Гацууртын ордын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж тогтжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга тогтоол батлагдсанаар төр хэдэн хувийг эзэмших, эдийн засагт ямар хувь нэмэр оруулахыг тодруулахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ноён уулыг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Улсын Их Хурал гаргахаар хэлэлцэж байна. Ноён уулаас 10 км-ийн цаана байгаа Гацууртын ордод төр хувь эзэмшсэнээр төсөвт 480 тэрбум төгрөгийн татвар төвлөрнө, Монголбанкны алтны нөөц 50 тонноор нэмэгдэнэ, 1000 гаруй ажлын байр бий болно” гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд уг тогтоолын төслийг батлах санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлаас тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм. Ингэснээр уг асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих