“Говь хангай” мебелийнхэн иргэдийн мөнгийг хууль бусаар “завшиж байна”

1453357505_12583744_1547968202196804_1489233971_n

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийг хэрэгжүүлснээр цахим хэлбэрт шилжээд байгаа билээ. Ингэснээр иргэн бүр татварын байцаагчийн үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон. Тухайлбал, иргэд худалдан авсан барааныхаа 20 хувийг оны сүүлээр эргүүлэн авч, өндөр сантай сугалаанд хамрагддаг байхаар хуульчилсан. Энэ хуулийг аж, ахуй нэгжүүд ч дагаж мөрдөх ёстой.

Урьд нь бид хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ганц сав ус авахдаа хүртэл НӨАТ шингэсэн үнээр худалдан авдаг байсан. Түүнчлэн бусад бүх зүйлийг ч энэ л журмаар худалдан авдаг байв. Харин манайд тус хууль хэрэгжиж эхэлсэнээр, иргэд сугалааны кодтой баримт  шаардаж эхэлсэнтэй холбогдуулж зарим аж ахуйн нэгжүүд хууль зөрчин худалдаалж буй барааныхаа үндсэн үнэ дээр 10 хувийг хууль бусаар нэмж иргэдийн мөнгийг завших болсон гэнэ. Эдгээрийн нэг нь “Говь хангай” мебель, тавилгын дэлгүүр юм.

Тэд зарж борлуулж буй бараан дээрээ хоёр өөр үнийн шошго тавьсан байх бөгөөд худалдан авалт хийх явцад НӨАТ гээд үнийн дүнгийн 10 хувийг нэмж иргэдийг мөлжиж буй явдал юм. Тухайлбал, ор болдог буйдан гэхэд “үнийн дүн”-г эхлээд 950 мянган төгрөгөөр танилцуулах бөгөөд худалдан авалт хийх явцад үнийн дүнгийн 10 хувь буюу 95 мянган төгрөгийг нэмж иргэдийн халаасыг “нимгэлж” байгаа юм.

Түүнчлэн ор, шкаф, толь сандлын иж бүрдэл тус дэлгүүрт 2.690.0 төгрөгийн үндсэн үнэтэй. Харин НӨАТ-тай үнэ нь 2.959.9 төгрөг болсон байна. Тухайн иж бүрдлийг худалдан авсан иргэн 269 мянган төгрөгийг хууль бусаар “ГОВЬ ХАНГАЙ” мебелийнхэнд алдаж байгаа гэсэн үг юм.

Харин энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Хуулийнхаа хүрээнд шударга зарчмаар ажиллахгүй хэрэглэгчдэд дарамт учруулж байна. Эдийн засгийн хямралтай, төрийн болон төрийн бус байгууллагын төсөв танагдсан, ажилчдынхаа цалинг цаг тухайд нь өгөхгүй байгаа энэ үед үнийг нэмж байгаа нь маш том дарамт. Сүүлийн зургаан сарын хугацаанд ажилгүйдэл их болж, үнийн хөөрөгдөл бий болж байна. Манай байцаагчид энэ асуудлаар гомдол ирүүлбэл шалгалт хийхэд бэлэн байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Ямар нэгэн улсаас бараа бүтээгдэхүүн импортолсон тохиол­­долд гааль дээр НӨАТ төл­дөг. Дотоодод ч мөн ялгаагүй. Талх худалдаж аваад дэлгүүртээ зарж байгаа бол мөн л адил тухайн талхыг үйлдвэрлэж буй газар НӨАТ төлчихсөн байгаа. Гэтэл хууль хэрэгжээд НӨАТ-ын баримт авч байгаагийнх нь төлөө иргэдийг хууль бусаар шулсан үйлдэл” хэмээн өгүүлэв.

Юутай ч энэ бүхнээс харахад “Говь хангай” мебелийнхэн өнгөрөгч жилүүдэд улсад төлөх ёстой татвараас ихээхэн зайлсхийдэг байсан нь тодорхой боллоо. Үнэхээр л тэд татвараа төлдөг байсан нь үнэн бол хууль зөрчин байж, иргэдийг ингэж санхүүгээр нь мөлжихгүй байсан нь лавтай. Тэдэнд хандаж хэлэхэд, захиалсан бараа цагт нь хүргэдэг болчихоод “иргэдийг завших”-аа бод гэж захих байна.

Тоймчхүү

Эх сурвалж: ФАКТ.МН


URL:

Сэтгэгдэл бичих