“Казино” Д.Баттулгын амбиц тусгаар тогтнолоос үнэтэй юу

-УИХ-ын дарга Та 608 хүний 68  хувийн саналаар хотын мандатыг нэмж болно гэж бодоогүй биз-

УИХ-ын сонгуулийн нийслэл дэх квотын тоог нэмэгдүүлэх асуудал маргаан дагуулаад байна. Тэгэхдээ бүр АН, МАН-ын хоорондын бус, АН доторх гишүүд энэ талаар санал зөрөлдөж, булхайгаа дэлгэлцээд эхэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Үүний дараа “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төсөл, “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Б.Гарамгайбаатар “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны энэ өдрийн хэлэлцэх асуудлуудаар АН-ын бүлэг завсарлага авъя” гэсэн.

Үүнийг дахиад л “наймаа” гэхээс өөр арга алга.МАН Ерөнхий сайдыг нь огцруулахад яараагүй байхад харин ч үргэлжлүүлээд нийслэлийн тойргийн мандатыг нэмэх асуудлаа батлаад авах боломж байхад яагаад завсарлага авав. Бас л нам дотроо тохиролцоонд хүрч чадаагүй, алдарт дотоод зөрчлөөсөө болов уу.

Дөнгөж сонгогдоод эхний дөрвөн жилээ барцадтайхан давж яваа Б.Гарамгайбаатараас эхлээд 1990 оны депутат, УИХ-д гурав дахиа сонгогдоод байгаа Н.Батбаяр хүртэл энэ асуудлаар өөр бодолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ улайраад байгаа өөрчлөлтөд нэг гажиг байгаа биз. Нийслэлд хүн амын 44 хувь нь амьдарлаа гээд Үндсэн хуулиа зөрчөөд хүн амын шилжих хөдөлгөөнд хөтлөгдөж Сонгуулийн хуулиа баталдаг орон гэж байдаг юм уу. АН-ынхны үлгэр дуурайлал болгох дуртай АНУ хүртэл Конгрессийн гишүүдээ сонгохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээсээ хоёр гишүүн сонгодог. Гэтэл Монголд хот руу нүүдэллээд байвал хотын мандатаа нэмж, хөдөө рүү тараад байвал мандатаа тараагаад байдаг парламент, сонгууль, сонгуулийн хууль, тийм “зөөврийн төр” байдаг юм уу.

Үнэндээ өнөөдрийн байдлаар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн “болсон” тэр хүмүүс орон нутагт очиж ажилладаггүй нь хаана ч батлагдаад байгаа. Тэд Монголын газар нутгийг гадныханд эзэмшүүлэх шийдвэрийг огт шимшрэлгүйгээр гаргаж, зөвхөн “Ордны улстөр” хийдэг. Халхголд чөлөөт бүс байгуулах, тэндхийн газар нутгийг ашиглах шийдвэр гарлаа гэхэд Х. Болорчулуун  нарын сонгогдсон гишүүн нь хамгийн түрүүнд очих ёстой байтал аргагүйн эрхэнд, нөхцөл байдлын улмаас Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа очоод төрөлх нутгийнхандаа чулуу шидүүлж хөөгдөөд ирж байх жишээтэй. Ц.Баярсайхан Өмнөговь нутгаас сонгогдож Оюутолгой, Тавантолгойнхоо асуудлаар иргэд, сонгогчдын дунд ярьснаас Төрийн ордонд кноп дараад сууж байх нь амархан юм байна гэж үзсэн. Гэтэл Р.Бурмаа, Ц.Баярсайхан нарын цахим үнэмлэхийг хараарай, хэн нь хөдөөнийх гэж. Хэн тэнд оршин суугаад байдаг юм бэ. Ерөөсөө сүүлийн хэдэн сонгуулиас харахад нэр дэвшигчид  сонгуулиар эцэг эх, өвөг дээдсийнхээ нутгийг зүглэж бараг л “Сайн байна уу, Та манай өвөө тэр гэж хүн байсныг мэдэх үү” гэх нь холгүй байдаг. Өтөл буурал ижий аавыгаа та нутаг руугаа ярь, надтай хамт яваад өгөөч гэж байж тухайн тойрогт дэвших боломж олж авдаг нь нууц биш.

Энэ байдлыг жаахан халж өөрчилсөн нь намын жагсаалтаар гээд “Ордны” улс төр хийж, намаас нэр дэвшигчид олон суудал аваасай, тэгвэл би УИХ-ын гишүүн болно гэдэг байдал рүү шилжихэд хүргэсэн. Тэгэхээр энэ тийм ч нэмээд байхааргүй суудал байгаа биз. УИХ-аар “чухал биш” асуудал хэлэлцдэггүй. Хэлэлцэж байгаа асуудал бүхэн ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалсан, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, иргэнийхээ эрхийн төлөө байдаг. Тэр тусмаа улс орны аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг хэлэлцэх давтамж ихэсч байгаа энэ цаг үед “хотын жагсаалтынхан” буюу “Ордны хэмжээний улстөрчид” асуудалд ашиг сонирхлын эрэмбээ андуурч шийдвэр гаргадаг байж болзошгүйг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.

Одоо тэд яаж УИХ-д дахин сонгогдох вэ, яавал хадагдаж үлдэх вэ гэхээс өөр зүйлд тэгтлээ санаа зовнихгүй байгааг ойрын өдрүүдийн хуралдаанууд харуулж байна. Ийм хүмүүсийн тоог нэмэхэд иргэд сонгогчид дуугүй л байх ёстой юу. Эгзэгтэй мөчид өөрсдийнхөө эрх ашгийг эн түрүүнд тавьсан шийдвэр гаргах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн өөрсдөдөө барьж буй бэлэг юм байж. Үүнийгээ хуйвалдааны зарчмаар булаалдан авах гэж байна. Тэднийг сонгодог хүмүүс “Яавал тэд биднээр сонгуулахгүй өөрсдийгөө сонгодог болох вэ” гээд хараад сууж байх ёстой аж.

УИХ-ын дарга нь хүртэл “Цахим санал асуулга авлаа.  Нийт хүн ам 3.061.599. УБ-т 1.398.449 буюу 45.68 хувь. УИХ-ын тойргоос сонгогддог 48-ийн 14 нь УБ-аас байх нь. Үүнийг  32  хувь нь зөв, 68 хувь нь буруу гэж үзлээ” гэж твийтрт бичээд сууж байх жишээний. УИХ-ын дарга өөрөө хэдэн хүн төлөөлдгөө мэдэх үү. Түүгээр даргалуулж байгаа гишүүд цаанаа хэдэн хүн төлөөлдөг байх вэ. Ийм хэмжээний эрх мэдлийн индрээс тиймхэн дүгнэлт гаргаад “Санал асуулгад оролцсон 608 хүний 68 хувь УИХ-ынтойргийн 48 мандатын 14 нь Улаанбаатараас  байх нь буруу гэж үзлээ. Монгол Улсын нийт хүн амын 45.68 хувь нь оршин суудаг нийслэлд мандат нэмэхийг дэмжлээ” гэж бичээд сууж байгааг алдаа гэх үү, тэнэглэл гэх үү. Аль эсвэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хөвгүүн аккаунтдаа олон дагагчтай болохоор зугаацсандаа жижигхээн сорил хийсэн байж гээд өнгөрөх үү. Ямар учиртай 608 хүн энэ саналыг өгөв, ядаж интернэттэй, ядаж л ухаалаг гар утастай байж таарах нь. Тэд Баян-Өлгийн, Ховдын, Увсын, Өмнөговийн, Сүхбаатар аймгийн Улаанбаатар хотод ч ирж үзээгүй сонгогчийг төлөөлөх үү.

УИХ-ын дарга жижиг биетэй байсан томилогдож ажиллах эрхтэй байлаа гэхэд жижигхэн сэтгэж олон нийтэд нөлөөлөх гэж оролдох эрх байдаггүй байхгүй юу. Жижигхэн төрүүлсэн хэн нэгэнд гомдож болох бол жижигхэн сэтгэж олны эрх ашгаар зугаацсан бол амаа, гараа бариад ч хэрэггүй, өөртөө л гомд.

Өнөөдөр орон нутгийн сонгогчид төлөөлөл минь цөөнөдөж байна, гишүүнийхээ барааг харсангүй. Тоож харах төргүй боллоо, нутгийн засаг захиргааны ажлыг ирж шалгахгүй байна гэж гомдоллодог. Нэгэнтээ Баян-Өлгий аймагт гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажиллаж, нутгийн иргэдтэй уулзалт хийж байтал нэгэн иргэн “Тэр К.Сайраан гэдэг хүний барааг огт харсангүй. Зурагтаар л Арабт, Казахстанд айлчилж байна гээд гардаг гэсэн. Тэр хүнтэй тааралдвал Арабаасаа нэр дэвшээрэй, дахиж сонгохгүй шүү гээд дамжуулчихаарай” гэж билээ.  Түүнийг хэн ч шоолж инээгээгүй. Бүгд урвайсан, бухимдсан байлаа.

Өнөөдөр алс хязгаар нутгийн сонгогчид бараг л Цэцэг нуурын дугуйлан шиг сэм захиа бичиж УИХ-д илгээх нь холгүй байна. Гэтэл одоо байгаа төлөөллөөс нь хасахаар юу болох бол. Наанадаж хөдөө орон нутгаас төрд төлөөлөх хүний тоог бууруулах нь хот руу зорих их нүүдлийн цувааг улам нэмэгдүүлнэ. Мөн орон нутагт хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт энэ хэмжээгээр буурна гэсэн үг. Улаанбаатар хотын мандатыг 22 болгож нэмсэн тохиолдолд УИХ-ын 50 гишүүн Нийслэлчүүдийн дуу хоолой болж байгаа нь Улсын Их Хурлын бодлого, Монгол Улсын бодлого бус Улаанбаатарыг л тойрон эргэлдэх байдал лавширна. Үнэн хэрэгтээ НИТХ томорч гишүүд нь чанаржина гэснээс ялгаагүй.

Цаашилбал “кноп” дарна гэдэг л тэдний хувьд улс орныхоо төлөө хийж байгаа хамгийн том ажил үйлс болж, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудалд хүртэл тухайн нутаг орноо гэсэн төрөлх иргэний цохилох халуун зүрхний дуудлагаар биш, намын даргадаа, олонхдоо таалагдах үүднээс шийдвэр гаргадаг болж байна. Одоо 14 байхдаа тийм шинж чанарыг хадгалаад байхад 22 болгох нь хэнд ашигтай гэж. АН-ын ялалтад уу, аль эсвэл нийслэлийн мандатаар хэн нэр дэвшихийг “шийдэх” НИТХ-ын дарга Д.Баттулгын “хаанчлал” цөөн хоногоор ч гэсэн үргэлжилж, “үнэ, цэнэ” өсөхөд хэрэгтэй юу.

Энэ талаар завсарлага авсан өдрүүддээ АН-ынхан тохироод орж ирэх байлгүй дээ. Одоогоор бол саналаа нэгтгэж чадаагүй байгаа нь илт байна. Энэ улс оронд “Д.Баттулгын үнэ цэнийг өсгөх” гэхээс илүү улс оронд хэрэгтэй шийдвэр гаргадаг, аливаа шийдвэр Үндсэн хууль, холбогдох хуулийг зөрчөөгүй байх ёстой гэсэн байр суурьтай гишүүн цөөхөн ч атугай үлдсэн гэж найдъя.

Г.Бат


URL:

Сэтгэгдэл бичих