Ногоон шошго ба орхигдсон хяналт

177777-18012016-1453097701-2024494516-1Эрүүл хүнс, эко бүтээгдэхүүн гэдэг хэмжүүр Монголд одоо болтол тодорхой болоогүй байна

Хэрэглэгчдийн эрэлтэд дөрөөлсөн ашгийн төлөөх үйлдвэрлэгчдийн санаархал эцэстээ хуурмаг арга заль ашиглахад хүргэх болсныг гадаад, дотоодод өрнөж буй олон үйл явдал харуулав. Ялангуяа байгаль орчинд ээлтэй, органик бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор худал мэдээлэл хүргэж, хэрэглэгчдийг хуурч байсан талаар “The New York Times” сонин нийтэлжээ. Үүнд “Huggies” живх үйлдвэрлэгч Kimberly-Clark, LG, Samsung зэрэг бидний мэдэх томоохон компаниас эхлээд өөр олон үйлдвэрлэгч багтаж байна.

АНУ-ын TerraChoice хэмээх зөвлөх компани эко тэмдэгтэй гэсэн бүтээгдэхүүнүүдийн 95 хувь нь “хуурамч ногоон” гэсэн долоон шинжийн аль нэгийг агуулсан байдгийг тогтоосон байна. Үүнд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хаяг шошгон дээр дутуу мэдээлсэн гэх хөнгөвтөр үйлдлээс эхлээд хуурамч гэрчилгээ бүрдүүлэх зэрэг санаатай хэргүүд ч багтсан талаар дурджээ. Сүүлийн жилүүдэд ийнхүү байгальд ээлтэй, эко харагдах үзэгдэл хаа сайгүй эрчимтэй өссөн нь энэ талаарх мэдээлэл сонирхогчдын хүрээ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн Калифорнийн их сургуулийн профессор Магали Делмас онцолсон байна.

Монголчуудын хувьд эко болон органик бүтээгдэхүүн гэсэн хаяг шошго харьцангуй шинэ ойлголт. Одоогоор хүнсний үйлдвэрлэлд түлхүү нэвтрээд буй. Иргэдийн дунд таргалалт асуудал болж эхэлсэн 2000-аад оны дунд үе хүртэл хэрэглэгчдийн дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгонд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсныг бүгд мэднэ. Энэ нь мэдлэг мэдээлэл муутайн дээр эрүүл мэнддээ анхаарал сул тавьдаг байсных хэмээн үздэг.

Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгааг 2005 онд анх хийжээ. Уг судалгаагаар тэр үед 32.4 байсан таргалалтын хувь 2013 онд 54.4-т хүрч нэмэгдсэн байв. Өөрөөр хэлбэл, найман жилийн дотор Монгол Улсын 15-64 насны хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй болж өөрчлөгджээ. Түүнээс гадна жилд 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр өвчилж, энэ нь нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзлэх болсны нэг том шалтгаан нь халдварт бус өвчин буюу таргалалт, амьдралын буруу хэв магтай холбоотой болохыг мэргэжлийн байгууллагууд хэдийнэ тогтоосон. Энэ бүх шалтгаан иргэдийг хүссэн хүсээгүй хоол хүнсэндээ анхаарч, аль болох эрүүл хүнс хэрэглэхийн тулд хаяг шошгийг нь хардаг соёлд сургаж байна.

Харамсалтай нь эрүүл хүнс, эко бүтээгдэхүүн гэдэг хэмжүүр Монголд одоо болтол тодорхой болоогүй байна. Үүнийг чухам хэрхэн тодорхойлж, тэр нэрийн дор үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд үнэхээр шаардлага хангаж байгаа, үгүйг хянах тогтолцоо ч байхгүй гэсэн үг.

Химийн нэмэлт, хугацаа уртасгагч, хүнсний нэмэлт оруулаагүй гэсэн бүтээгдэхүүнүүдээ “Эко хүнс” гэдэг

Яг дээрх чиглэлээр 2002 онд Засгийн газар Чанарын болон байгаль орчны удирдлагыг дэмжих үндэсний хөтөлбөрийн тухай 146 дугаар тогтоол, 2005 онд Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай 127 дугаар тогтоолыг гаргажээ. Түүнчлэн Хүний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль энэ бүхнийг зохицуулах учиртай. Гэвч тэнд байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүний талаар огт дурдаагүй аж. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ариунаа “Эко бүтээгдэхүүн гэж энийг хэлнэ гэсэн тодорхойлолт, ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Бид ажил үүргийнхээ хүрээнд тандалт, судалгаа хийгээд явж байна. Ингээд харж байхад химийн нэмэлт, хугацаа уртасгагч, хүнсний нэмэлт оруулаагүй гэсэн бүтээгдэхүүнүүдээ л манай жижиг үйлдвэрүүд “Эко хүнс” гэж өөрсдөө бичээд яваад байгаа” хэмээн ярилаа.

Нэгэнт хууль эрх зүйн зохицуулалт, стандарт байхгүй учраас мэргэжлийн хяналтын байгууллага тухайн бүтээгдэхүүнийг одоо байгаа хуулийн хүрээнд л шалгах эрхтэй. Үнэн хэрэгтээ одоо хүчин төгөлдөр байгаа хууль ч бүрэн хэрэгждэггүй талаар тэрбээр дурдсан юм. Тухайлбал, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4-т тухайн бүтээгдэхүүний шошгон дээр ямар мэдээллүүд орсон талаар, юу юуг зайлшгүй мэдээлэх шаардлагатайг заасан байдаг. “Орц, найрлагаа дутуу бичдэг. Тогтворжуулагч орсон байлаа гэхэд тэрийгээ стандартын дагуу тэмдэглэдэггүй. Олон янзын хоол амтлагч л гэхэд дотор нь юу орсныг мэдэхгүй. Энэ мэтчилэн зөрчил маш их байдаг. Тэр бүхнийг хуулиар л зохицуулах шаардлагатай. 2011 оноос хойш холбогдох хоёр хууль шинэчлэгдээд явж байгаа ч хэрэгжүүлэх явцад амьдрал дээр олон зүйл урган гарч ирж байна. Тэр хэрээр нэмж тусгах асуудлууд бий болдог. Бид энэ талаар холбогдох газруудад саналаа хүргүүлж байгаа” хэмээн тэрбээр нэмж хэлсэн.

Эндээс харахад бид үнэхээр эко, органик хүнс хэрэглэж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Тодорхой стандартгүй учраас тухайн үйлдвэрлэгч байгууллага бүтээгдэхүүнээ өөрсдийн дураар тодорхойлж, шошго наах, эсвэл аль нэг байгууллага өөрсдийн үзэмжээр “эко” гэсэн шошго олгодог болох боломж байна гэсэн үг. Нэг ёсондоо “Эко” гэдэг нэрийг илүү ашиг олох гэсэн хөшүүрэг болгон ашиглах боломж нээлттэй байгаа тул хянаж, хязгаарлах ч боломжгүй юм. Угаас манай улсад төдийгүй гаднын улс орнуудад ч эрүүл, эко, байгалийн гаралтай гэсэн ангилалд багтах хүнсний бүтээгдэхүүний үнэ бусдаасаа харьцангуй өндөр байдаг. Энэ нь үйлчлүүлэгчдээ мэхлэх сэдлийг төрүүлж байдаг аж. Гэтэл үнэхээр цэвэр байгалийн гаралтай эко хүнсэнд зориулж илүү мөнгө төлж байгаа, эсэхийг Монголд тогтоох стандарт, түүнийг хянах арга техник, эрх зүйн зохицуулалт алга.

АНУ-д хийсэн TerraChoice-ын судалснаар бараг бүх эко бүтээгдэхүүний маркетинг хэтрүүлэгтэй байдаг тухай дурджээ. Олон компани байгалийн цэвэр гэх бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах тусам хэрэглэгчдийг зальдах сонирхол нэмэгддэг хэмээн тодорхойлсон байх юм. Холбооны худалдааны комисс Ногоон удирдамжийг зөрчдөг компаниудын эсрэг арга хэмжээ авч, хяналт шалгалтаа чангатгаж байна. Гэсэн ч АНУ-д 2012 онд Ногоон удирдамж гарах үед Холбооны худалдааны комиссыг тэргүүлж байсан Жон Лейбовиц хамгийн сайн хууль байгаад ч компаниуд ногооноор халхавчлахыг зогсоож чадахгүйг онцолжээ. Харин манай улсын хувьд ядаж эмх цэгцтэй, итгэл үнэмшилтэй байлгахын тулд хяналтын хөшүүрэг болохуйц эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг энэ бүхэн харуулж байна.

Дэлхийн хэмжээнд 150 гаруй орон органик газар тариалан эрхэлдэг. Үүнийг дагаад органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихийн зэрэгцээ эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь давхар өсч байгаа аж.

Р.Оюунцэцэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих