Монгол бичиг
Манай үе үеийн зохиолч уран бүтээлчид төрөлх эх хэлээ магтан шүлэг найраг бичсэн нь цөөнгүй. Б.Ринчен гуай гэхэд “Чихинү чиэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ…” гэхчилэн бичиж үлдээсэн нь бий. Тэгвэл энэ цагт уран бүтээлээ хийж яваа зохиолч, сэтгүүлч Б.Ойдов өөрийн нүүр номондоо энэхүү шүлгээ постолжээ.
МОНГОЛ БИЧИГ
Хана хэрэм шиг ханз үсгийн голоор
Хага цохин цуулах “хадаас” бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр
Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд
Хаваж шаасан сум шиг хангал бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд
Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь
Аянгын утга, хурмастын лүндэнг өөртөө шингээж
Аадрын үүлнээс газар луу харвасан тэнгэрийн цахилгаан юм та
Ааг омгоо багтааж ядсан талын зэрлэг нүүдэлчдийг
Атгаж цуглуулаад Азийн төвд хатгасан алтан гадас юм та
Хөх толбот Монгол үрсийнхээ амьдрах цаг хугацааг
Хүй ургаар нь агуулж хадгалсан тэмдэглэгээ юм та
Огторгуйн хязгаар, хээрийн салхинд бүрэлдсэн гоц санааг
Ойртуулан хурааж орон зайг товчилсон ойллого юм та
Хүн, Сүмбэ, Нирун гүрний дээдсийн
Хөшөө чулуунд үлдээж чадаагүй бодол нь юм та
Уйгар, Түрэг, Кидан өвгийн хаадаас
Уураг тархиа хуулж шингээсэн зардас нь юм та
Мөнх тэнгэрээс газар эх рүү унжуулж барьсан хулсан ташуур
Мөрөн голын галбир дуурайж мушгирсан суран цацлага
Өөдөө дүрэлзэх галын тулганаас угалзарч цацарсан дөл
Өвөг дээдсийн минь мянган жилийн шастир та түмэн жил орштугай!
Хана хэрэм шиг ханз үсгийн голоор
Хага цохин цуулах “хадаас” бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр
Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд
Хаваж шаасан сум шиг хангал бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд
Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь
Б.ОЙДОВ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ханз үсгээс гадна өөр олон үсэгийг хага цохисон тухай бичих байжээ. Ганцхан Ханзруу дайрсан юм шиг болсон байна
Hanz tom soyol shuu dee. Yahaaraa iim hudgiin melhii shig baidag bnaa
Nasandaa unshaagui tenet shuleg be sail tsaashaa.