Сирийн хэлэлцээрийг хугацаанд нь явуулах ёстой гэв

1-22-2_700x700

АНУ болон ОХУ-ын тал Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын хэлэлцээр ирэх сард эхлэх ёстой гэв. Хэлэлцээрийг олон улсын байгууллагын зуучлалаар явуулах аж. Гол асуудал нь одоогоор Сирийн сөрөг хүчнийг хэн төлөөлөх нь тодорхойгүй байгаа юм байна.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Хэлэлцээрийг хойшлуулах бодолгүй байна” хэмээн мэдэгджээ. Тэрээр Цюрихт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсаны дараа дээрх мэдэгдлээ хийжээ. Сирийн хэлэлцээрийн талаар энэ сарын 25-нд зөвлөлдөхөөр болсон. Сергей Лавровын хэлснээр Сирийн сөргөлдөгч талуудын хэлэлцээрийн товыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн зарлах ёстой. Тэрээр НҮБ-ын Сирийн асуудлыг эрхэлсэн төлөөлөгч Стаффан де Мистуратай зөвлөлдөж байж хэлэлцээрийн хугацааг товлох аж.

НҮБ-аас нэгдүгээр сарын 18-нд гаргасан мэдэгдэлдээ хэрэв энхийн хэлэлцээрт зуучлагч их гүрнүүд, тэрэн дотор АНУ болон ОХУ Сирийн сөрөг хүчнээс хэн оролцох талаар зөвшилцөж чадахгүй бол хэлэлцээрт хэнийг ч урихгүй гэжээ.

Кремлийн эрх баригчид Сирийн Засгийн газрыг, харин Вашингтон сөрөг хүчнийг дэмжиж буй. Олон жил үргэлжлээд байгаа Сирийн мөргөлдөөний улмаас олон мянган хүн амь үрэгдэж, тус улсын олон сая хүн эх орноосоо дүрвээд байгаа.

М.Хүслэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих