“Намайг олоорой” сувгийнхан
Монголын үндэсний олон нийтийн телевиз хэдэн жилийн өмнөөс хоёрдугаар суваг нээж байсан бол саяхнаас “Монголын мэдээ” гэдэг сувагтай болоодохлоо. Хуучин хоёрдугаар суваг гэж байснаа хаагаад харин оронд нь ММ агентлагаа ингэж бие даасан суваг болгож байгаа гэнэ. Энэхүү өөрчлөлтийг удирдлагууд нь ихэд л гэрэлтэй гэгээтэй алсыг харсан бодлогын хүрээнд хийж байгаа гэдгээр тайлбарлаж байгаа бол дотооддоо уран бүтээлчид нь учраа олохгүй байгаа маягтай болжээ. Сувгийн дарааллаас болж ММ агентлагийн бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг ч олж үзэхэд хүндрэлтэй болж, мэдээллийн үндсэн хөтөлбөр нь үзэгчгүй болох эрсдэлтэй байгаа талаараа уран бүтээлчид нь удирдлагууддаа бичиг захидал хүртэл илгээсэн гэнэ. Сувгийн өөрчлөлт, бараг 50 жил явж брэнд болсон лого бэлгэдлээ өөрчлөөд байгаагийн учрыг асуухаар уран бүтээлчид “Дарга нар л мэдэж байгаа, бид ч чинь өөрсдөө “Намайг олоорой” гэдэг сувгийнхан болсон шүү дээ” гэж хариулдаг болсон гэнэ.
Шинэ суваг гаргаж ирэх, шинээр хийж байгаа бүхэн саад бэрхшээлтэй тулгардаг болохоор “Намайг олоорой” суваг удахгүй үзэгчтэй болж, саадгүй олж сонгодог суваг болно буй заа. Брэнд, брэндинг, брэнд бүтээх гэхчлэн бараг л шинжлэх ухаан болсон цаг. Нөгөө талаараа өрсөлдөөн хүчтэй болсон, тодруулбал Монголын үндэсний телевизийг үзэх ёстой гэж хатуу ойлголтой үзэгчийн тоо улам цөөрсөн энэ цагт Монголдоо төдийгүй олон улсад танил болсон лого тэмдгээ өөрчилнө гэдэг хэр зөв сонголт бол?
URL: