Улаанбаатар хотын хамгийн аюултай уулзвараар Саппорогийн уулзварыг нэрлэжээ

Замын цагдаагийн газраас авто замын аюултай цэгийг тодорхойлох олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Түүнд хэрэглэгддэг олон үзүүлэлт байдгийг ч албаны эх сурвалж мэдээлсэн. Нэн тэргүүнд Улаанбаатар хотын авто замын хамгийн аюултай цэгийг тогтоохоор судалгаа явуулсан байна. Судалгаанд 500 гаруй жолооч оролцсон бөгөөд тэд нийт 70 уулзвар, байршлыг аюултай, осолтой гэж нэрлэжээ. Үүнээс хамгийн осолтой, аюултай хэмээсэн эхний 10 уулзвар нийт дурьдагдсан уулзваруудын 64.4 хувийг эзэлж байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 32-ын тойрог, мөн дүүргийн нутагт орших 100 айлын уулзвар, 25 дугаар эмийн сангийн уулзварыг хамгийн аюултай цэгээр нэрлэжээ.

Мөн эхний аравт Баянгол дүүргийн нутаг Баруун дөрвөн замын уулзвар, Баянзүрх дүүргийн нутаг Зүүн дөрвөн замын уулзвар, Туул Жин Пангийн уулзвар, Нарантуул худалдааны төвийн уулзвар, Баянгол дүүргийн нутаг “Модны 2”-ын баруун ба зүүн уулзварыг мөн аюултай цэгээр нэрлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих