Засгийг огцруулах захиалга хэнийх вэ?
Д.БАЯРБИЛЭГ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байсан Г.Уянга гишүүн санасандаа хүрчээ. Түүний бичигт МАН-ынхан гарын үсэг зуржээ. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр тэргүүтэй МАН-ын гишүүд мутраа хайрласнаар Ч.Сайханбилэгийг засгаас явуулъя гэж санал нэгдсэн гишүүдийн тоо 20 болсон гэнэ. Хэдийгээр Р.Амаржаргал гишүүн “Нэлээд дээр би нэрээ татсан шүү” гэж мэдэгдээд байгаа хэдий ч хуульд заасан 19 гэдэг тоондоо нэгэнт хүрчихсэн учраас түүний энэ хожимдсон мэдэгдэл засаг огцруулахаар санаа нэгдэгчдэд саад болохгүй бололтой.
УИХ-ын дарга З.Энхболд бичгийг нь хүлээгээд авчихлаа. Уг нь авахгүй гэсэн юман дээрээ бас чиг арга олдог юм гэдгийг Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал дээр харагдаж л байсан. Хууль тогтоолын төсөл өргөн мэдүүлэх шаардлагыг хангаагүй гээд буцааж болдог. Гэвч энэ удаа тийм арга УИХ-ын даргад байгаагүй бололтой. УИХ-ын дарга хүлээгээд авчихсан учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай тогтоолын төсөл намын бүлгүүд, Байнгын хороо гээд хуулийн дагуу УИХ-ын шат шатанд хэлэлцэгдээд явах нь тодорхой болсон гэсэн үг.
“Манай нам гарман дээр морио солихгүй байлгүй дээ, сонгууль болтол таван сарын л зай байна шүү дээ” хэмээн халаглаж, бас найдаж байсан эгэл жирийн олон гишүүнийх нь хувьд энэ яав ч таатай мэдээ биш. Лав л эдийн засгийн хямралыг өдөр ирэх тутам, хэтэвч, хэрэглээ хоёр дээрээ мэдэрч байгаа ард түмэн захиалагч нь биш. Өөрөөр хэлбэл, ард түмний нэрийг барьж халхавч хийх хэрэггүй гэсэн үг.
Засгийн газрыг огцруулах өнөөдөр хэнд хэрэгтэй вэ. Сөрөг хүчин, ирэх сонгуульд ялна гэдэг горьдлого тээж байгаа МАН-ын хувьд улс төрийн өрсөлдөгч болох АН, “Шударга ёс” эвсэл хамтран бүрдүүлсэн Засгийн газар бужигнаж байх нь ашигтай. “Хар л даа, АН засаг барихаар нэг иймэрхүү юм болж, огцруулсаар байгаад л дуусдаг” гэх маягтай юм ярьчихаад өөрсдийгөө төр засгийг тогтвортой авч явдаг улс гэж рекламдаж болох. Гэхдээ асуудлын гол нь санаачилгыг МАН гаргаж, гүйцэтгэхийг нь АН өөрсдөө дотроосоо хийдгийг 2013 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийг огцруулсан процесс харуулсан. Өнөөдөр ч АН-ынхан МАН-ын өгөөшийг үмхэж аваад өөрсдөө засгаараа наадаад эхэлдэг жишиг давтагдаж магадгүй нөхцөл үүсчихээд байна.
З.Энхболд АН-ын дарга болсон цагаасаа хойш жил гаруйн хугацааны дараа анх удаа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах гэж зар тараачихаад сууж байгаа. ҮЗХ дээр өөрийгөө дэмжигчдийг олонхи болгож чадсан гэж үзэж байгаа учраас ийм алхам хийж байна гэж намынх зарим нөхөд хэлж байсан. Сонгуульд нэр дэвших эсэх гэдэг З.Энхболдоос шууд хамааралтай болчихоод байгаа учраас түүнийг сөрж дуугарч, шүүмжлэх зоригтон үгүй байгаа. Ийм нөхцөлд Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гарвал захиалагч нь АН-ын дарга л болж нийгэмд харагдана. Харин Ерөнхий сайдыг авч үлдэх шийдвэр гаргавал АН-ын засаглаж чаддаггүй гэдэг имижийг З.Энхболд өөрчилсөн гавьяатан болох магадлалтай. АН-ын дарга чухам ямар сонголтыг хийх бол? Морин дэл дээр явж босгосон улсыг мориноосоо буугаа төвхнүүлэх хэцүү гэж Чингис хаан хэлсэн байдаг даа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
уянга авгай өөрөө ерөнхий сайд болох гээд үхэх гээд байгаа юм байна л даа хүныг зүгээр л ажилыг нь хийлгэхгүй одоо тэртээ тэргүй сонгууль болох гэжаахад