СУРАЛЦАХ НАСАА ХОГОН ДУНД ӨНГӨРӨӨЖ БУЙ БАГАЧУУЛ
Нийслэл хотын маань баруун хойно оршдог зах нь үл харагдах овоорсон их хогон дунд хүн, ноход зэрэгцэн олзоо булаалдан улайрцгаана. Утаа тортог, тоос шороо, ялзарч муудсан зүйлсийн хамар цоргим эвгүй үнэр дүүрэн ханхална.
Энэ бол өнөөх «Улаан чулуут»-ын алдартай хогийн цэг. Энд цаасан хайрцгуудыг босгож, хуучирч муудсан янз янзын даавуу, брезинт зэргээр бүтээсэн дөрвөлжин хэлбэртэй оромжууд хаа сайгүй тааралдана. Энд хүмүүс амьдарч, өглөөний нартай уралдан ажилдаа гарах аж. Хоорондоо 10-20 метрийн зайд орших тэдгээр «хөрш айлууд»-ын дийлэнх нь түүж шуудайлсан хуванцар сав, кардон цаас болон төмрийн хаягдал зэргийг овоолсон байх нь тэдний амьжиргаагаа залгуулдаг гол эх үүсвэр нь гэнэ. Ийм л газарт хүмүүс амьдарч хүүхдүүд хөдөлмөрлөдөг гэхээр нэг л сэтгэлд буухгүй байсан тул өөрийн биеэр очиж үзэхээр шийдсэн юм. Зорин очсон өдөр маань сэрүүвтэр хүйтэн байсан уу, эсвэл тэнд тиймэрхүү уур амьсгал ноёлсон уу сэтгэлд хөнгөн гуниглал төрж, хоолой зангирсанаа нуух юуун. Нүүр ам нь халтартаж, өмссөн хувцас нь урагдаж сарайсан хүүхдүүдийн гэнэн томоогүй нүднээс ядуу тарчиг ч гэлээ гэрэл гэгээтэй царайг олж харсан юм. Үнэхээр тэдэнд ямар ч буруу байхгүй гэж санана. Тэд сурч боловсорч, үеийнхээ найз нартайгаа тоглож дэрвэн, чихэр, жимс амтархан идэж сайхан амьдрахыг хүсдэг гэдгээ нуулгүй өгүүлж байсан юм. «Хааяа гоё машинтай ах эгч нар бидэнд чихэр, жимс авчирч өгдөг. Би ч бас том болоод тийм хүн болохыг хүсдэг» гэж байсан нь санаанаас гарамгүй.
Бид чинь яагаад үр хүүхдээ хайхрахгүй, хогийн цэгт хөдөлмөрлүүлээд байна вэ? Энэ нь тэдний хөдөлмөр хийх нас мөн билүү гэх зэрэг элдэв асуултаар толгойд эргэлдэнэ. Эцэстээ үр хүүхдээ харж хайрлаж чадахгүй яваа тэр эцэг эхчүүдэд хариуцлага тооцмоор хүртэл санагдлаа. Энд хүүхдүүд голдуу хогийн цэгээс лааз, ундааны хуванцар савхан зэргийг түүн хоногийн хоолоо залгуулна. Уг нь ингэж ажиллах нь хүүхдийн хөдөлмөрийн хүнд тэвчишгүй нөхцөлд багтдаг. Тэд энд цаг наргүй, халуун хүйтнийг үл ажран бүтэн өдөржингөө тонголзоно. Тэдний түүсэн хоёрдогч түүхий эдийг машинтай ченжүүд өдөрт хэд хэдэн удаа ирж худалдан авдаг юм байна.
Хуванцар сав нэг килограмм нь 300 төгрөг, картон цаас 50 төгрөг, шил 10 төгрөг, тоосго нэг ширхгийг 60 төгрөгийн үнэ ханштай байдаг гэнэ. Ийм байдлаар хоногт дунджаар 3000-5000 төгрөг олдог аж. Хүүхдүүд хог ачсан машинуудын сул шороогоор амьсгалсаар л… Дээр нь бие биенээсээ өрсөх гэж хогийн машинууд руу тэмцэж яваад унаж бэртэх бүр амь насаа ч алдсан тохиолдол ч олонтаа. «Улаан чулуут»-ын хогийн цэгт гэр бүлээрээ гурван жил амьдарч байгаа М.Өлзийбат хүү «Би есөн настай. Сургуульд явахыг хүсдэг ч аав ээж маань явуулдаггүй ээ. «Шил, лааз түүсэн шигээ бидэндээ нэмэр бол» гэдэг. Сургуульд суралцахад ихээхэн мөнгө хэрэгтэй, гэтэл манайх өгч чадахгүй» гэв. Тэд нарын эцэг эх нь үр хүүхдээрээ хөдөлмөр эрхлүүлэх нь таагүй зүйл гэдгийг мэддэг хэдий ч амьдралын ядуу боломжгүй байдлын улмаас тэднийг ийнхүү зүтгүүлдэг аж. Ийнхүү хог тоосонд дарагдаж буй хүүхдүүдийн дундаж нас 14 бөгөөд охид хөвгүүдийн тоо адилавтар аж. Энд хог ачсан машинууд 10-20 минутын зайтай ирэх бөгөөд хогоо асгах бүрт хөгшин, залуу гэлтгүй цөмөөрөө хогтой машин руу уралдан гүйлдэх нь өнөө цагийн эмгэнэл. Тэдний дунд сургуульд суралцах насны хүүхэд 50 орчим байгаа харагдсан. Тэдний тоо хавар, зун буюу дулааны улиралд эрс нэмэгддэг гэсэн.
Хүүхдүүд хогний машины явдал дундуур өндөр тэвшин дээр нь өрсөлдөн үсрэн гарч хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ доош шидэлцгээнэ. Мөн л тэвшин дээр хэрхэн гарсан шигээ явдал дунд нь үсрэн бууцгаах аж. Мөн тэд машинаас хог хаягдал буулгах, цуглуулах ажлыг голдуу хийдэг. Цөөн тооны хүүхэд танил болсон жолоочтойгоо тохиролцон хөлсөөр хог буулгах ажил хийдэг аж. Тэдний дийлэнх нь байнга энд амьдардаг бол хичээлээ тарж ирээд хэдэн цаг ажиллаж хэрэглээний мөнгөө олдог хүүхэд ч цөөнгүй гэсэн шүү.
«Улаанчулуут»-ын хогийн цэгт дүүгийнхээ хамт гурван жилийг өнгөрөөж байгаа 10 настай «Г» гэх хөвгүүн хогон дундаас олсон хатсан боорцгийг халтар гараараа барин иднэ. Тэрээр хөх өнгийн юүдэнтэй цамц, саарал өнгийн өмд өмсчээ. Хувцасных нь хир дагтаршиж, өнгө нь мэдэгдэхээргүй болж. Салхи шороонд халтартсан хог ухах хүүгийн гар эвэршин хуурайшиж, нүүр нь сайртжээ. ‘’Хог ачиж ирсэн машинаас юм буулгаж байхдаа хүүхдүүд унаж бэртэх нь зөндөө. Саяхан л гэхэд нэг хүүхэд тэвшнээс үсрээд хөлөө хугалж орхисон. Бид яарч сандраад шууд эмнэлэгт аваад очиход эмч аваагүй. Гэрт нь аваачиж хувцасыг нь сольчихоод очтол хүлээн авна лээ. Бид чинь хэдий хог дээр ажилладаг ч гэлээ хүн юм байгаа биз дээ’’ хэмээн халаглаж сууна. Харин нас сүүдэр 71 зооглосон О.Аюуш гуай «Дулаан хувцас, идэх хоолоо хог дээрээс олчих юм даа. Ямар ч байсан тураад үхчихгүй явж л байна. Бид ч яахав ингэж яваад дуусна. Харин энэ хүүхдүүдийн ирээдүйг бодохоор өрөвдөөд байх юм « хэмээн ялзарсан алим амтархан идэх ач хүүгийнхээ толгойг илэнгээ санаашран өгүүлээд газар ширтэв. Энд сургуульд соёлд сурч байсан хүүхдүүд бас бий. «Суралцахыг уг нь хүсдэг, сургуультай холбоотой зардал мөнгийг төлөх боломжгүй, мөн орон нутгаас шилжин ирсэн учир бичиг баримтын зөрчилтэй тул суралцаж чаддаггүй» гэсэн учраа тэд хэлэх юм билээ. «Сурч байгаа ч энд ажилладгаа аль болох нуухыг хичээдэг ч өмссөн хувцас, хэрэглэж байгаа хичээлийн хэрэгсэл болон бусад зүйлсийг нь хараад хүүхдүүд шоолдог учраас сургуулиа орхисон» гэх хэд хэдэн хүүхэд таарч байлаа.
Ийнхүү сурч боловсрох эрхээ эдэлж чадалгүй, балчир наснаасаа амьдралын хүнд хэцүүг туулж буй эдгээр хүүхдийн төлөө ажилладаг «Толгойт хорооллын нутгийн хөгжлийн сан» ТББ гэж сайхан сэтгэлтэй хамт олон байдаг аж. Тэд эдгээр бага насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, албан бус сургалт зохиодог. Энэхүү албан бус сургалтад 26 хүүхэд бүртгүүлснээс 10 нь тогтвортой суралцаж чаджээ. Тэр бүү хэл дөрөв нь хог түүх ажлаасаа бүрэн хөндийрчээ. Харин хоёр хүүхэд 19 нас хүрч цаашид суралцах боломжгүй болсон учраас энэ амьдралдаа эргэн орсонд харамсч буйгаа тус ТББ-ын ажилтан Г.Даваа хэлж байсан юм. Эдгээр хүмүүс Сонгино-Хайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд харьяалагддаг. Тус дүүргийн статистикийн мэргэжилтэн Г.Түмэнжаргалаас эдгээр хүмүүс хүн амын тооллогод хамрагддаг эсэх талаар тодруулахад тэрбээр «Хүн амын тооллогоор энэ хүмүүсийг нэгдсэн журмаар дүүргийн эрүүлжүүлэх байранд авчран хооллож, тооллогод хамруулсан.
Хэдий бичиг баримтгүй ч энэ хүмүүс Монгол улсын иргэд учир хүн амын тоонд оруулсан байгаа. Дүүргийн удирдлага энэ хүмүүсийг бичиг баримтжуулах ажил хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн «Улаан чулуут»-д ажилладаг сургуулийн насны хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа» гэсэн сайхан мэдээг дуулгасан юм.
Д.Сувд Б.Одончимэг
URL: