Эмийн зохистой хэрэглээний талаар ярилцлаа

Ховд аймагт “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлье” сэдэвт Баруун бүсийн форум энэ оны 9-р сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Форумыг Эрүүл мэндийн яам, ЗГХА-Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөл хамтран зохион байгуулж Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 70 эмч, эмийн мэргэжилтнүүд оролцлоо.

Форумын үеэр Эмч, эм зүйч нарын мэргэжлийн ур чадвар, эм судлалын мэдлэгийг дээшлүүлэх, жор бичилтийг сайжруулах, эмнэлэгт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдэд эмийг зөв хэрэглэх дадал заншил эзэмшүүлэхэд чиглэгдсэн “Эмийн жор-зохистой хэрэглээ” сэдэвт мэргэжлийн ур чадварын уралдаан, Эмийн зохистой хэрэглээний асуудлаар онол практикийн илтгэлийн уралдаан зохиогдсон байна.

Форумд ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн Эмийн зохистой хэрэглээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Чулуунцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Эмийн мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхтуул, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эм судлалын тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны доктор профессор Г.Чойжамц, АУ-ны магистр Ч.Ерөөлт, НТБ-ын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийн удирдагч Г.Амарбаясгалан нар оролцож Эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх эмийн зохистой хэрэглээний талаар баримтлах бодлого, эмч мэргэжилтний анхаарах асуудал,эмийн зохистой хэрэглээний орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, лекц уншлаа.

Форумд оролцсон аймгуудын эмч, эмийн мэргэжилтнүүд өөрийн аймагт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар хэрэгжүүлж байгаа шилдэг туршлагаа солилцож, Ховд аймгийн “Цаст алтай” цогцолбор сургуулийн сурагчид, Хорих ангийн хүмүүжигч нар, Ховдын Их сургуулийн оюутнууд, БОЭТөвд хэвтэн эмчлүүлэгч нарт “Эмийн зохистой хэрэглээ”ний талаар мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих