Инфляци буурахгүй байх учир юу вэ

Улстөрчид инфляцийг нэг оронтой тоонд барих бодлого баримталж, Монголбанк тэр хэрээр бодлогын хүүгээ бага багаар өсгөсөөр байна. Гэсэн хэдий ч инфлцяци гэх “мангас” дарагддаггүй ээ.

Наймдугаар сарын статистик мэдээгээр есөн хувьтай байна гэх боловч эдийн засагчид болон зарим улстөрчид инфляцийн хазаар нэгэнт алдагдлаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, он гарсаар инфляци 11, зарим эх сурвалж бүр 14 хувьтай байгааг дуулгаж байгаа.

Манай улс хөгжиж, эдийн засаг өсч байна л даа. Энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллээр ДНБ 14 хувиар өссөн. Харин наймдугаар сарын байдлын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байна. Сонсоход сайхан байгаа биз. Гэвч энэ өсөлттэй зэрэгцээд инфляци 11 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байхад, инфляци 11 хувьтай байна гэхээр бодит өсөлт ердөө зургаан хувь болж хувирч байгаа юм. Ийм нөхцөлд Монголчууд эдийн засаг өслөө гэж “цээжээ дэлдээд” байх хэрэггүй л болов уу. Тэгэхээр ерөөсөө дийлдэхгүй байгаа инфляцийг яаж дарах вэ.

Ер нь бол өнөөгийн нөхцөлд инфляци буурахгүй байх хэд хэдэн шалтгаан байна л даа. Нэгдүгээрт үндэсний үйлдвэрлэл, бүтээмжийн асуудал. Аливаа улс орон хөгжихийн тулд хамгийн гол нь үйлдвэрлэх ёстой гэдэг. Үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадвал тэр цагт инфляци буурах учиртай. Гэвч “Ирэх жилийн наадам хол байна даа” гэдэг шиг Монгол Улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан үйлдвэрлэгч орон болтол тун ч хол байна. Гадаад худалдааны алдагдал өндөр, дотоодын хэрэглээнийхээ дийлэнх хувийг импортоор хангасан хэвээр. Ийм нөхцөлд инфляци буурна гэдэг хэцүү л дээ.

Нөгөө талаас инфляцийг барих бодлогыг хэрэгжүүлэгч Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байна. Бодлогын хүүг өсгөснөөр арилжааны банкуудын хүү өсч, тэр хэрээр зах зээл рүү орох бэлэн мөнгөний нийлүүлэлт багассанаар инфляци буурах ёстой. Гэтэл наймдугаар сарын статистик мэдээгээр арилжааны банкуудаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 61.2 хувиар өсчээ. Тэгэхээр зээлийн хүү тэгтлээ өсөөд, аж ахуйн нэгжүүд мөнгөгүй болоод хэцүүдчихсэн зүйл харагдахгүй байна. Гүйлгээнд байгаа нийт бэлэн мөнгө ч наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 51 хувиар өссөн байх юм.

Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа ч инфляцийг дарж чадахгүй байгаа нь эндээс харагдаж байна. Дээрээс нь улстөрчид иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгч, төсвийг тэлэхдээ хөрөнгө оруулалтыг бус нийгмийн халамжийг нэмэгдүүлээд байхаар инфляци гэдэг зүйл “галзуурах нь” дамжиггүй.

Харин ч манай эдийн засгийн багтаамж харьцангуй сайжирч байгаа тулдаа өсөлт 11 хувиар хэмжигдэж байгаа хэрэг. Гэхдээ 11 хувь бага гэж тайвширч болохгүй. Энэ чинь монголчуудын халаасанд байгаа мөнгө 11 хувиар үнэгүйдэж байна гэсэн үг шүү дээ.

Тарааж байгаа бэлэн мөнгөнөөс гадна уул уурхайгаас орж ирж буй асар их мөнгө инфляцийг хөөрөгдөх шалтгаан болж буйг статистикчид, эдийн засагчид хэлэх болсон. Уул уурхайн салбарын хөгжлийн нөлөөгөөр энэ оны наймдугаар сард гадаад худалдааны алдагдал түүхэндээ анх удаа тэрбум ам.долларын алдагдалтай гарч байна.

Уул уурхайн тоног төхөөрөмж, техникийг асар ихээр импортолсон нь алдагдлын хэмжээ “рекорд” тогтооход нөлөөлжээ. Тэр их импортын татвараас төсөвт багагүй мөнгө орж ирсэн гэдэг нь саяхнаас тодорхой боллоо. Гаалийн байгууллага Монгол Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн ашиг оруулсан тухай албан ёсны мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсөв нэг их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Сонсоход сайхан л байна. Гэхдээ Засгийн газар тэр мөнгөөр хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүн амынхаа сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тэгж байж, бодит эдийн засгаа дэмжиж, ажлын байр бий болно. Харин эрхэм улстөрчид энэ мөнгөөр төсвийг байж болох хамгийн их хэмжээгээр нь тэлж, тэр дундаа нийгмийн халамжид чиглэсэн бодлого, цалин хөлсний нэмэгдлийг аль болох ахиу шийдэж байна.

“Ирэх оны төсөв таван их наяд орчим төгрөгийн зарлагатай байхаар төсвийн төсөөлөл батлагдаад байгаа. Үүнээс багагүй хувийг нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулна” гэж Сангийн сайд мэдэгдсэн удаатай. Цалин хөлс нэмэгдэж болно, нэмэгдэх ч ёстой. Гэхдээ нөгөө талд инфляцийг хазаарлаж чадахгүйд хүрвэл ямар ч нэмэргүй.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмэгдүүлсэн. Гэвч өнөөдөр инфляци 11 хувьтай байгаа учраас 30 хувийн цалингийн өсөлт үндсэндээ 19 хувь болж багасч байгаа юм. Төр цалин хөлсний нэмэгдлээ иргэдэд илүү тустай, нэмэртэй байхаар бодлого баримталж чадаагүй гэсэн үг. Гэтэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй инфляци бага, дунд орлоготой, цалингаараа хоол хүнсний зүйлээ голцуу аргацаадаг хүмүүсийн амьдралд хамгийн муугаар нөлөөлсөөр. Өмнө нь 600 төгрөгөөр худалдан авдаг байсан талхны үнэ 650 төгрөг болчихлоо. Ядуу иргэдийн хувьд 50 төгрөг гэдэг магадгүй их мөнгө шүү. Он гарсаар ДНБ багагүй хувиар өсч, ирээдүй гэрэлтэй байна, Монгол Улс хөгжиж байна гээд байгаа ч иргэдийн амьдрал сайжрахгүй байгаагийн гол шалтгаан ердөө л энэ.

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих