АН Засгаа авч үлдээд дараа ҮЗХ-аа хуралдуулна

1f2dda1ec8333522fd51462c4a915591big

Өчигдөр 17.00 цагт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал Төрийн ордноо товлогдсон ч гишүүдийн ирц хангалтгүй байсан учир тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Тус уралдааны танхимд ҮЗХ-ны 228 гишүүнээс 50 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн байсан.  Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Наранхүү, Ш.Түвдэндорж, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, Хуульзүйн сайд Р.Дорлигжав, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, НИТХ-ын дарга Н.Баттулга, Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр нар юм.

Харин энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хурал хойшилсон шалтгаанаа “Гишүүдийн ирц хангалттай байсан. АН-ын хувьд ҮЗХ-ны хурал хийж дотоод асуудлыг ярилцахаас илүүтэй Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсын асуудал, Монголын хөгжлийн асуудал. Тийм учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал болсон. Нэг үгээр хэлбэл, Засгийн газраа авч үлдсэний дараа ҮЗХ-ны хуралдаан зарлахаар боллоо.” хэмээсэн юм.

Хурал хойшилсон шалтгааныг зарим нэгэн нь Ардчилсан намын “Кроун”  “Нэг ардчилал”, “Алтангадас”, “МҮДН”, “Чандмань”, зэрэг фракциуд бойкот зарласантай холбоотой байж магад гэж ҮЗХ-ны гишүүд “жиг жуг” хийж байсан юм.

Өчигдрийн хуралдаанаар Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах, Үндэсний зөвлөлдөх хорооны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, ирэх 2016 оны сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэж оролцох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд хэрхэн байр суурь илэрхийлэх талаар тохиролцоог хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Эх сурвалж:  www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих