Алт олборлолтын оргил үе өнгөрлөө
Үнэ унаж байгаагаас шалтгаалан томоохон төслүүдээс цөөхөн нь хэрэгжинэ хэмээж буй олборлох үйлдвэрлэлийн удирдагчид, шинжээчид алт олборлох салбарт бодит гарц оргилдоо тулаад өнгөрсөн талаар тайлбарлаж байна.
Хөрөнгө оруулалт дутагдаж, ажиллагаатай уурхайнуудын гарц багассантай холбогдон алтны нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа. Энэ нь тэсч үлдсэн үнэт металлын үйлдвэрлэгчдэд найдвар төрүүлэх боллоо. “Алт үйлдвэрлэлийн хэмжээ, зэрэглэл буурч, шинэ орд илрүүлэх, одоогийн уурхайнуудыг өргөжүүлэх ажил хомсдсон. Ингэснээр алтны үнийн дунд, урт хугацааны хэтийн төлөв маргаантай болж байна” хэмээн дэлхийн тэргүүлэх алт олборлогч Barrick Gold-ын ерөнхийлөгч Кельвин Душниски ярьж байна.
Алт нь олборлох салбарт сүүлийн арав гаруй жилийн турш үнийн уналтад нэрвэгдэж ирсэн таваарын нэг. Ханш нь 2011 оны оргил үеийнхээсээ бараг 40 гаруй хувиар унаж, олонх олборлогчдын хувьд зардлаа нөхөж дийлэхээргүй түвшинд тулаад байгаа юм.
Холбооны нөөцийн систем өнгөрсөн сараас мөнгөний бодлогоо чангатгаж эхэлснээс хойш АНУ-ын бодлогын хүүгийн өсөлтөөс хамааран энэ онд алтны үнэ унах болов уу хэмээн зарим шинжээч таамаглаж байгаа. Дэлхийн зах зээл доргиж буй ч 2016 оны эхний байдлаар алтны үнэ 2.7 хувиар өслөө. Хоорондоо зөрчилтэй янз бүр онолоос үнэ, хөрөнгө оруулалт нь хамаардаг ч эдийн засаг, улс төрийн нөхцөл ээдрээтэй үед үнэт металлыг найдвартайд тооцогч хөрөнгө оруулагчдын хувьд алт нь чухалд тооцогдсон хэвээр байгаа юм.
Алтны нийлүүлэлт багасах хэрээр урт хугацаандаа сэргэлт үүснэ хэмээн олборлогчид найдаж сууна. “Алтны эрэлт цаашид өсөх, эсэхийг урьдчилан тооцоолох боломжгүй. Ийм учраас нийлүүлэлт буурч байж л сэргэнэ гэж би лав хувьдаа итгэж ирлээ. Энэ оны сүүлийн хагасаас л олборлох салбар сэргэх болов уу” хэмээн Их Британид бүртгэлтэй алт олборлогч компани болох Polymetal-ын ерөнхий захирал Виталий Несис өгүүллээ.
Thomson Reuters-ийн GFMS төмөрлөгийн судалгааны багийн тооцоогоор сүүлийн долоон жилийн турш өсч ирсэн дэлхийн алтны үйлдвэрлэл энэ онд гурван хувиар буурах төлөвтэй. Дэлхийн алтны үйлдвэрлэл 2015 онд нэг хувиар өсч, үнэмлэхүй дээд буюу 3155 тонн болсон хэмээн GFMS таамаглаж байна. Уурхайнуудын нөөц шавхагдаж буйтай холбогдон алт олборлох салбарт хүдрийнх нь зэрэглэл муудаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зарим компани олборлолтоо өсгөхөөс татгалзах болсон байна. Том орд илрүүлэх ажил удааширснаас шалтгаалан олборлох компаниудын дийлэнхэд нь шинэ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт татах явдал төвөгтэй болж хувирав.
“Минийхээр бол өнгөрсөн оны сүүлийн улирал л дэлхийн алт олборлох уурхайнуудын нийлүүлэлт оргилдоо тулсан үе. Тэгэхээр ирэх гурваас дөрвөн жилд нийлүүлэлт 15-20 хувь буурах төлөвтэй” хэмээн ноён Несис өгүүлж байна.
Алт олборлох салбарт гарцаа байнга өсгөдөг явдал төгсгөл болсон талаар өмнөд Африкт байрладаг олборлогч-Gold Fields-ын ерөнхий захирал Ник Холланд тайлбарлалаа. Тэрбээр “Бид үйлдвэрлэл жилдээ хэдэн хувиар өсөх талаар яриад бүр сурчихсан байжээ. Тэгвэл өсөлтийн үе ингээд дуусч байгаа бололтой” хэмээн өгүүлсэн юм.
Жэймс Уилсон
URL: