Газ мансууралд хөтөлж байна
Монголчууд юм л бол эдийн засгийн хямрал, улс төр гэх улс орны хэмжээний “том” асуудал ярьж талцаж, мэтгэлцэх дуртай. Үүнийгээ дээд боловсролтой өргөн хүрээний мэдлэгтэй хэмээн андуурч “мундаг”-аараа гайхуулдаг юм шиг. Гэтэл үнэндээ өөрсдийнх нь амьдралд түүнээс илүү санаа зовох, анхаарал тавих зүйлс олон байна.
Гурван настай хүүхэд газ үнэрлэж эмнэлэгт хүргэгдсэн, өсвөр насныхан хэсэг бүлгээрээ газ үнэрлэж мансуурч байгаад цагдаад баригдсан, газ үнэрлээд хордож амь насаа алдсан, сурагчид гэртээ мансуурч байгаад эмнэлэгт хүргэгдсэн тухай харамсалтай, сэтгэл шимшрүүлэм хэргүүд ар, араасаа гарсаар байна. Энэ асуудал улс төр, эдийн засаг гэж цээжээ дэлдэж хий хашгирахаас илүү чухал биш үү.
Мэдээж бидний амьдралд цахилгаан тасарсан, аялал зугаалганд явахад ойр зуурын хэрэглээнд газ хэрэгтэй. Тэгвэл тэсэрч дэлбэрэх төдийгүй хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглаж болох аюултай зүйлд бид тоомжиргүй хандаж, хүүхдэдээ бариулж, хяналтгүй хэрэглэж байна. Хамгийн аюултай нь газны хяналтгүй хэрэглээ хүүхдүүдийг мансууралд хөтөлж эхэллээ.
21 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНД ТАМХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА, ГАЗ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОНО
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хамгийн сүүлийн тохиолдол гэхэд шинэ оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 28-нд Хордлогын үндэсний төвд 18 настай хүүхэд гэртээ ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байдалтай иржээ. Маргааш нь буюу 29-нд тус дүүрэгт 18 настай Б, 17 настай Б, 16 настай Т нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байсныг илрүүлжээ.
Мөн 10 гаруй хүүхэд нэг дор газанд мансуурч байгаад баригдсан, газ үнэрлэснээс хэд хэдэн хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай мэдээлэл ч сүүлийн жилүүдэд гарч л байна. Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдүүд газанд мансуурах үзэгдэл ихэсч байгаа нь аюултай юм. Хүүхдүүд яагаад мансуураад байна, газны химийн найрлагад ямар бодис байдгаас хүний амь насыг хохироогоод байгааг хүүхдүүд байтугай томчууд мэддэггүй.
Хүүхэд газ үнэрлэж мансуурч байгаа нь эцэг, эхчүүдийн замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй гэхэд хилсдэхгүй байх. Гэртээ ганцаараа уйдсан эсвэл хэсэг бүлгээрээ дарвисан хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлээд донтох явдал газар авч байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Нөгөөтэйгүүр дэлгүүр худалдааны төвүүд насанд хүрээгүй хүүхдэд газ борлуулдаг явдалд ямар ч хяналт байдаггүй. Нөгөө л орлогоо бодсон аминч үзлийн илрэл. Уг нь НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно гэсэн заалт бий. Гэвч энэ заалтыг биелүүлдэг нь ховор. Мөн баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхгийг хадгалахыг хориглоно гэсэн заалт ч бий.
ГАЗНЫ ХИЙ АЛДАГДАХАД ШУУД ХООЛОЙ РУУ ОРЖ ҮХЭЛД ХҮРГЭДЭГ
Газны химийн найрлагад ямар бодис багтдагийг мэргэжлийн хүмүүсээс бусад нь анзаардаггүй байх. Тэгвэл шингэрүүлсэн шатдаг хий буюу газ нь пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг байна. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн /C3Н8-C4Н10/ пропан бутаны холимог нэгдлийг амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг нөлөөтэй. Тиймээс газ үнэрлэсэн үед сэтгэл хөөрч нойрмог байдалтай болгодог учраас хүүхэд донтох шалтгаан болдог. Хамгийн аюултай нь газны хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог учир амьсгал боогдож үхэлд хүргэх аюултай.
Газанд агуулагдаж байгаа хорт бодисуудыг ихээр хэрэглэснээр хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, түлэх, амьсгал боогдуулах, цаашлаад амь насаа алдахад хүргэдэг аж. Үхэлд хүргэх аюултай хортой зүйлээр хүүхдүүдээ тоглуулж байгаагаа анхаарах цаг болжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг анхаарч газын хэрэглээндээ хяналт тавих хэрэгтэй.
ГАЗНЫ АЮУЛД АНХААРДАГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА АЛГА
Газыг хаана, хэзээ хэрэглэх нь хувь хүмүүсийн асуудал байх. Гэхдээ хүмүүсийг тэр дундаа хүүхдүүдийг аюулд учруулаад удаж байгаа газны хэрэглээнд мэргэжлийн байгууллагууд тодорхой хэмжээгээр хяналт тавьдаг байх учиртай. Цагдаагийн байгууллага газанд мансуурсан хүүхдүүдийг анхаарч, арга хэмжээ авдаг атлаа нэгдсэн судалгаа, тоо гаргаж өгсөнгүй. Мөн газанд мансуурсан хүүхдүүдийг хүлээн авч эмчилдэг ЭХЭМҮТ-аас асуухад тус газрын Хүүхдийн эмч М.Эрдэнэбаатар “Газанд хордсон хүүхдүүд мансуурсан хөөрлийн байдалтай ирдэг. Ихэвчлэн өсвөр насны эрэгтэй хүүхдүүд ангиараа эсвэл олуулаа байх үедээ газ үнэртэж мансуурах тохиолдол гарч байна. Ахуйн хэрэглээний газ нь хорт бодис бөгөөд үнэртсэн тохиолдолд хүний тархи, оюун санаанд шууд нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэхдээ манай эмнэлэгт химийн бодист хордсон гэж бүртгэхээс газанд хордсон гэж тусад нь ангилдаггүй. 2015 онд 4746 хүүхэд хордож эмнэлэгт ирсэн. Сүүлийн үед газанд мансуурах хэрэг нэмэгдэж байгаа учраас цаашид газанд хордсон гэж ангилах нь зүйтэй юм байна” гэсэн хариултыг өглөө.
Харин МХЕГ-аас газны худалдаанд ямар хяналт тавьдаг талаар лавлахад “Дэлгүүр худалдааны төвд борлуулж байгаа газны бүрэн бүтэн, аюулгүй байдалд хяналт тавьдаг. Түүнээс газ худалдаалах тусгай зөвшөөрөл байдаггүй. Бүх салбарт ашигладаг газ буюу шингэрүүлсэн шатдаг хийний тоног төхөөрөмж, хадгалах нөхцлийг иргэдийн гар дээр очихоос өмнө төлөвлөгөөт юм уу, төлөвлөгөөт бус шалгалт хийдэг” гэлээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: