улаанбаатарт ирээд хэнтэй ч уулзалгүй алга болсон гэдэг яриа байдаг юм. Зарим хүний ярих нь “сурвалжлагчийг” тусгай онгоц тосч байгаад аваад явчихсан ч гэх . Энэ бол дам яриа. Албан ёсны эх сурвалжийнх биш. Гэхдээ л гадаадын “сурвалжлагч” амьд гарсан нь үнэн. Хэвлэлийн болон шүүх хурлууд дээр би тэр хүний барааг хараагүй. Шүүх хурлууд гэж жүжиг л болдог байсан даа. Өмгөөлөгч, академич С.Нарангэрэл ёстой л үгээ барж байсан. Тэр хүнд асар их баримт бий. Засгийн газрын холбогдох хүмүүсийг шалгуулъя гэхээр л завсарлаад хэдэн сар болно. Нөхрөө алдсан япон охин өлгийтэй хүүхдээ тэврээд шүүх хуралд ирдэг байсан бол сүүлд өнөө хүүхэд нь шүүх хурлын танхимд үймүүлж гүйгээд байх болсон шүү дээ. Өөрсдөө цэвэр үлдэхийн тулд цаг хугацаагаар ингэж “иддэг” байлаа. Томчууд мөрөө балласан олон зүйл бий. “Тусгай зориулалтын нислэг” гэж байсныг баллуурдаад “Арилжааны зориулалттай” болгосон. Яах ч аргагүй энэ нислэг нь “Тусгай зориулалтын” нислэг байсан. УИХ-н гишүүн зорчиж байгаагаараа ч, НҮБ-ын онцгой албаны баг бүрэлдхүүнээрээ яваагаараа ч яаж “арилжааны зориулалттай” нислэг болох юм бэ. Үүнийг баллуурдаад зогсоогүй зарим дүрэм зааврыг ч сэмхэн зассан гэсэн. Мөн ч их дээрээс “унжсан гар” байгаа биз. Энэ нисдэг тэрэг асар удаан шатсан. Лав л нэг, хоёр хоног шатсан байх. Энэ аймшигт сүйрэлд амь насаа алдсан нэрт фото зурагчин Батзоригийн ах сүйрлийн сураг сонсоод арваад цагийн дараа очиход нисдэг тэрэг ид л шатаж байсан гэдэг. Хамгаалалт гарчихсан, төвөөс комисс иртэл хүн ойртож болохгүй гээд шатах явдал үргэлжилж байсан аж. Тэр ачсан олон тэсэрч дэлбэрэх зүйл хэний юу байсан бэ? Фото аппаратын линз, Ш.Отгонбилэг агсны хөөрөг зэрэг цөөн хэдэн зүйл л бүрэн бүтэн үлдсэн юм билээ. Нисдэг тэргийг цасны хуйлралтанд орж, далавчаараа мод мөргөн унаж шатсан гэдэг. Гэтэл Харгайн мухарт байсан айлынхан нисдэг тэрэгнээс хар утаа олгойдож яваад буух зориулалтын газраасаа өөр газар унаж шатсан гэх юм билээ. Хүмүүс янз янзаар л ярьдаг байсан. “Нисдэг тэргэнд, тодорхой хугацааны дараа дэлбэрэх зүйл тавьсан байж болзошгүй. Түүнийг дэмжих газ, бензин зэрэг хориотой зүйл ачсан байхыг ч байг гэх газаргүй гэдэг. Тухайн үед хүмүүс бол “МИ-8-ын аллага” л гэж шуугиж байсан. Тэгээд ч олон жилээр сунжруулж мартагнуулсан болуу. Завхан чигээс гарсан нэг дам яриа байдаг. Ш.Отгонбилэг нутгаасаа УИХ-д сонгогдоод Улаанбаатар луу явахдаа дотнын хэдэн нөхөдтэйгөө ууж идэн жаахан халчихаад “Дараа ирэхдээ би ерөнхий сайд болоод ирж ч магадгүй” гэсэн гэдэг. Юутай ч энэ хүн монголын төр засагт их л дээгүүр суудал эзлэх хүн байсан байх. Дэндүү харамсалтай таалал төгссөн. Энэ аймшигт сүйрлээс хойш 15 жил өнгөрлөө. Энэ хооронд янз бүрийн л асуудал болсон. Ш.Отгонбилэг агсны хадам ээж Дариймаа багш минь таалал төгссөн. Эхнэр Д.Туяа нь Улсын их хурлын гишүүнээр сонгогдон түмэн олныхоо итгэл хүлээж явлаа. Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг Улсын их хурлын гишүүнээр сонгогдон Орхон аймгийнхаа хамт олны хайр хүндэтгэлийг хүлээж явна. Ш.Отгонбилэг агсны гэр бүлийн амьдрал ийнхүү өрнөн дэлгэрч яваа ч, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарим таагүй мэдээ цацагдах боллоо. Түүнийг амьд ахуйд нь ардчилсан хүчний зүгээс зохион байгуулан “Зууны луйварчин” -аар тодруулан бичиж нийтэлж байсан бол өнөөдөр С.Зоригийг захиалан алуулсан аймшигт алуурчин болгон шуугиж байна.

Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг саяхан цахим хуудсаараа дамжуулан нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. Түүнийг бүрэн эхээр нь сийрүүлвэл:

“Залуучуудаа! Надад та бүхний дэмжлэг туслалцаа share хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, шинжпэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан, бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!

Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгний хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж, тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна. share хийнэ үү! Та бүхэнд баярлалаа. Хэлмэгдүүлэлтийг зогсоо. Эсэргүүцэж байна. Ард түмнээ бод!” гэсэн байгаа.

Энэ мэдээлэл хэд хэдэн зүйлийг хэлээд байгаа. С.Зоригийн аллагыг ажлын хэсгийнхэн шалгаж эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан мэдээлсэн байдаг. Тэгвэл энэ шалгах ажиллагаа нэлээн эрт, хэдэн сарын өмнөөс бэлтгэгдсэн “Нөлөө бүхий хүн”, хүртэл мэдчихээд яриад явж байгаа нь тодорхой юм байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг мэдээж худлаа хэлээгүй. Бодит байдлыг олон түмэнд сонордуулсан байж таарна. Тэгээд ч, нууцлалын өндөр зэрэглэлд шалгаж байгаа гэсэн энэ асуудал хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлээр цацагдаж, цорын ганц амьд гэрч Б.Булганы ээж хүртэл телевизээр ярилцлага өглөө. Одоо Ш.Отгонбилэг гэгч хүн чинь үнэхээр С.Зоригийг захиалаад алуулчихсан гэж үү? Тэхдээ тулсан алуурчин байсан юм уу? Тийм “ойрхоны” аллага байсан юм бол яагаад өдий болтол 17 жил таг чиг дарагдав? Энэ хэрэг яагаад гэв гэнэтхэн 2016 оны сонгуулийн өмнө босч ирэв? Ардчилсан намынхан төр засгийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байсан 3 жил 6 сарын дотор таг дуугүй байсан хэрнээ яагаад сүүлчийн хэдхэн сарын дотор С.Зоригийн хэрэгтэй, нууцлалын өндөр түвшинд “ноцолдох” болов? УИХ-ын сонгуулийг хүлээгээд л байв уу? Бид олон удаагийн сонгуулийн өмнө хууртаж хаширсан хүмүүс, бас л сонгуулийн ээлжит шоу юу? гэхчлэн эх захгүй урт яриа амнаас ам, чихнээс чих дамжиж явна. Нууцалсан бүхэн хардлага дагуулдаг. Хүмүүс олон өнцгөөс, янз бүрийн санаа бодлоо илэрхийлж, ярьж бичиж байна.

Харин Ш.Отгонбилэг агсны олон жил зүтгэж явсан МАН-ын удирдлага, тухайлвал намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Мөнхбат, С.Зоригийг алагдах үед Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан, одоо Намын даргын хуулийн зөвлөх байгаа гавъяат хуульч Д.Мөрөн, тухайн үед Мөрдөн байцаах газрын дарга байсан хурандаа Д.Алтангэрэл нар л таг дуугүй. Д.Мөрөн, Д.Алтангэрэл нар бол тухайн үед С.Зоригийн хэргийг бараг л илрүүлчихсэн байгаа юм шиг бидний тархийг угааж байсан даа. Олон түмэн мэднэ. Тэр хоёрыг ер нь хэн халж зайлуулсан юм бэ? Энэ асуудлыг тайлахад Д.Мөрөн, Д.Алтангэрэл нар л онцгой үүрэгтэй гэж би бодож явдаг хүн.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийн, нисдэг тэрэгтэйгээ сүйрсний 15 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Миний бодлоор бол тэр хүн тухайн үедээ их л хүндтэй хүн байсан даа. Олон түмэнд бараг л мэдэгдэлгүй өнгөрчихлөө.

МАН-ын удирдлага гэж нэг үхээнц дорой, үлбэгэр юм байгаа. С.Зоригийг, Ш.Отгонбилэгийн захиалгаар алсан гэж дээр дооргүй шуугиж байгаа энэ дуулианыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу? МАН маань сонгуулийн өмнө “Алуурчин нам”, УИХ-ын гишүүн агсан нь “захиалгат алуурчин” болж харагдахад хүрлээ. Энэ асуудлыг үнэн зөвөөр тайлахгүйгээр өнөө жилийн сонгууль цааш үргэлжлэхэд нэлээн бэрхшээлтэй болж байх шиг.байна. Ардчилсан намд эхнээс нь С.Зоригтой мөр зэрэгцэн зүтгэж явсан журмын нөхөд, мөн Ш.Отгонбилэгийн эцсээ хүртэл бат илэрхийлэхийг нь хадгалж явсан МАН-ын удирдлагууд энэ ээдрээт асуудлыг үнэн шудрагаар тайлахгүйгээр ирэх нь сонгуульд ялах баталгаа бий гэж үү?

Шудрага үнэн ялах болтугай.

Г.Жамьян (МУСГЗ)


URL:

Нэр: kk Огноо: 26 January 2016

15 jiliin oin bayar khurgie

Нэр: Иргэн Огноо: 26 January 2016

МАН- ы удирдлага үхээнц дорой байгаа гэдэг үнэн шүү.

Нэр: нэр Огноо: 27 January 2016

Д.Мөрөн, Д.Алтангэрэл нар

Нэр: zail Огноо: 28 January 2016

ene odoo yu bvteej gaihuulsan gej baahan luibraar bayjsan lol nvgel ni nvdeeree garj bgaani ter

Нэр: Eddie Lybert Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих