Тост, Тосон бумбын нуруу орчимд лицензтэй зургаан Хятад компанийн дөрөв нь нэг эзэнтэй
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруу орчмын эко системд аюул учруулж буй зургаан лиценз бүхий Хятадын компаниудын талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар хэлэхдээ, “Анх хэвлэлээр Тост, Тосон бумбын нуруунд 21 компани уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдээлж байсан. Харин Ашигт малтмалын газраас 16 компани лиценз эзэмшдэг гэжээ. Түүнээс Тост, Тосон бумбын нуруунд алтны зургаан лиценз олгосон. Эдгээр зургаан лицензийн дөрөв нь нэг эзэнтэй, хоёр нь өвөрмонгол хүний нэр дээр. Тост, Тосон бумбын нурууг сансраас авсан зураг бидэнд байна. Энэ зураг дээр нурууны баруун талд ирвэс хамгаалах ажил явагдаж байсан. Нийт хамааралтай 21,16 лизенз байгаа гээд байгаа. Үүнд тус нуруунаас урагш 20 км-ийн зайтай “Нарийн сухайт”-ын орд бий. Нүүрсний энэ ордын хажуу болон урд талд нь 19036 гэсэн бас нэг талбай бий. Энэ хэргийг хэвлэл мэдээллийнхэн дутуу мэдээлэлтэй болоод олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байна уу, эсвэл шалгаж байгаа газар хариуцлагагүй хандаад байна уу гэдэгт асуудал байна” гэсэн юм.
Тиймээс бид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Зургаан компани байгаа гэсэн. Ямар компаниуд байгаа вэ?
-Өмнөговийн Гур¬ван тэс сумын Тост Тосон бумбын нуруунд хайгуулын 15127 дугаартай лицензийг “Фокс-майнинг” мөн 13107 Х, 13108 Х, “Намуун тод” 13109 Х зэрэг тусгай зөвшөөрлийг “Мөнхийн нохон далай” компаниуд эзэмшдэг. Эдгээр дөрвөн компанийн эзэн нь Тан овогтой И Хан гэдэг хятад хүн. АМГ-т тусгай зөвшөөрлийн эзэн И Хан гэдэг атлаа лицензийн бүртгэл дээр дотоодын аж ахуйн нэгж гэсэн бүртгэлтэй. Эдгээр лицензүүдийг 2012 оны долдугаар сарын 26-нд Мандагчийн Одон, Мандагчийн Буян нар анх авчээ. Энэ нэр хэдийгээр монгол боловч манайхан ийм нэр хэрэглэдэггүй. Энэ бол өвөрмонгол нэр.
2013 оны есдүгээр сарын 20-ны өдөр Тан овогтой И Хан- д гурван лицензээ шилжүүлсэн. Хугацааг нь хууль бусаар сунгуулсан. 15127 Х “Фоксмайнинг” Буйлдангийн Мандахбаяр гэдэг хүн 2009 оны тавдугаар сарын 25- нд авсан. Мөн И ТАН ХАН-ийн “Намуун тод” компанид шилжүүлсэн. 14145 дугаартай хайгуулын лицензийг 2008 оны есдүгээр сарын 10- нд “Улаан сайр” гэдэг газар Дашдаваа эзэнтэй “Гранд Формул” гэдэг компани авсан. 2010 оны долдугаар сарын 20-нд “Гранд Формул” нь Хан Вин эзэнтэй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болжээ. Дараа нь 2011 оны наймдугаар сарын 5-нд Хятадын Ли Чи Нинг эзэнтэй “Элбэг орд” гэдэг компанид арван сая төгрөгөөр худалдсан. Тэр үеийн арван саяын гэрээнүүд хуурамч цаана нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Зарим лиценз 78 сая ам доллараар зарагдаж байсан тохиолдол бий. Зургаа дахь лиценз нь /12431 Х/ анх н.Мөнхбаатар эзэнтэй “А Ойль” компани 2007 оны тавдугаар сарын 15-нд авсан. Бас Ван Чан эзэнтэй Хятадын “Эн Си Ар Ай” компанид арван сая төгрөгөөр зарсан.
-Тост болон Тосон бумбыг Улсын тусгай хамгаалалтад авах боломжтой юу?
-Энэ хэрэг шуугиан болж эхэлмэгц Засгийн газар байгаль хамгаалагч хүүгийн амиа алдсан хэрэг илэрдэг ч бай илэрдэггүй ч бай ард түмний шахалтаар нэрээ бодоод улсын тусгай хамгаалалтад авах нь тодорхой.
-Энэ компаниуд Т.Лхагвасүмбэрэл агсны үхэлтэй холбоотой юу?
-Тэрийг бид мэдэхгүй. Улсын Ерөнхий прокурорын хяналтан дор хамтран ажилласан ажлын хэсэг Т.Лхагвасүмбэрэл агсаны үхэл уул уурхайн компаниудтай холбоогүй гэж мэдээлэл хийсэн. Гэхдээ энэ мэдээллийг эцсийн байдлаар гаргасан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллага хянаж шалгаад тодорхой болгох биз.
Т.Болормаа
URL: