Чонон сүргийн сүүлийн өчил

Америк, Европын ихэнх орон чоноо яг ийм замаар устгасан

Архангай аймгийн Цэнхэр сумын нэг малчныхаар орлоо, өнгөрсөн намар. Гүү барьсан айлд албаар саатсан минь энэ. Гэрийн эзэгтэй ааш сайтай юм. Хул дүүрэн айраг цэлэлзтэл хийн барих аж. Бидний араас төд удалгүй 18-20 гаруй насны таван залуу орж ирээд тухлав. Үнэнийг хэлэхэд тэд замын бидэнтэй “зэрэгцэн” айраг залгилж суух нь нэг бодлын тээртэй санагдаж байсныг нуух юун. Гэхдээ намрын айрганд халамцсан залуусын яриа эрхгүй сонирхол татлаа.

Тэд урд шөнө нойргүй хоножээ. Сүүлийн хэдэн шөнө дараалан тэр хавийн айлуудын хотонд чоно орж, арав гаруй хонийг нь сэглээд хаячихаж. Гэрийн эзэн “Сүргээсээ тасарсан тэр ганц хонийг харж байна уу. Урд шөнө ээлжээр манаж хоносон атлаа л энэ хонийг бариулчихлаа. Хашааны захад хэвтэж байсан энэ хонины сүүлийг нь тасдаад авчихаж” гээд уулын энгэрт ганцаараа хэвтэж байгаа хонийг заан өгүүлэв

Бэлтрэгээ суйлуулж, сүргээ алдсан чононууд малчдын хот руу дайрч эхлэв үү

Энэ шөнө ч бас тэд манаанд гарна. Хоёр буу бэлдчихэж. Бас дуу чимээ гаргахаар тогоо шанага, нимгэн төмөр хавтан зэргээр зэвсэглэжээ. Харин одоо чонын авд гарахаар бус, дайралтаас нь хотоо хамгаалахаар бэлтгэсэн малчдын өнгөрсөн түүхийг сөхье. Энэ нутгийн засаг захиргаа сүүлийн хэдэн жил чоно устгах ажлыг идэвхтэй зохион байгуулжээ. Зэрлэг амьтны зөн совин, шинж чанар, онцлогийг ч мэдэхгүй залуус анчин нэр зүүн авд баахан гарсан юм байх. Цаашлаад бэлтрэг суйлах ажилд малчид төдийгүй сумын ажилгүй залуус идэвхтэй оролцжээ. Нэг бэлтрэгийг дунджаар 3000- 5000 төгрөгөөр худалдан авах болзол олон хүнийг хамруулж чадсан байна. Суйлсан бэлтрэгийг тушаахад амьд, эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь алж, устгасан байх хэрэгтэй.
Угтаа бол жинхэнэ аллагыг тэр үед зохион байгуулж байсныг би нүдээрээ харсан удаа бий. Эхийнхээ хөхнөөс салаагүй нялх амьтдыг 40-ийн бедонд хийчихсэн, заримыг нь гаргаж ирээд тамлаж байхад нь өмөөрч, өрөвдсөн биш “Та нар малчдын зовлонг ойлгохгүй байна” хэмээн уурлаж байсан хүүгийн царай одоо ч нүдэнд харагдаж байна. Өвдсөндөө гаслан гийнаж, шээс нь гоожиж буй тэр жижигхээн амьтныг хайрлах сэтгэл үнэндээ тэдэнд байгаагүй.

Тэгвэл одоо ан эсрэгээрээ эргэжээ. Бэлтрэгээ суйлуулж, сүргийнхээ магадгүй талыг алдсан чононууд эргээд малчдын хот руу дайрч эхэлсэн бололтой. Монголчууд эрт үеэс, хэрэв чоно хотонд халдвал цаг муудаж, гай зовлон нүүрлэхийн цондон хэмээн үздэг байв. Тэрчлэн залхуу малчдыг сэргэг байлгадаг, малыг нь өвчлөлөөс хамгаалдаг хамгийн сайн хамтрагч, хянагч гэж настайчууд ярих нь бий. Чоно хүнээс дутахгүй ухаантай гэдэг үгний учир ч энэ байж болох. Уг нь чоно ухаантай гэдгийг шинжлэх ухаан хэдийнэ тогтоосон. Гэхдээ тэдэнд хувцас оёх, барилга барих, машин үйлдвэрлэх, буудах ухаан байхгүй. Энэ утгаараа жийптэй, буутай, онгоцтой, морьтой хүмүүсийн өмнө хүч мөхөсдөж байна.

Үнэндээ Монголын чоно галзуурсандаа, ухаан солиорсондоо хүн рүү ойртож, хот руу нь дайрах эрсдэлтэй алхам хийгээгүй. Ой тайгад, хээр талд барьж идэх амьтан, хоол хүнс байхгүй болсонтой холбоотой гэдгийг манай судлаачид баталж байгаа юм. Тэрчлэн мал хэт их өссөнөөс зэрлэг амьтдын бэлчээр, эзэмшил нутгийг малчид бүхэлд нь эзлэн түрэмгийлж эхэлсэн. Хийморьлог энэ амьтдад өнөөдөр малнаас өөр хоол олдохгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн тооцоогоор 1986 онд манайд 30 мянга гаруй саарал чоно 18 аймгийн нутагт байжээ. Харин одоо яг хэдэн чоно Монголд үлдсэнийг батлах судалгаа, дэлгээд харуулах баримт алга. Хангайн бүсээс бусад нутагт эрс цөөрсөн хэмээн үзэж байна.

  • 30 мянга гаруй саарал чоно 18 аймгийн нутагт байсан.
  • Зүүн бүсэд саарал чоно агнахыг хориглосон хугацаа 2017 оны хоёрдугаар сард дуусна.
  • Социализмын үед манайх Унгар улсад жилд 300 бэлтрэг худалдаж байсан түүх бий.
  • Уралдаанд аймаг даяараа оролцож, хэдхэн хоногийн дотор 273 чоно хоморголон устгасан

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч доктор, профессор Б.Лхагвасүрэн “Монголд чоно хэзээ ч устахгүй гэж манайхан бодож байж болно. Тийм биш ээ, устаж эхлээд байна. Саарал чоно одоо хэд байгааг бүү мэд. Дорнод аймагт судалгаагаар явж байхдаа хилээр олон тэвш хөлдөөсөн чоно Хятад руу ачигдан гарч байсныг харсан. Одоо ч энэ наймаа үргэлжилсээр байна. Америк, Европын ихэнх орон чоноо яг ийм замаар устгасан. Харин одоо сэргээн нутагшуулахад хэдэн арван сая ам.доллар зарж, бас хамгаалж эхэллээ. Энэ байдлаараа бид хэдэн жилийн дараа аль нэг орноос өндөр үнээр чоно худалдан авч, яг тахь шиг сэргээн нутагшуулах ын үгүйсгэхгүй” хэмээн анхааруулж байлаа.

Саарал чонын тоо толгой зарим бүс нутагт эрс цөөрч буйтай холбоотойгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас чоно агнахыг гурван жил хориглосон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ “Зохих зөвшөөрөлгүй, мөн хориглосон бүс нутгаас чоно агнах, чонын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах зөрчил гарсаар байгаа. Иймд зөвшөөрөлгүйгээр ан амьтныг агнах, эд эрхтэнийг нь худалдан авбал мөн адил хуулийн дагуу арга хэмжээ авахуулна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Зүүн бүсэд саарал чоно агнахыг хориглосон хугацаа 2017 оны хоёрдугаар сард дуусна. Цааш сунгагдах, эсэхийг салбарын яам шийднэ. Аливаа амьтны тоо толгой хомсдож, устах аюулд орсон бол ийм шийдвэр гаргадаг. Хориг дуусахад чонын тоо толгой хэвийн хэмжээнд хүрсэн нь батлагдвал цуцлагдах биз ээ” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Чонон сүргийн амьдралаас жинхэнэ гэр бүлийн “уур амьсгалыг” харж болно. Өрхийн тэргүүн болох азарган чоно гичий, бэлтрэгнүүдээ хамгаалах, тэжээх, олзоо барих гээд бүгдийг хариуцна. Хавар болоход сүрэг хос хосоороо салдаг бөгөөд өөрийн гэсэн эзэмшил нутагтай. Нутгийнхаа хил дагуу шээсээрээ тэмдэг тавьж эзэнтэй гэдгийг мэдэгддэг аж. Хосоор салсан бүл төд удалгүй 2-8 бэлтрэгтэй болно. Бэлтрэгнүүд хоёр сар орчим сүүгээ хөхнө. Чухам энэ үед хосууд үр төлөө хамгаалахын тулд нүхнээсээ хол ан хийхгүй. Цаад тал нь долоон км холдоно.

Цагаан зээрийн тархац нутагт чоно сэргээн нутагшуулах шаардлагатайг анхааруулжээ

Харин “хүүхдүүд” нь сүүнээс гарахад эцэг, эх чоно барьсан амьтнаа ходоодондоо зөөллөж гулгиж гаргах байдлаар хооллодог аж. Бүр томронгуут барьсан амьтнаа амьдаар нь авчирч “хичээл” заадаг байна. Үүний хажуугаар азарган чоно бэлтрэгнүүдээ дагуулан эзэмшил нутгаа танилцуулна. Намрын сэрүүн ороход бэлтрэгнүүд сүргийн гишүүн болж, ан авд оролцох насанд хүрсэн гэдгээ зарлан улидаг байна.

Ер нь чонон сүргийн амьдрал нарийн дэг журам, хатуу сахилга дээр тогтдог талаар судлаачид өгүүлсэн байдаг. Дутуу заяатдаа үзэгддэггүй, адил заяатдаа харагддаг, илүү заяатдаа алагддаг хэмээн монголчууд ярих дуртай. Сүүлдээ энэ үгний утга учир үнэ цэнээ алдаж, туйлшралын дээд цэгтээ хүрээд байна. Чоно агнаж хийморио сэргээнэ гэсэн хачин утгагүй заншил ёс мэт тогтчихлоо. Уг нь энэ үг жинхэнэ, мэргэжлийн удам дамжсан анчдад хамаатай баймаар. Харин бусад “сонирхогчийн” хувьд чоныг хайрлан хамгаалбал цог хийморь нь сэргэдэг гэж эрт үеэс ярьдаг байв. Чоно хэдий зэрлэг амьтан ч хүнд дасахдаа амархан. Түүнчлэн дассан хүндээ хэзээд үнэнч байдгийг судлаачид тогтоосон байна. Мөн чоныг байгалийн эмч хэмээн нэрлэх нь ч бий. Тэд амьтан барихдаа аль сул дорой, өвчтэй, хөгшнийг нь олзолдог болохоор тэр.

Дөрвөн жилийн өмнө шиг санаж байна. Говь-Алтай аймгийн ЗДТГ, ИТХ болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар 50 сая төгрөг гарган, чоно агнах уралдаан буюу аллага зохион байгуулсан удаа бий. Уралдаан аймаг даяараа оролцож, хэдхэн хоногийн дотор 273 чоно хоморголон устгасан. Ийнхүү аймгийнхаа төв талбай дээр цус нөжөндөө холилдон хөлдсөн чононуудыг эгнүүлэн тавьж, бахархан хөөрцөглөж байв. Угтаа бол машин техник, галт зэвсгийн хүчээр “дийлдэг” энэ мэт аллагыг бид зүгээр яриад өнгөрөх биш, гутамшиг болгон жигшүүлэх учиртай. Хамгийн гол нь зэрлэг амьтдыг хүйс тэмтэрсэн аллагууд бяцхан хүүхдүүдийн сэтгэхүйд маш том сөрөг мэдээлэл болон хадгалан үлдэж байдгийг мартах учиргүй.

Дахин нэг баримт. Малын гоц халдварт шүлхий өвчин байсхийгээд гарч, нийгэм, эдийн засагт хохирол учруулдаг. Үүний дагуу салбарын яам агентлаг, хяналт шинжилгээний байгууллагаас бүрдсэн Ажлын хэсэг шүлхий тархаад буйн шалтгааныг тогтоохоор орон нутагт олон хоногоор ажилласан байна. Харин Ажлын хэсгийн дүгнэлт дотор анхаарал татах нэг зүйл байсан. Тэнд “…цагаан зээрийн тархац нутагт чоно сэргээн нутагшуулах арга хэмжээ авах шаардлагатай байна…” гэжээ. Энэ дүгнэлт Монгол нутгийн саарал чонын хувь тавилан хэрхэж буйг гэрчлэх нэг баримт биш гэж үү.

Ц.Цэвээнхэрлэн

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих