З.Энхболдыг “шонхордох” шалтгаан юу байв
Улс төрд “шонхордох” гэдэг нэгэн хэлц бий. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд АН-ын “Шонхор” фракцынхан хуралдаа суулгүй нэг ёсондоо хурал хаяж, үүнээс болж засгийг дэмжих гишүүдийн ирц дутаж, намын дарга нь танхимтайгаа хамт унасан билээ. Тэгвэл уржигдар буюу лхагва гаригт товлогдсон АН-ын ҮЗХ-ны хуралдааныг эрх ашгийн зөрчилтэй фракцууд нь мөн “шонхордов”. Ингэснээр ҮЗХ-ны ирц бүрдэлгүй хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүрлээ. Өөрсдөд ашигтай шийдвэр гаргуулахын тулд ирцээр бойкотлох “шонхор” ажиллагаа ийнхүү зорилгоо биелүүлэв. УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болсноосоо хойш анх удаа ҮЗХ-гоо зарлан хуралдуулах гэсэн боловч ийнхүү бүтэлгүйтлээ. Тэрээр АН-ыг фракцгүй нам болсныг зарласан ч хэрэг дээрээ фракцуудтайгаа ойлголцож чадахгүй байгааг уржигдрын үйл явдал харуулав. ҮЗХ-ны гишүүдийн хувьд З.Энхболдыг “шонхордох” ямар шалтгаан байв. Үүнд хариулахын тулд ҮЗХ-ны хуралдааныг ирцгүй болгохыг санаачлагчид хэн бэ гэдгийг эхлээд тодруулах ёстой. Энэ бол МҮДН фракцынхан гэх. Тус фракцынхан З.Энхболдын байгуулсан “Шонхор” фракц хүчтэй байгаад таагүй ханддаг. Тиймээс МҮДН-ийнхэн санаачлан “Шонхор”-ынхныг “шонхордсон” байна. Уг нь АН-ын даргын хувьд парламент дээр Засгийн газрын тэргүүнийг огцруулах санал орж ирчихээд байгаа энэ үед нам дотроо бужигнах нь сайн зүйл биш гэж үзэн ҮЗХ-ны хуралдаанаа эв түнжинтэй, эерүү уур амьсгалд хийх сонирхолтой байсан, тийм ч чиглэл өгсөн гэдгийг ажиглагчид онцолж байна. Гэтэл ҮЗХ-ны 228 гишүүн тийм амархан эв эедээ орсонгүй. Ингэх дараагийн нэг бодит шалтгаан нь АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудал юм. АН-ын генсек хэдийгээр “Алтангадас” фракцынх боловч сүүлийн үед бараг л “Шонхор” фракцынх болсон. Энэ нь эрхэлж байгаа албан тушаал хийгээд намын даргатай нь холбоотой байх. Яагаад гэвэл АН-ын удирдлага бүхэлдээ нэг фракцид шилжих гээд байна гэсэн үг. Үүнээс үүдээд генсекийн томилгоог эсэргүүцэх хэсэг АН-ын ҮЗХ-д бий болоод байх шиг байна.
МҮДН тэргүүтэй фракцууд намын даргаа “шонхордсон” дараагийн ноцтой шалтгаан нь ҮЗХ-ны гишүүдийн татварыг нэмэх тухай яриа. АН-ын ҮЗХ-ны гишүүд намдаа жилд нэг сая төгрөгийн татвар төлдөг. Энэ татварыг арав дахин нэмэгдүүлэх тухай АН-ын удирдлагын төвшинд ярьжээ. Ингэхийн тулд ҮЗХ-ны хурлаар намынхаа үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах ёстой. Ийнхүү жилд төлөх татварынх нь хэмжээг өсгөх гэж байгаа нь ҮЗХ-ны гишүүдийн дургүйг хүргэсэн байна. Учир нь ҮЗХ-ны 228 гишүүний ихэнх нь жилд төлөх нэг сая төгрөгийн татвараа өөрөө төлдөггүй. Фракцын тэргүүн, эсвэл фракцынх нь хэн нэг бизнесмэн нь бусад гишүүдийнхээ сая төгрөгийг даачихдаг, харин тухайн гишүүн үүний нь хариуд аливаа асуудал дээр фракцынхаа бодлогыг дэмжиж ажиллах үүрэг хүлээдэг бичигдээгүй хууль ҮЗХ-д үйлчилдэг гэдэг. Жишээ нь ҮЗХ-д 20 гишүүнтэй фракцын тэргүүн жилд нэг удаа 20 гишүүнийхээ татвар болох 20 сая төгрөгийг гаргачихад нэг их хүндрэлгүй. Гэтэл одоо яригдаж байгаагаар 10 сая болох юм бол фракцуудад жинхэнэ хүндрэл үүснэ. Жилд 10 сая төгрөгийг хувиасаа төлөх сонирхолтой ҮЗХ-ны гишүүн тийм олон гарахгүй. Өндөр албан тушаалд хүрээгүй, бялууны хэлтэрхий хүртээгүй, зүгээр л мандатаа ашиглан фракцийнхаа бодлогыг урагшлуулах саналын эрхтэй суудаг хүн бол бүр дургүйцнэ. Энэ тохиолдолд фракц нь гишүүдийнхээ татварыг даана гэхээр дээр хэлсэн шиг 20 гишүүнтэй фракц л гэхэд 200 сая төгрөгийг хэн нэгнээсээ гаргуулна гэдэг хүнд. ҮЗХ-ны гишүүдийн татварыг ингэж эрс нэмэгдүүлэх нь мэдээж засагт олон сайд, даргатай, хүчирхэг фракцид л ашигтай. Ийм хүчирхэг фракц одоогоор З.Энхболдын байгуулсан “Шонхор” л байгаа.
ҮЗХ-ны ирц хүрээгүй дараагийн шалтгаан бол төрийн албанд шилжсэн гишүүдийн оронд хийх нөхөн сонгууль. ҮЗХ-ны 60 гаруй гишүүн өнгөрсөн хугацаанд төрийн албанд шилжсэн тул тэдний орны хүмүүсийг сонгох ёстой. Фракцууд үүнд хүмүүсээ зүтгүүлж таарна. ҮЗХ дэх хүчний харьцааг тэнцвэржүүлэх тэмцэл өрнөнө гэсэн үг. Энэ нь З.Энхболдыг “шонхордох” гол шалтгаан биш ч гэлээ шалтаг болсон биз ээ.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: “Ардын эрх” сонин
URL: