Японуудын их хүлээлтийг Котошёогикү төгсгөв
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд япон бөх түрүүлсэн нь Япон даяар баяр болох шиг байна. Аргагүй юм даа. Бүтэн арван жил буюу 60 башёд Монголын сүмочид болон гадныхан түрүүлж байв. 2006 оны нэгдүгээр сарын башёд озеки Точиазүма түрүүлснээс хойш эзэн хааны цомыг голдуу монгол сүмоч гардаж байсан юм. Сүүлийн жилүүдэд монголчуудын хаанчлал сүмод бат бэх болж аварга төрнөө монгол, хэн түрүүлэв монгол ийм л байсан шүү дээ. Энэ байдал япончуудад таагүйхэн байсан гэх. Тэгэхээс ч аргагүй юм даа. Ганц ч атугай түрүү авах, аваргатай болохсон гэх мөрөөдөл хийгээд оролдлого зөндөө байж. Гэтэл тэр хүслийг биелүүлэх сүмоч байхгүй байснаар өдий хүрсэн. Харин япончуудын магнайг тэнийлгэх сүмоч озеки Котошёогикү л байсан аж.
Сүмо бөхийн холбоо сүүлийн хоёр жил озеки Кисеносатог л гэж их горьдсон бололтой юм билээ. Энэ нь ч түмэнд ил байсан шүү дээ. Кисеносатод аварга цол амлаж ч үзсэн. Даанч нөгөөх нь бүтэлгүйтээд түрүүлж чадаагүй юм. Котошёогикү яахав энэ башёд тун сайхан барилдсан. Өнгөтэй ч байсан. Түүнийг түрүүлчихнэ гэсэн тооцоо горьдлого сүмогийн холбооныхонд бараг л байгаагүй байх. Гэтэл тэр торолгүй 11 давж их аварга Хакүхотой 12 дахь өдөр таарч барилдсан. Тэгээд давсан. Эндээс л Котошёогикүд найдвараа тээлгэсэн биз.
Гэтэл дараах өдрүүдэд нь ёкозүна Какирюү, Харүмафүжи нарыг “хусаад хаядаг” байгаа. Нээрэн үү гэмээр. Ингээд “За Котошёогикү түрүүлэх нь” гэтэл тэр өөрийн найз Тоёоношимад унадаг юм. Энэ үед сүмо гэдэг ийм сайхан шударга юм даа гэх яриа гарлаа. Тэгээд башё тун сонирхолтой болж нэмэлт барилдаанаар түрүү бөх шийдэх нь гэсэн төсөөлөл гараад ирдэг юм. Гэтэл бас 14 дэх өдөр Хакүхо аварга Харүмафүжид өвдөглөж хоёр дахиа уначихав. Ингээд л Котошёогикү ганцаараа тэргүүлж сүүлийн өдөр ч бүдэрсэнгүйгээр эзэн хааны цом гардлаа.
Үзэгчид, бөх сонирхогчдын дунд янз бүрийн л яриа байна. Сүмогийн холбоо 10 жилийн хойно нэг түрүүг заавал авахыг сүмочиддоо үүрэгдсэн л байх. Тэрнийг нь гадны зарим бөхчүүд тухайлбал, Монголын аваргууд дэмжсэн байх гэцгээх. Олны яриа оргүй биш л болов уу. Хакүхо аварга сүүлийн гурван барилдаанд дараалан унав. Үүнийг Котошёогикүд унаснаа зөвтгөх арга байсан биз гэх хүн ч байна. Ямартай ч япон сүмоч түрүүлж их Наран даяар баяр боллоо. Котошёогикү дахиад түрүүлбэл шууд аварга болох биз ээ. Тэр эзэн хааны цом гардан авах үеэрээ “Сайхан байна. Баярлаж байгаагаа үгээр илэрхийлэх арга алга. Өдий хүртэл намайг дэмжиж ирсэн үзэгч түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ найдварыг алдахгүйн төлөө хойшид хичээж барилдах болноо” гэлээ. Котошёогикүгийн аав нь, эмээ нь, ах нар нь ирсэн харагдав. Бүр түүнийг сүмод оруулж өгч байсан өвөөгийнх нь зургийг тэд барьсан байлаа.
Монгол сүмочдын хувьд Тэрүнофүжи гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон. Дараагийн тэмцээнд цолоо хамгаалах барилдаан хийнэ. Таканоива Баасандорж тун давгүй барилдаж есөн даваа авав. Кекүшюүхо Эрдэнэбаатар, Тамаваши Мөнх-Оргил нар долоон даваатай тэмцээн дуусгав. Ичиножёо ердөө хоёр давсан. Түрүү бөхийг шороодуулж 12 даваа авсан Тоёоношима дайчин барилдааны шагнал хүртсэн бол Шёодай уран барилдааны шагнал авлаа. Харин техниктэй бөхийн шагнал авах сүмоч байсангүй ээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: