Харумафүжи-Котошёогикү нарын хэн нь өөртөө боломж гаргах вэ?

Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн болох Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр үргэлжлэн явагдана. Өнөөдрийн Онцлох барилдааныг 10 даваа 1 унаатай яваа Ёкозүна Харүмафүжи, 11 даваатай тэргүүлэгч озэки Котошёогикү нар хийнэ.

Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарыг цувуулан хаясан Котошёогикү өнөөдөр гуравдахь аваргатайгаа барилдах бөгөөд адилхан хурдтай, хүчтэй мөргөлддөг бөхтэй таарч байна. Хоёр бөх хоорондоо 53 таарсан ба хоорондын харьцаа нь Ёкозүна Харүмафүжи 30:23 озэки Котошёогикү.

10 жил түрүүлээгүй Хар цувралаа зогсоох хүсэлтэй байгаа япончуудын найдлага болсон Котошёогикү өнөөдөр Харумафүжиг давах юм бол өрсөлдөөнөөс нэг хүн хасаж өөртөө том боломж гаргана. Тэрбээр Хоёр аварга, Кисеносато нартай барилдсан ба Гойёдо, Точиозан зэрэг амжилт муутай яваа бөхчүүд сүүлийн өдрүүдэд учраа таарна.

Харин Монгол аваргууд эрэмбэ ёсоор хоорондоо хүч үзэх юм. Тиймээс Котошёогикүг зогсоох, өөртөө түрүүлэх боломж гаргах хүн нь Харумафүжи аварга болоод байна. Сүүлийн өдрүүдэд учраа таарах Монгол аваргууд-Япон озеки нарын тулаан үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлэх олон сонирхолтой барилдаануудаар дүүрэн байхнээ.


URL:

Сэтгэгдэл бичих