П.Оюунцэцэг: Агаарын бохирдлоос болж, ураг дутуу бойжиж байна
“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хотын утааг яаралтай бууруулахгүй бол хүүхэд болон ураг, нярайн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж буйг судлаачид анхааруулж байна. Энэ үеэр ЭМСЯ- ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулах талаар байнга ярьдаг. Гэсэн ч дорвитой шийдэлд хүрч, утааг бууруулж чадахгүй байна. Энэ удаагийн зөвлөгөөн хэлэлцүүлэг ямар онцлогтой болж байна вэ?
-Өвөл болохоор агаарын бохирдлын талаар хүн бүхэн ярьдаг. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар ярьцгааж байна. Хэчнээн яриад өнөөдрийн байдлаар ямар ч үр үр дүнд хүрээгүй. Сүүлдээ хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ тал дээр цаашид яаралтай дорвитой арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн төсөв зардал зэргээс эхлээд тусламж үйлчилгээнд хүртэл дарамт учруулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд асар их дарамт бий болно гэсэн үг. Агаарын бохирдол хорт хавдар үүсгэгч хорт бодисын тоонд ордог. 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны өвчин 18.1 хувиар өссөн. Мөн уушгины хавдрын 40 хүртэлх хувийг агаарын бохирдол үүсгэдэг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаа бий. Тиймээс бид өнөөдрөөс эхлэн энэ талаар ярьж, арга хэмжээ авахгүй бол арав, хорин жилийн дараа үр хүүхэд маань уушгины хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байна. Тиймээс ганцхан манай салбар бус, өөр бусад салбарын хүрээнд ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа юм. Эндээс агаарын бохирдлыг хэрхэн бууруулах зөвлөмжийг боловсруулж, төрийн захиргааны байгууллага болон яам, аймаг нийслэлийн Засаг дарга нарт тавина. Мөн агаарын бохирдол бий болоход хамгийн их нөлөө үзүүлж буй зүйл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой, бууруулахад иргэд яаж гар бие оролцох талаар зөвлөмж гаргана.
-Агаарын бохирдол ургийн хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юү?
-Судлаачид энэ талаар судалгаа хийсэн байдаг. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэгт амьдардаг 540 жирэмсэн эмэгтэйг судалгаанд хамруулсан. Ингэхдээ нэг хэсгийнх нь гэрт агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж суулгасан. Энэ тохиолдолд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан эхээс гарсан нярайн биеийн хэмжээ, бусад эхээс мэндэлсэн нярайгаас 0.4 см урт, 80 грамм илүү жинтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлоос болж ураг дутуу бойжиж байна.
-Хүүхдүүдийн хувьд агаарын бохирдол яаж нөлөөлж байна вэ?
-Агаарын бохирдолд хүү- хэд, жирэмсэн эхчүүд, ахмад настан хамгийн их өртөх эрсдэлтэй. Бидний хойч ирээдүй хүүхдүүд агаарын бохирдолд өртөхөөр янз бүрийн өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйл бүрдэж байгаа юм. Жишээлбэл, бага насны хүүхдүүдийн өсөлт хөгжилт хоцрох, мэдрэхүйн болон амьсгалын замын тогтолцоонд нөлөөлдөг. Хүүхдийн уушгины үйл ажиллагаа гурван нас хүртэл хөгждөг гэж үздэг. Гэтэл яг энэ үедээ хүүхдүүд агаарын бохирдолд өртсөнөөр цаашид архаг өвчин эмгэгийн суурийг тавьж байна гэсэн үг. Жишээлбэл, өвлийн улиралд хүүхдүүд олон дахин хатгалгаа тусч байгаа нь архаг өвчний суурийг тавьж байгаа юм. Ингээд хүүхдүүд агаарын бохирдолтой холбоотойгоор янз бүрийн өвчин эмгэг тусахаар ганцхан эрүүл мэндийн хувьд биш өрх гэрийн ор- логын төвшинд ч гэсэн сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, сургууль, цэцэрлэгтээ явахгүй байх, тэднийг хэн нэгэн нь асарч сувилаад ажилдаа явдаггүй. Ийм байдал жилээс жилд нэмэгдэж байна. Яг өнөөдрийн байдлаар агаарын бохирдол хүний эрүүл мэнд, нас баралтад хэдэн хувиар нөлөөлж байгааг тодорхойлох лабораторийнчадавхибайхгүй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дэх лабораторид энэ чиглэлийн шинжилгээ хийх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж одоохондоо алга. Tиймээс цаашид эрүүл зүйн лабораторийг байгуулах талаар ярьж байна.
-Олон улсын туршлагаас үзэхэд агаарын бохирдлыг хэрхэн бууруулж байна вэ. Тэр жишгээр манай улс агаарын бохирдлыг бууруулах боломж байна уу?
-Олон улсад янз бүрийн төвшинд агаарын бохирдлыг бууруулж байна. Агаарын бо- хирдол болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь бид бохирдсон хойно нь тусламж үйлчилгээ үзүүлэх биш. Бохирдлыг бий болгодог хүчин зүйлээс нэгийг ч орхигдуулахгүйгээр шийдэх нь зүйтэй. Жишээлбэл, шилжилт хөдөлгөөн, түүхий нүүрс, гаднаас импортолж буй хуучин автомашин зэрэг зүйлийг цогцоор шийдэх нь чухал. Бид ганцхан эрүүл зүйн лабораторитой болоод ямар ч нэмэргүй. Агаарын бохирдол буурсан ч гэсэн бохирдолтой үед хүний эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөлөлд хүн олон жил дарамттай явна.
-Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажилд мөнгө төсөвлөөгүй. Энэ жил төсөвт хэдий хэмжээний мөнгө тусгасан бэ?
-Агаарын бохирдлыг бууруулахад энэ онд таван тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Энэ бол хангалттай биш. 2004-2014 онд өвчлөл тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. 2014 оны статистик мэдээллээс үзэхэд 10 мянган хүн тутмаас давхардсан тоогоор 20 мянга орчим нь амьсгалын тогтолцооны өвчинд өртөж байна. Агаарын бохирдол ийм хэмжээнд байсаар байвал энэ үзүүлэлт цаашид илүү нэмэгдэнэ. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх, нас баралтын тав дахь шалтгаан болж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: