Хийн зуух дэлбэрч 2 хүүхэд хүнд гэмтжээ
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн “Оргилуун” төвийн хажууд байрлах “Loving Hut” хэмээх цагаан хоолны газарт зөөгчийн буруугаас болж дөрвөн эмэгтэй түлэгдэн, хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ. Гэтэл өчигдөр 01.20 цагийн үед Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсан толгойн танктай хөшөөний хажуугийн хоолны газарт гал гарснаас хийн зуух дэлбэрч, хоёр хүүхэд хүнд гэмтсэн байна. Салхилж буй иргэдэд түргэн хоол, ундаагаар үйлчилдэг “Кока Кола Кебаб” үйлчилгээний цэгт хийн зуух дэлбэрчээ. Зайсангийн ойролцоо цайны газар ажиллуулдаг иргэд “Бид “Хийн тулга” ХХК-иас баллонтой хий авдаг. Баталгаатай эсэхийг нь сайн мэдэхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Харин тус газар дуудлагаар ажилласан онцгой байдлын аврагч нар зуух юунаас болж дэлбэрсэн нь шинжилгээний дараа шалтгаан нь тодорхой болно гэдгийг хэлсэн. Гал гарсан даруй ойр орчмын хүмүүс дуудлага өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийнхан очжээ. Хохирогч 17 настай эрэгтэй Э-ийн нүүр, гар, хөл цээжин хэсэг, 16 настай эрэгтэй Ч-ийн гар, цээж түлэгдэн ухаан алдсан байсныг түргэний эмч нар Түлэнхийн төвд хүргэжээ. Эмчлэгч эмчээс нь биеийн байдлыг асуухад “Гүн түлэгдэлттэй хоёр хүүхэд ирсэн. 17 настай хүүхэд нь одоо хэр ухаан ороогүй байна гэсэн мэдээллийг өгчээ.
Эх сурвалж/ mongolnews/
URL: