Е.Сагсай: Хар тамхи, мансууруулах бодисыг хил дамнуулж борлуулах хэрэг өссөн
Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.САГСАЙТАЙ ярилцлаа.
-Мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд прокурорын хяналт тавих чиг үүргийн талаар зөвлөлдөж, илтгэл хэлэлцүүлж байна. Зөвлөгөөний ач холбогдол нь юу байна вэ?
-Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн жил бүр болдог. Зөвлөгөөнөөр өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, энэ онд ажлынхаа зорилтыг тодорхойлж, анхаарах асуудлаа хэлэлцдэг. Прокурор Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар зөвлөлдөж байна. Тухайлбал, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг прокурорууд хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг зөвлөгөөнөөр ярьж, нэгж бүрийнхээ ажилд үнэлэлт өгч байна. Бид 2016 онд прокурорын хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын чанарыг дээшлүүлэх, магадгүй зарим сөрөг үзүүлэлтийг багасгах чиглэлд юуг анхаарах ёстой вэ гэдгийг зөвлөлдөж, удирдлагуудад чиглэл заалт өгч байна.
-Прокурорын хяналтад анхаарвал зохих ямар асуудлууд тулгарч байна вэ. Одоогоор эзэн холбогдогчийг нь олж тогтоогоогүй түдгэлзүүлсэн хэрэг хэр олон байгаа бол?
-Прокурорын байгууллага, прокурорын хяналтын үйл ажиллагаанд цаашид анхаарах хэд хэдэн асуудал бий. Тодруулбал, прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, прокурор хариуцсан асуудалдаа эзэн байх, хуулийг нэг бүрчлэн хэрэгжүүлж ажиллах, хүний эрх чөлөөг тууштай хамгаалах, шүүхэд яллах чиг үүргээ шударга, чадварлагаар биелүүлдэг байх асуудал бий. Тодорхой хяналтын чиглэлд бас анхаарах зүйл байна. Ялангуяа, эрүүгийн хэргийг шуурхай, богино хугацаанд шалган шийдвэрлүүлэхэд прокурорын хяналтыг чиглүүлэх ёстой. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 11 мянга орчим түдгэлзүүлсэн хэрэг байгаа. Эдгээр хэргийг илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтооход прокурор хяналт тавих үүрэгтэй.
-Улс хоорондын хэрэг зөрчлийг илрүүлэхэд тулгамдсан асуудал юу байна. Байцаан шийтгэх ажиллагаа явуулахад эрх зүйн хувьд зөрчилтэй бий шүү дээ?
-Хоёр хөрштэй хил залгаа оршдог аймгуудад хил, гаальтай холбоотой хэрэг зөрчил нэлээд гардаг. Хууль бусаар эд бараа нэвтрүүлэх, хил давж хулгай дээрэм хийх зэрэг олон хэрэг гарч байна. ОХУ-ын прокурорын байгууллагатай хил орчмын аймгууд байнгын ажил хэргийн холбоотой байгаа. Өнгөрсөн онд гэхэд манай улсын ОХУ-тай хиллэдэг найман аймгийн прокурорын удирдлагууд хойд хөршийн прокурорынхонтой уулзалт зохион байгуулж, хил орчмын хэрэг зөрчлийг хамтран шийдвэрлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж, чиглэл зөвлөмж гаргасан. БНХАУ-тай хиллэдэг аймгуудын прокурорууд хил орчмын нутаг дэвсгэрт эрх зүйн нөхцөл байдлыг яаж үнэлэх, хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх талд харилцаа тогтоож байна. Тулгамдсан, бэрхшээлтэй асуудлууд мэдээж байгаа. Тухайлбал, эрх зүйн туслалцааны асуудал байна. Хоёр улсын хил орчмын хоёр аймаг, нэгжийн хооронд үйлдэгдсэн хэрэгт шууд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй. Заавал төвөөрөө дамжиж эрх зүйн туслалцааны гэрээ хэлцлийн үндсэнд даалгавар явуулаад тэр нь төвлөрч байж буцаж аймагтаа ирж шалгалтыг хийх зэрэг хүндрэлтэй зүйл бий. Ялангуяа, эрүүгийн хэрэгт нотлох баримт цуглуулахад хил залгаа хоёр улсын аймаг, нэгжүүд нотлох баримт шууд солилцох нөхцөл хомс байдаг.
-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх, дамлах хэрэг зөрчил их гарч байна. Дийлэнх нь өмнөд хөршөөс оруулж ирж байгаа гэдэг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын нас залуужиж, арга нарийсч байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлдэг шүү дээ?
-Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсч, гэмт хэрэгт холбогдогчийн тоо ч эрс нэмэгдсэн. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг хил дамнан үйлдэх хэрэг их гарч байна. Ялангуяа, өмнөд хөршөөс хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар оруулж ирэх зөрчил буурахгүй байна. Манай улсын иргэд ч хар тамхи, мансууруулах төрлийн өвс ургамлыг түүж хэрэглэдэг явдал бий. Хар тамхины хэргийг шийдвэрлэхэд манайх ОХУ, БНХАУ-тай эрүүгийн эрх зүйн салбарт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй. Гэрээний хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Мөн Гадаад харилцаа, Хууль зүйн яам, прокурорын байгууллагууд, Элчин сайдын яамдын хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэж байгаа юм.
-Хилээр хуурамч архи оруулж ирж байгаа талаар мэдээлэл гарч байгаа. Энэ төрлийн шалгагдаж байгаа хэрэг байна уу?
-Хэвлэлээр хуурамч архи их хэмжээгээр оруулж байгаа талаар мэдээлэл гардаг ч яг энэ асуудлаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэрэг бараг байхгүй. Гэхдээ ОХУ-аас хуурамч архи оруулж ирээд борлуулж байгаа бол цагдаагийн байгууллага, МХЕГ, хилийн мэргэжилтнүүд шалгаад захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой. Ерөнхийдөө архийг зөвшөөрсөн тооноос хэтрүүлж хилээр оруулсан үйлдэл голдуу байгаа байх гэж бодож байна.
Б.Цэцэгдэлгэр
URL: