Г.МӨНХТУЛГА: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинээр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай зарлиг гаргаж, тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан нь алдаа болсон гэж “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав үзэж байгаа. Харин Ерөнхийлөгч үнэхээр хууль зөрчсөн үү? гэсэн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Мөнхтулгаас тодрууллаа.
-Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн зарлиг гаргаж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан нь Ерөнхийлөгчийн алдаа гэж зарим хүн үзэж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчөөгүй. Тодруулбал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6-д: Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг.
2001 онд батлагдсан Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуулиар эрх бүхий этгээдээс хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д хууль санаачлагч гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрыг ойлгоно, мөн зүйлийн 2.1.4-т УИХ-ын бусад шийдвэрийн төсөл гэж хууль санаачлагч болон эрх бүхий бусад байгууллагаас Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулж байгаа Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг хэлнэ гэж тус тус тодорхой заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон энэ хуулийн заалтаас харахад Ерөнхийлөгч заавал өргөн барьсан хуультайгаа холбоотой тогтоолын төсөл өргөн барих ёстой гэсэн ойлголт огт байхгүй нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд, шаардлагатай гэж үзсэн ямар ч асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан УИХ-ын даргад өргөн барих хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхтэй юм. – Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын онцгой эрхэд халдсан гэж үзээд байгаа шүү дээ? -Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг энэ асуултанд хангалттай, тодорхой хариулт өгч байна шүү дээ.
- Ер нь Ерөнхийлөгч санаачилсан хуультайгаа холбоогүйгээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан тохиолдол бий юу?
- Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор, шаардлагатай гэж үзсэн ямар ч асуудлаар УИХ-д хууль болон тогтоолын төслийг санаачлан оруулах эрхтэй. Нэг жишээ хэлэхэд: Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан батлуулсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-г хэрэгжүүлэх явцад үүссэн зарим нэг хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Ерөнхийлөгчөөс 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн төслийг санаачлан боловсруулж, батлуулсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинээр боловсруулах ажлын хэсэг байгуулахдаа УИХ-ын гишүүдээс ганц ч хүн оруулаагүй гэсэн?
- Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувиар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлын хүрээнд 2009 оны 10 дугаар сарын 26-нд зарлиг гарган Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү баримт бичиг нь өөрөө Монгол Улсын оршин тогтнохуйн хийгээд, нийгэм, төрийн байгууллын, иргэдийн эрх, эрх чөлөө, хүн ам, удмын сангийн болон эдийн засгийн зэрэг бүхий л салбарын аюулгүй байдлыг хангах талаарх төрийн нэгдмэл бодлогын үндсийг тогтоож байдгийн хувьд энэхүү баримт бичгийг боловсруулах ажлын хэсэгт нийгмийн бүхий л салбарыг төлөөлсөн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулан оролцуулсан.
Улмаар энэхүү ажлын хэсгээс боловсруулсан саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас бүрдэх ҮАБЗ-ийн 2010 оны 4 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д суудалтай намуудаар хэлэлцүүлэн, санал, бодлыг нь авахад бэлэн болсон хэмээн үзсэний дагуу Ерөнхийлөгч 2010 оны 4 дүгээр сарын 16-нд УИХ-ын гишүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон улс төрийн намуудын дарга нар гэх мэт хүмүүсийн төлөөллийг оролцуулан ажлын хэсгийг өргөтгөн зохион байгуулж, санал, бодлыг нь тусган төслийг эцэслэн боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ ч тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу холбогдох байнгын хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаараа хэлэлцэн, судлан байж УИХ-ын чуулганаар тогтоолын төслийг баталдаг тул УИХ-ын гишүүдийг тогтоолын төслийг боловсруулахад оролцоогүй, санал бодлоо нэмэрлэх боломжгүй байсан гэж ярих нь үндэслэлгүй юм.
Ш.Эрдэнэчимэг

montsame


URL:

Сэтгэгдэл бичих