ГҮҮР ХУУЧИРЧ ХӨХРӨӨД, УРСАН ОДОЖ БАЙГАА ЮМ ШИГ САЛХИТАЙ…ЖИМЭЭР

jpg3942220262013-01-21-17-37www.urlag_.mn_-529x1024

Эхлэл
…Нэг их өтгөн “Манан дунд” нэг хүнтэй таарлаа. Надаас гал асууж байна. Азаар ганцхан ширхэг шүдэнз хайрцагт үлджээ. Хамгийн сүүлчийн итгэл найдвараа хүн харах гэж яаж л мэрийдэг билээ дээ. Хоёул энэ шүдэнзээ ямар нэгэн аргаар унтраалгүй асаахаар завдаж, алгаа хавсрахад нь би нөмөрлөв. Шүдэнз аслаа… Хоёр биений минь царайд үл мэдэг баярласан инээмсэглэл зэрэг тодорно. Магад тэр ганцхан ширхэг шүдэнз гэдэг нь бусдад итгэх итгэл найдвараа хэлээд байгаа байж болно доо би. Ямартай ч тэр нэгэн шүдэнзээ унтраалгүй зурж чадсанаас хойш цаг хугацаа бидний дунд хэдэнтээ эргэснийг бүү мэд. Гэтэл нэг өдөр тэр
…Нэг их бодолд дарагдсан уу, эсхүл зүгээр л тийм нэгэн аяз тоглохыг хүссэн үү? юутай ч хийл хөгжмөө аван эрүүндээ нааж, нүдээ зөөлөн анихад нь би өөрийн эрхгүй чих тавиад эхэлсэн юм. Хачин тунгалаг “Гунигт аяз”-ыг тэр тоглоод эхлэлээ. Хийлийн аялгуутай хамт хийсэн намих шиг л би аязыг сонсох даруйдаа жингүйдэж байх юм. Тэгээд хэсэг бодол болов…
“Яахаараа ийм бяцхан хийлээр тэр хүмүүн ийм яруухан тоглож чаддаг байна аа” гэж бодох зуур надтай хамт түүнийг сонсож байсан хүмүүс нэг л мэдэх нь ээ нижигнэтэл алга ташаад эхлэв. Би ч мөн тэдний нэгэн адилаар энэ театрын суудалнаа алга ташилтыг нэмж суусан юм.

Түүнээс хойш гурван жил өнгөрчээ.
Уулын буга ус руу тонгойж уран тансаг эврээ тэнгэр өөд өргөхөд нь
Учиргүй ихээр гайхан биширч ахул аглаг буйдын энэхэн чөлөөнд нэгэн даяанчийн мөр үзэгдэнэ. Мөрийг даган явсаар агуйн үүдэнд ирэхүл үг дуугүй бясалган суух нэгэн хүмүүнийг олж харлаа. Түүнтэй өмнө таарч байсан уу? үгүй юу? гэдэг нь одоо чухал биш. Харин гагцхүү энэ ойн чөлөөнд юуны тулд ингэтлээ бясалган буй нь миний анхаарлыг маш ихээр татаж өнөөх гал асууж байсан хүнтэй, өнөөх тэгээд мөн “Гунигт аяз”-ыг тэр театрт тоглож байсан хүмүүнтэй нэн адилхан харагдах аж. Намайг агуйн үүдэнд ирснийг мэдсээр авч жишим ч үгүй бясалгах түүнээс цацрах гэрэл, чимээгүйгээр надтай ярих увидас билгийг бишрэв.

Нэгдүгээр хэсэг 
ОЙН ЧӨЛӨӨНД ОД ШИРТЭН ХЭВТЭХҮЙ 

Анх манан дунд таарч хоёул жим, зам нийлэн алхаж явахад тэр надад хандан :

…Хүмүүс тэнгэр зүүдлэх гэж шувуу болгоны өдийг дэрлэж байна
Харин би цамцаа дэрлэж унтаад цас унадаг газар очиж байна…

Хүмүүс “энэ ертөнц утгагүй юм аа” гэж дуулж байна
Харин би “угаасаа л тийм байсан нь дээр дээ” гэж бодоод удаж байна…хэмээгээд /О.Цэнд-Аюуш. “Манан дундуур” 16-17-р нүүр / цааш алхангаа:

…” Яагаад ? 
Миний ээжийн хүүгээ санасан сэтгэл 
хун шувуудаа үгүйлсэн нуурын өнгө хоёр адилхан юм бэ? Орчлон
Яагаад ? 
миний сэтгэл хөдлөл
галын дөл хоёр тийм адилхан юм бэ? Орчлоон / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 10-11-р нүүр / гэж энэ өтгөн манан дунд төөрч явахдаа бодож байлаа шүү хө” хэмээн ярьж явсан юм.
…Нар жаргах дөхөж бид хоёр нэгэн нөмөр газар бараадан манан дунд үл мэдэг анивалзах одод ширтэн дор дороо чимээ хумина. Түүний ярьж, хэлж явсан бүхнийг одоо эргэцүүлэн хэвтэхүй…
Тэр үүрд…
Гандах навчис, будрах цас
Гадаа хүйтэн болоход хайртай байдаг юм байна.
Тэр үүрд 
Нуур хөлдөж зэгс шуугиад 
Нугас ангирын дуу усанд живэхэд гунигтай байдаг юм байна. / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 14-15-р нүүр / мөн 
Цасан шуургатай шөнө дүүгээ хүлээж суухад нь 
Цаг явж өгөхгүй зовоож байж…
Цасан шуурганд дүү минь даарч яваа гэхээс 
Царай нь өвлөөс хүйтэн байж… / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 18 –р нүүр /
Хоёул нэг хэсэг чимээгүй хэвтэж дор бүрнээ нэгийг бодон байхул төд удалгүй тэр хоолой засан
…Нүүгэлтэн байх хар тэнгэрийг ширтэхэд 
Нүдээр минь дамжин зүрх рүү цас орно 
Ойн цоорхойн байшингаас минь гэрэл гарч утаа суунаглаад 
Огт танихгүй айл шиг харагдана
Дэгээ шидэж загас барьсан жаал хүү орондоо хэвтэвч 
Тэрний нойр үл хүрнэ
Завины сэлүүр хүүгийн сэтгэл хоёр хугарч
Зах хязгааргүй гүн нойронд бяцхан цөөрөм автана / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 29 –р нүүр / гэж хэлээд буруу харан нүдээ анин хэвтэнэ. Унтахаар шийдлээ. Ингэж хэлэх нь түүний өдрийн ярианы тухай бодон хэвтэж буй надад хандан хэлсэн үг шиг санагдаад би унтах гэж оролдовч түрүүчийн бодлоо үргэлжлүүлэх нь зүгээр нэг унтаад өгсөнөөс хавь илүү санагдана. Хачин юм энэ хүн:
Ойн цоорхой, бяцхан цөөрөм, модон байшин
Огт танихгүй царайлж надаас урвана
Битүү цасан шуурган дунд 
Би өөрөөсөө төөржээ… / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 30–р нүүр / гэж уулзсан даруй хэлж байсныг нь бодоход мань нөхөр ямар ч байсан сэтгэлийн их ончроотой манан дунд төөрч яваа шиг ээ… Эсхүл би буруу бодож байж ч магад юм. Манан дунд төөрч яваа нь түүнд сайхан байж ч болох. Түүнийгээ нуухдаа ингэж өгүүлсэн байж ч болно! гэж этгээд хачин энэ нөхрийн бодлыг тааж ядна. Би түүнээс хэдэн асуулт асуусан юм л даа. Тэгэхэд :
Миний инээд зургаан настай хүүхдийнх шиг 
Миний гуниг цасны үүл шиг 
Миний сэтгэл…нээг их өндрийн амьтан шиг
Эсвэл нам газрын салхи шиг …харин
Миний хайр солонгон доогуур шагайх ертөнц шиг 
Эсвэл нэгэн согоо наймдугаар сарын тэнгэр ширтэх шиг 
Миний хүсэл цастай хөндийг ганц бараан адуу туулах шиг 
Эсвэл аав минь хүүгээ холын холоос дуудах шиг …
/ О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 33–р нүүр / гэж хариулсныг эргэн бодоход нээрээ л инээмхийлж байгаа нь зургаан настай хүүхдийнх шиг харагдаж байсныг санав.
Өчигдөр намайг орхисон амраг минь 
Өнөөдөр эргэн ирж
Аль эрт эвдэрсэн халаасны минь цагийг оролдон 
Аргаа барна / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 35 –р нүүр / гэж цээжиндээ хуйлрах гунигийг инээмсэглэл зүүн байж хэлснийг бодоход дээрх таамаг маань яг таг нотлогдоод ирэх шиг… Гуниг туучин яваа энэ эртэй таарсан маань ямартай ч “аз” гэдэгт үл эргэлзэх боллоо.
Өчигдөр түүнийг мартсан ертөнц
Өнөөдөр нэг таньж
Дасал болсон цасны үүл, усны гудамжнаас нь булаах гээд
Даавуун дээр цэцэг шидэж хөлийг нь ширтэж…
Үнэнийг хэлэхэд энэ бүхнээс тэр 
Үхтлээ залхсан байж болох / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 36 –р нүүр /
тэгээд л энэ ойн чөлөөнд өтгөн манан дунд төөрч яваа юм уу даа. Нөхөр тэгэхээр манан дунд төөрч яваагаа зэмлэлгүй харин ч манан өтгөрөх тусам өөрөөсөө өөрийгөө нууж яваа нь гарцаагүй…
Эх шувуу
Үр шувуундаа хоол зууж ирэх хорвоо
Эцэг шувуу хаачсан юм бүү мэд
Эх адуу 
Үр адууныхаа салхин дээр зогсох хорвоо
Эцэг адуу хаачсан юм бүү мэд… / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 38 –р нүүр / гэж бодол болон хэлж байныг бодоход одод шуугдаж модны мөчир дээр тухалж байсан сар өнхрөх шиг болоод явчихав. Нойр хулжжээ. Навчны сэрчигнэх, хажууханд горхины чимээ сонстох нь ямархан дотныг илтгэнэ. Ойн чөлөөнд бидэн хоёр таарч, одоо ингэж үүр цайхыг хүлээн хэвтэхэд цаг хугацаа нэн хурдан явгалж буй мэт… Удалгүй өглөө болов оо. Өтгөн манан шингэрч одоо зүг чигээ баримжаалахад саад болох зүйл үгүй мэт. Хоёул үүрч, дүүрч яваа юм хумаа аваад цааш алхав. Түүний гэр ойн цоорхойд гэнэ. Мань эрийн амьдарч буй газрыг олж харахаар хэн хүнээс илүү яаран тэмүүлнэ. Тэгээд унасан гишүүдийг хугачин явахдаа урд шөнө юу зүүдлэснийг нь асуухад
…Намрын намар л 
Навчаараа уйлдаг бусад шиг л мод байхсан би 
Намайг ингэлээ гэж огт тоодоггүй
Чиний ирэх дуртай мод байхсан би
…Инээднийх нь төлөө мянган жил навчаараа уйлсан 
Ирэхийг нь хүлээж зуун жил гунисан мод байхсан…
…Гэнэн хонгор охины ирэх дуртай мод байхсан би
Сүх далайтал ургасаар л байх мод байхсан би / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 83 –р нүүр / гэж зүүдлэсээр сэрлээ дээ хэмээв. Хачин хүн шүү!
Хоёул цааш явсаар ойн гүн дэхь нэгэн дүнзэн байшинд ирлээ. Энэ ер бусын содон өнгөтэй байшин түүний амьдран суудаг оромж юм. Өглөө сэрэхэд шингэрч байсан манан одоо харин эргээд өтгөрөх янзтай. Хаалга нь онгойхдоо үл ялиг чихран дуугарахад тэр:
Хавсарга шуургыг л тэсээрэй, хаалга минь 
Хачин гунигтайгаар дуугарахад чинь би дуртай 
Дулаан орноосоо босч хэзээ ч би чамайг түгжихгүй 
Дуугарч л байвал болоо
Тос нэхсэн нугас чинь ямархан сайхан дуутайг 
Тоостоос өөр хэн ч мэдэхгүй
Хожмоо би чам шиг нэг хаалга болоод
Хойрго нэгэн хүүг яруу найрагч болгоно оо / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 43 –р нүүр / гэж хаалгатайгаа ярих шиг санагдлаа. Хаалгатайгаа тэр ямар нэгэн зүйлийн тухай ярьсан. Надад тэр үглэл нь бүдэг бадагхан сонсогдсон юм.
Дотогш орлоо.
“Зуун жилийн дайн” гэсэн нэртэй тэмдэглэл хананд нь нэлээд онцгой дүр төрхтэй харагдахул түүн рүү очиж бүдгэрсэн үгсийг тайлан үзэглэхэд …
Нэр нь үл мэдэгдэх зураачийн нэг бүтээл дээр 
Нээх их хуй босч зуун жил боллоо
Уй гунигт суурингийн хүмүүс мэгдэн сандарч 
Урц байшингийн дээвэр хийсээд зуун жил боллоо
Булгарч унах модод үндсээрээ газар тэвэрч 
Буцах эрхгүй сүйх тэрэг салхи сөрөөд зуун жил боллоо
Хэн ч тоож очдоггүй дэн буудлын 
Хэдэн дэнлүү хагарч
Шилнийх нь үртэс газар уналгүй 
Шинэхэн цас шиг гялалзаад зуун жил боллоо… / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 48 –р нүүр / хэмээжээ. Энэ нөхөр зуу зуун жилээр энд аж төрөн суугаа ч юм шиг санагдаад явчихав. Энэ бодлынхоо хариуг нэхсэн ч юм уу түүний зүг эргэн хартал өөдөөс толгой дохино. Зуу зуун жилийн тэмдэглэлт мөрүүдийн хажууханд хар цагаан зураг бас үзэгдэв. Түүнийг анзаарах нь ээ-
Далайн эрэг дээр зогсоод нарыг ширтжээ тэр
Давалгаа түүнийг залгих гэж
Дахин дахин оролдох юм
Бүлээхэн ус хөлийг нь долоож
Бүдэгхэн туяа нөмөрч үдэш болж байгаа мэт 
Дэлхий нүдээ аних шиг 
тэнгэр харанхуйлж
тэнд гялалзах бүхэн 
тэнгист унаж байгаа мэт 
Их усны эрэг дээр зогссон 
Ийм нэгэн сэтгэл 
Ил галын дэргэд сууж дулаацахыг хүссэн / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 60 –р нүүр / өгүүлэмжтэй бас л сонин зураг байх юм. Тэр далайн тухай ихэд боддог бололтой.
Миний ертөнцөд 
Цахлай шувууд тэнгэр алгадан нисэлдэж
Цаг хугацааг тээсэн хөлөг онгоц цавчим хясаанаас аргамжаатай үүрэглэдэг
Түүнийг огт тоосон шинжгүй жаал хүү
Тор шидэж их ус далайн гүнээс хэн ч үл мэдэх нууцыг шүүрддэг… / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 62 –р нүүр / гэсэн бичвэр ширээнийх нь буланд тоосонд дарагдсан харагдана. Цай үйж дуусаад надад өгөхдөө тэр нэгэн асуулт асуулаа.
…Хамгийн сайн нөхөр 
Хамгийн том дайсан байдаг гэх юм
Анд минь чи тэгвэл 
Араас нь минь буудаж чадах уу
Үхэл чи бид хоёрын нэгэнд нь хэрэгтэй болбол 
Үзгээ тавьж чадах уу
Үнэнийг хэлээч
Анд минь …? / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 67 –р нүүр / гэлээ. Би халуун цайны уур үлээж чимээгүй сууна… Дуугүй байх нь нэгэн хариулт байдаг шүү дээ. Гэтэл тэр мөн л
Бурхан чөтгөр хоёр эвлэрдэггүй энэ сонин хорвоод 
Буу үүрч явах уу? цэцэг тэвэрч явах уу? 
Нүгэл буян хоёр эвлэрдэггүй энэ сонин хорвоод
Нүв нүцгэн явах уу? навчаар хүйсээ нууж явах уу?…
Буяны шаргал дөлөнд эрвээхий унаж үхдэг энэ сонин орчлонд
Бундангийн боол явах уу, гилийн ноён явах уу? / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 61-р нүүр / гэж хэлэнгээ намайг хариу дуугарах завдалгүй “Бүү мэд ээ, бүү мэд” гэж ямар ч хариу сонсохыг эс хүсэв. Бид нэлээд ярилцсаны эцэст манан шингэрч миний цааш явах цаг болжээ. Тэр намайг гарган өгч манан бүрхсэн энэ ууландаа магад хэнээр ч дутахгүй хань болдог байшиндаа ганцаар үлдлээ. Цааш алслан холдох тусам
Тэнд л…тэнд л 
Уран шувууд үүрээ засч 
Амар амгалангийн дуу аялсан охид үүлэн дээгүүр нисдэгсэн 
Тэвэр тэвэр улаан сарнайгаар орыг минь засч
Тэнгэр нь хүртэл надад бүүвэйн дуу аялдагсан
Тэнд л… тэнд л…
…Зэрэглээнд хөвсөн их талд
Зээрийн янзага тэмцэж
Зэлэн дээр ботго буйлахад уярсан бүсгүй
Зэрлэгэн дээр сүү дусаахад цэцэг болдогсон
Тэнд л… тэнд л… 
Тэр цээжний гүнд л… / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 77-р нүүр / ийм нэгэн эгшиг, тийм нэгэн өнгө төрхийг сэтгэлд зурж орхисон ойн цоорхой дахь нэгэн этгээд нөхрийн тухай одоо би
…Эцэг өвгөдийн өвс болж ургасан
Эрэг, жалга, гүвээтэй 
Энэ замаар явахдаа / О.Цэнд-Аюуш “Манан дундуур” 85-р нүүр / улам их бодох юм.
…Нэг их өтгөн “Манан дунд” нэг хүнтэй таарсан юм. Надаас гал асуухад нь азаар ганцхан ширхэг шүдэнз байгаагүй бол энэ бүхэнтэй би учрахгүй байсан байж магад.

o.tsend-ayushХоёрдугаар хэсэг 
ХИЙЛИЙН УТСАН ДЭЭГҮҮР 
ХЭНД Ч АНЗААРАГДАМГҮЙ НЭГЭН АЯЛГУУ УРСАХЫГ ХАРААД… 

Зөвхөн хийл хөгжмөөр ийм их зүйлсийн тухай өгүүлж болно гэж үү хэмээн энүүхэндээ түүний ур чадварыг гайхан суутал бас нэгэн аялгууг тэр маш чадварлаг тоглоод эхлэлээ. Ийм дуусгамгүй аялгууг тэр шийдэмгий гэгч дуусгаад бидний зүг харан алга ташилтын хариуд гар даллахад хөшиг хаагдаж театрын суудлаас хүн бүхэн өндийж түүний авьяас билгийн тухай дор бүрнээ бишрэн ярьцгааж үүд тийш алхана.
Гэтэл миний дэргэд анхааралтай гэгч нь сууж байсан нэг жаал хүү намайг босох гэж завдахад:
–Та явчихвал хамгийн сайхныг нь үзэж чадахгүй өнгөрнө шүү дээ гэв. Би гайхан харцнаас нь юун тухай өгүүлж байгааг лавлатал:
Тэрээр:
-Одоо удахгүй хөшиг нээгдэнэ. Удирдаач хамгийн сайхан аязыг тоглож эхлэдэг юм гэв. Би хүүгийн үгэнд эргэлзэвч суудалдаа түр азнахаар шийдлээ.
Хүү худал хэлээгүй ажээ.
Хөшиг нээгдэж зөвхөн хийл хөгжим тэвэрсэн хүмүүс тайзны хоёр талаас гарч ирэв. Миний хажууханд өнөөх жаал хүү, харин түүний цаана нэгэн өвгөн гээд бид гурав л энэ том теартын үзэгчдийн суудалд үлдсэн байв.
Хийл барьсан хүмүүс хэн нэгнийг хүлээх шиг тайзнаа бүгд үг дуугүй зогсоно. Гэнэт тог тасарсан мэт харанхуй нөмрөн авч амьсгалах чимээнээс өөр ангиргүй… Маш их нам гүмийг хэн нэгэн хүссэн бололтой юм. Тайзнаа сүүмгэр гэрэл тодрох нь нэгэн лаа асаж байна. Нэг, хоёр, ердөө гуравхан лаа тэр хавийг үл мэдэг таниулах аятай сүүмэлзэн асахад тэдгээр тайзнаа гарч ирсэн хийлчдийн өмнө нэгэн эр нуруугаа нааш харуулан зогссон байна. Бодвол удирдаач нь энэ байх нь. Дохиураа өөд өргөн шалмаг гэгч нь буулгаж эл театрт хэзээ ч хэн ч өмнө ингэж тоглож байгаагүй тийм аялгууг эгшиглүүлж эхлэв. Хийлчид нэгэн зэргээр хөг айзам нийлж бид гуравт зориулагдсан тэрхүү ая, аялгууг эгшиглүүлэв.
Бид гурав дор бүрнээ чимээгүй…сууна.

...Сар уснаас согоо шиг тонгойж амсана
Салхийг уулс цангасан адуу шиг залгилана
Мананг хөндий хөнжил шиг нөмөрч
Маралыг шугуй хөгжим шиг дуугаргана
Гол мөрний чимээг загас тэмээлзгэнэ шиг залгиж
Гоо бүсгүйн инээд алчуур шиг хуучирна
Аниргүй тал далбаа шиг гандаж
Цахилах зээр гал шиг дүрэлзэнэ
Сүрэглэх үүлнээс морины нулимс шиг бороо асгарч
Сүмийн дээвэр дээрээс хүний нулимс шиг дусна
Тэнгэрт хийл шиг шувууд нисэлдэж
Газарт гитар шиг навчис унах ажээ.
Аяа Намар / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 17-18-р нүүр / Аяа Намар гэж хийлийн аялгуугаар дамжин ирэх өгүүлэмжийг уулга алдан анирдах дариудаа би хамт үзэж буй жаал хүү өнөөх өвгөн хоёрын зүг харвал өвгөн нэг суудал нааш дөхөж суусан харагдав. Эхний аялгуу дуусаж дараагийн аяз шууд эгшиглэнэ. Гэтэл энэ аязны юун тухай өгүүлээд байгаа нь надад ер өмнөх аяз шиг буухгүй байх юм. Учир нь тэр өвгөн нааш нэг суудал ахиж суусан нь миний анхаарал сарних шалтгааны үүсгэл болоод байх шиг… Би ер энэ аялгууг дуусан дуустал ойлгож тогтож сууж чадсангүй. Үе үе өвгөний зүг харах бөгөөд харах тоолонд харин өвгөн нүдээ тас анин аялгууг чармайн сонсохоор чих тавьжээ.
Учир нь энэ аяз бол “СҮҮЛЧИЙН МӨЧ”…нэртэй аяз байжээ. Энэ аязыг өвгөн сонсохдоо
Алдарт шаргал үст Оросын гайхамшгийг
Ард түмэн нь бүчин авлаа
Хэвлэлийн үйлдвэрийн өмнөх гудамж талбай “Архангель”
Хэтэрхий хуучин өргөн чөлөө дүүрэн 
Танхилхан охид, бүсгүйчүүд
Танихгүй эрчүүд, түшмэлүүд
Эр зоригтнууд, хулчгар бэртэгчингүүд
Ээжийнхээ гараас хөтөлсөн хүүхдүүд
Цөм ялгаагүй
Цөхөрсөн, цөллөгдсөн яруу найрагчийг бүчин авлаа
Ор залуухан гучин насанд нь
Орос орон одоо л түүнийг хайрлаж
Онгод авьяас, суу билгийг нь 
Олон хүн нэгэн зэрэг шагшиж эхэллээ
Гэвч харамсалтай нь эхлэл биш ээ
Гэнэтийн аймшигт төгсгөл байлаа
Өргөн чөлөө, гудамж талбай, гунигт улиас модод
Эрх чөлөөгүй эх орныхоо зүрхэн дундуур 
Сергей Есениний шарил явж өнгөрөхийг / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 21-22-р нүүр / олж харсан бололтой. Хийлчид удирдаачийн зүг харан өмнөх нотны төмөр тавиур дээрх таван шугамд багтаж ядсан гайхамшигт симфони найрууллыг ахин цааш үргэлжлүүлэхээ асуух мэт. Харин удирдаач толгой дохин гартаа байх дохиурыг нэлээд түрэмгий дохиход ахин мөн шинэ аялгуу эгшиглэн жаал хүү одоо харин нэлээд анхааралтай чагнана.
Дурлалт охид минь баяртай
Дурлалт охид минь баяртай…
Намрын төгөл дундуур ганцаардангуй алхахдаа
Навч унах тоолонд нэг нэгээр чинь 
Сүүлчийн удаа дурсан санаж байна
Өрнөөс үүлс нүүнэ
Өвөл болохоос өмнө та нарыг л мартъя
Хот тосгод нам гүм, нам гүм
Хонгорхон охидыг орхилоо гэж
Хорвоо надад гомдохгүй ээ
Холын тэртээх хөндий рүү
Хойд зүгээс үлээх салхи шиг 
Бүлээхэн уруулт, дулаахан харцат охидоо
Бүх юм дууссан… / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 123-24-р нүүр / хэмээн өгүүлснийг нулимстайхан сонсон сууна. Харин надад бол урьдын адил юу ч сонсогдсонгүй… Би дэмий л өнөөх өвгөний зүг байн байн харан сууж энэ аязыг дуусгалаа. Ер ингээд бодох нь ээ тэр удирдаач бид гурвын юу бодож, санаж байгааг тайзнаа амилуулж, хийлчдийн тоглох хэм хэмнэлээр бидэнд ээлж дараалан бодлыг минь хийсгэх шиг… Ээлж дарааллын хувьд одоо миний бодлыг удирдаач хийлийн утсаар амилуулна гэж бодож суутал тэгсэнгүй. Өвгөн нааш ахин нэг сандал ахин суулаа.
Жинхэнэ эрэлхэг орос эр 
Жижигхэн тайзан дээр дуулна
Цэмцгэр хүрэм, торгон өмдгүй
Цэргийн хуучин шинельтэйгээ
Байлдсан бууныхаа оронд 
Барьсан гитараа бат атган 
Ден Победи-г 
Дэндүү сайхан дуулна
Эхлээд тариачин байсан, тэгээд цэрэг болсон 
Цэргээсээ эргээд 
Цэцэгтэй хамт дэлгэр Донын талдаа
Алтан шаргал буудайгаа тарихаар 
Аз жаргал руугаа яарч буй
Энэ орос эрийн дуулах дуу бол
Эх орны тухай дуу
Эх орны тухай дуу бол 
Энэ орос эрийн дуулах дуу…
…Мотор дуугарч гэрэл асаасан энэ тосгонд 
Москва орчмын үдэш эгшиглэх болно. / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 25-26-р нүүр / Өвгөн яагаад ийм зүйлийн тухай бодоод байгаа юм бол гэж гайхавч, өвгөнд зориулан удирдаач ийм зүйлийн тухай тоглоод түүнд нь өнөөх өвгөн автаад өөрийн эрхгүй тэр аяз түүнд зориулагдаад байна уу ч гэх шиг таамаг дэвшүүлж байтал өвгөн хэнгэнэтэл уйлаад эхлэв ээ. Өвгөнийг гэтэл би л ганцаар анзаарсан байна. Хийлчид хэвээрээ…жаал хүү ч хэвээрээ…удирдаач бүр жишим ч үгүй дараагийн аялгууг тоглохоор нааш харах завдалгүй зогсоно. Миний нүдэнд л өвгөн уйлж харагдаад байх юм.
Гэтэл гэнэт л дараагийн ая явахдаа зэрэг
Түлхүүрийн нүхээр үзэгддэг 
Түүний дотор л амьдрахсан 
Түгшүүр зовлонгүй эмэгтэй хүний сэтгэл дотор
Түлээчин болж амьдрахсан / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 38-р нүүр / ийм үгс оюун санаа руу минь хийсэн орж ирээд байлаа. бодол над руу хийсэн орж ирж байлаа. Өнөөх өвгөний нааш дөхөх, хажууханд буй жаалыг ажих тэр бүхэн түр мартагнаж сэтгэл дотроос нэг зүйлийг уудлан авах шиг, өнөөх бүсгүйн тухайх бодлыг мэдэж ийм яруухнаар хийлийн утсан дээгүүр урсган надад тоглох шиг санагдав. Энэ аязны дараа би ерөөс тэр өвгөн нааш дөхөх, жаал хүү хажууханд шанаагаа тулан суух зэргийг анзаарахаа больж зүгээр л нүдээ тас анин суусан юм.
Аньсан нүдэн дотор минь удирдаач нааш эргэн харав. Би тэсэлгүй нүдээ нээв. Бүх зүйл байр байрандаа. Удирдаач цаашаа харсан чигтээ, хийлчид хийлээ барьсан чигтээ байв. Нүдээ дахин анихад удирдаач мөн л нааш эргэн харав. Ёстой хачин юм. Нэг л юм буруу өрөгдсөн юм шиг санагдаад байлаа.
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нүд шиг эх оронтой би
Гадаад далай шиг энэ орчлонд 
Ганц дусал нулимс шиг эх оронтой би
Ай миний ганц дусал эх орон 
Ай миний ганц дусал нулимс
Ээж минь чамд багтаж
Ээжид минь чи намайг багтааж
Аав минь чамд багтаж
Аавд минь чи намайг багтаажээ… / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 40-р нүүр / хэмээн чимээгүй шивэгнэж зогсов.
Гэтэл өнөөх жаал хүү Удирдаач аа, Удирдаач аа тийш хар даа!
Зуун жилийн дараа
Зураг төгс тэр нэгэн
Зуны үдшийн 
Зул шиг саран дор
Өнчин янзага шиг орхисон 
Өнгө төгөлдөр нэгэн хөгжим байна…
Өнөө муу хуучин хөгжимний минь царнаас цувж
Өвсөн дундуур зулзаган шувууд гүйлдэж байна / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 61-р нүүр / хэмээхэд би нүдээ нээв. Гэтэл удирдаач цааш харсан хэвээрээ, хүү шанаагаа тулж хийлчдийн аялгууг анирдсан хэвээрээ л байв. Ер надад энэ бүхэн зүүд шиг санагдаж бусад хүмүүсийн адил зүгээр л гараад явчих байж дээ гэх бодол орж ирэхтэй зэрэгцэн өвгөний дуу хажууханд гарах нь тэр. Балмагдан шалав эргэж хартал өвгөн яг арын сандал дээр ирж суусан байв. Тэр надад хандан удирдаачийн тухай чи юу гэж бодож байна гэв. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Бодол санаанаасаа ямар нэгэн хариултыг өвгөнд хэлэхээр хайж байтал дараагийн аяз явж эхлэв. Энэ нь өвгөний намайг нэвт ширтэх харцнаас аврах шиг тайтгарлыг өгч би зүгээр л тэр аялгуунд ховсдуулах гэж хичээнэ. Тайзан дээрээс хийлчдийн дунд зогсоо нэгэн бүсгүй над руу жигтэйхэн дотно нүдээр харан ямар нэгийг асуух шиг хөгжимдөж байв.
Би цэцэг юм…
Чинийхээ хөлийг хүлээдэг цэцэг юм
Би навч юм
Чинийхээ гарыг хүлээдэг навч юм
Би тэнгэр юм
Чинийхээ хүслийг хүлээдэг тэнгэр юм
Би намар юм
Чинийхээ гунигийг хүлээдэг улирал юм
Би мөрөн юм
Чамайгаа…эхээс төрснөөрөө
Эргэж ирэхийг чинь хүлээдэг 
Их ус юм / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 64-р нүүр / гэж өгүүлнэ. Удирдаач л хөмсөг зангидан тэр хийлч бүсгүйн зүг харан дохиураа суллан зогсоход одоо яах бол гэх бодол л толгойд эргэлдсээр байлаа. Удирдаач түүнийг тайзнаас хөөж мэднэ гэж түүнээс түрүүлж:
Баяртай хайрт минь баяртай 
Энэ сүүлчийн галт тэрэг 
Бал бурам шиг уруулын чинь амтыг тосгоны манангаар арчаад 
Эргэж ирэхээргүй би явлаа…
Гурвалжин цонхтой хуучин байшингийн минь өмнөх 
Гунигт цэцэрлэгт минь очоорой 
Тэнд цас, бороо, норсон шувууд, уйтгартай навч, 
Тэртээ алсаас үлээх тээрмийн сэнсний бүлээн салхи байгаа 
Тэр бүхэн одоо чинийх 
Хэрвээ би чиний дотор амьд хэвээрээ бол
Хэзээд чинийх… / О.Цэнд-Аюуш “Гунигт аяз” 43-44-р нүүр / гээд хэлчихэв. Бүх гэрэл асчихлаа. Зөвхөн хийл хөгжмөөр ийм их зүйлсийн тухай өгүүлж болно гэж үү хэмээн түүний ур чадварыг өнөөх хүмүүсийн адил гайхан биширч байхул теартын үүд нээгдэж хүмүүс маргаашийнхаа тоглолтыг үзэхээр билет аван орж ирцгээв. Тэдгээр хүмүүс дунд өвгөн бас жаал хүү, удирдаач, өнөөх бүсгүй цөм юу ч болоогүй мэт нэг, нэг суудалд суухдаа над руу бүгд ээлж дараалан толгой дохин мэндэлж байлаа.

3_5052Гуравдугаар хэсэг

“АГЛАГ БУЙДЫН ДАЯАНЧИЙГ ХАЙХУЙ”

Эртээ… нэг их өтгөн “Манан дунд” нэг хүнтэй би таарсан юм. Надаас гал асуухад нь би өврөө тэмтрэхэд азаар ганцхан ширхэг шүдэнз хайрцагт үлджээ. Хамгийн сүүлчийн итгэл найдвараа хүн харах гэж яаж л мэрийдэг билээ дээ. Хоёул энэ шүдэнзээ ямар нэгэн аргаар унтраалгүй асаахаар завдаж, алгаа хавсрахад нь би нөмөрлөж өгөв. Ингэж л бид хоёр танилцсан даа. Одоо харин тэр Аглаг буйдад даянчлан суугаа гэж саяхан нэг таньдаг хүнээсээ сонсоод түүнийг олж уулзахаар гэрээсээ гарч буй маань энэ.
Ингэж явах зуураа нэгэн мөр олж үзлээ. Түүнийг даган явахад
Мананд төөрсөн их талд нэг очих юмсан 
Магадгүй намрын буга ч бас үүнийг мөрөөддөг байх 
Орчлонгийн оргүй хоосон дотор багтаж
Одод амарсан их талд нэг очих юмсан
Уулын буга ч үүнийг бас мөрөөдөж
Уран хөлөө бэл рүү нэг зөөдөг байх аа / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 9-р нүүр / гэсэн бодол моддын навчнаас өлгөөтэй харагдана. Энэ лав түүний зүүж орхисон бодлууд мөн гэж таамаглаад тэр мөрийг алдалгүй нэхэн дагахыг өөртөө хэлэв. Эргэн тойрон нам гүм. Энд моддын мөчрөөр хөөцөлдөн сацрах нарны туяа, урт урт анхилам үнэртэй цэцэгс л дүүрэн байх аж.
Өнө эртнээс намайг хүлээсэн 
Өндөрлөг газрын замаар алхаж байна, би
Намайг жаргалд хүргэсэн
Намайг зовлонд унагасан энэ олон зам
Огт оргүйгээс оршихуй руу
Оршихуйгээс огт оргүй руу очсон байсан / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 5-р нүүр / гэх бодлууд мөн салхиар хийсч ирнэ. Энэ ч мөн түүний салхинд шивнэж явсан бодлын зам нь мөн гэдэгт одоо би огт эргэлзэхгүй боллоо. Түүний
Хүүхэд насаа олох зам нь шаргал өнгөтэй байж
Хүүхэд насаа орхих зам нь шаналан зовлонтой байж
Хүн чанарыг олох зам нь манан будантай байж
Хүн чанараа орхих замд нь маргааш гэдэг байхгүй байж
Хайр сэтгэлээ бүтээсэн зам нь өргөс чулуутай байж
Хайр сэтгэлээ орхих зам нь өнө мөнх эзгүй байж аж
Өөр рүүгээ ирсэн зам нь хамгийн хол байж
Өөрөөсөө буцах зам нь түүнээс ч хол / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 6-р нүүр / байх тул тэр нэгэн агуйд сууж бясалгахад хүрч даянчлан яваа байх нь гэж сэтгэн нар тонгойх үест энэ мөрийг алдахгүй гэж хичээх боллоо.
Ой модод чимээгүйгээр дүнсийх нь эртний сүмийн чанартай
Олон зуун жил өнгөрөхөд хүн чулуу бутрах нь үнэн сэтгэлээс харуусалтай
Одоо цаг хормын дараа хуучрах нь ирэх цагт тустай
Охин биеэрээ мөрний эрэг дээр гарч ирэх чинь мөнхийн устай төстэй / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 7-р нүүр / гэж тэр энэ л замаар бодолхийлж явсан. Энэ мөрийг даган явсаар нар жаргаж, сар шургахтай зэрэг нэг аятайхан нөмөр газар бараадан эндээ хоноглоод үүр цайхын үест цааш хөдлөхөөр боллоо.
Анир чимээгүйгээр шөнийн уулс үргэлжилж
Атираагүй тал гүн нойронд автжээ. / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 11-р нүүр / Шөнө дунд тэргэл сарны зүг ширтэн хэвтэхүй нэг л сайхан байдаг юм даа.
Хамгийн цэлгэр талыг тэр алгаараа бүтээсэн мөртлөө
Харин энэ уулсыг бодлоороо бүтээжээ
Хамгийн том тэнгис далайг тэр нүдээрээ бүтээсэн мөртлөө 
Харин энэ гол мөрийг тэр нулимсаараа бүтээжээ
Хамгийн хуурай элсэн цөлийг тэр ганцаардлаараа бүтээсэн мөртлөө
Харин энэ манхадыг тэр хүн чанараараа бүтээжээ / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 13-р нүүр / гэж бодон хэвтээд түүний дүр төрх, үг яриа нь хэр их өөр болсон тухай бодож эхлэв би. Төд удалгүй унтаад өгчээ. Зүүдэнд 
Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай
Гүн рүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай
Гүүр хуучирч хөхрөөд, урсан одож байгаа юм шиг салхитай / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 17-р нүүр / дүр зургууд ээлж дараалан орж ирээд би зүүд рүүгээ улам шигтэл
Бүдэгхэнээр нүдний өмнө сар
Бүлээн цагаан гэгээгээ цацан цацан амилахад
Буурал тэргүүнээ тэнгэрт өргөн өргөх 
Будда шиг уулсаас бодол сонсогдох / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 29-р нүүр / шиг болов. Зүүдийг минь хэн нэгэн яг л элсэн цаг шиг ширхэг ширхэгээр нь доош харуулан юүлж дуугахааар оролдох мэт болоход би арай гэж сэрлээ.
Сэтгэл минь уулын сүм юм
Үгүйлж хайрладаг хүмүүсээ би тэнд л 
Үйлийн үрээс ангид байлгаж
Үнсэж явсан бүсгүйнхээ нүдийг дуурайлган 
Үнэн ариун бурхадын мэлмийг нээсэн юм
Сэтгэл минь ухаарлын тив юм
Над руу сум тавьж байсан хүмүүс тэнд
Намнах хүслээсээ хагацаж
Үг харшуулж явсан тэднийг би 
Үхлээс харамлаж чаддаг юм / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 27-р нүүр / гэж эртний нөхөр маань чихэнд шивнээд дүр нь бүдгэрэхдээ зэрэг би сэрж орхилоо. Уулсаа тулсан тэнгэр өөд үүрийн гэгээ мацан гулсахад шөнийн зүүдээ энд үлдээгээд өнөөх мөрийг цааш дагалаа. Орчин тойрон минь нэг л нам гүм аж.
Цас будрах шиг энгийн 
Салхи исгэрэх шиг энгийн
Сар мандах шиг энгийн
Санаа алдмаар энгийн
Энгийнээс энгийн 
Үүл нүүх шиг энгийн 
Үзэм улайх шиг энгийн
Бороон дотор чи минь зогсох шиг энгийн 
Бодол дотор мөнгөн согоо амраг шиг энгийн / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 31-р нүүр / ийм талд гарч ирэв. Өнөөх мөр энд хүрээд жаахан балартжээ. Хааш явахаа үл олох мэт хэсэг зогсоод түүнд хандан :

Чимээгүй гунигтайгаар
Чамайг хүлээж
Дүнсийсэн тэнгэрийн дор би 
Дүрсээ хөшөө шиг болгож үзлээ

Чимээгүй гунигтайгаар
Чамайг мөрөөдөж
Нүүдэлчин үүлсийн дор би 
Нүдээ загасных шиг бодож үзлээ

Чимээгүй гунигтайгаар 
Чамайг мөрөөсөж
Хөх салхин дунд би 
Хөлөө нарийсч байхыг үзлээ / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 33-р нүүр / гэж хэлмээр санагдсан ч түүний байгаа газар нэг л дөхөөд байгаа юм шиг мэдрэгдэн өнөөх мөрөө нэг олж нэг алдаж зогтусаад цааш явсаар л байлаа.
Хүрэл манхад салхинд хийсч
Хүлэг морьд баримал шиг үзэгдэнэ
Гол мөрний хөгжөөнт эгшгийг 
Гоо марал залгиж одно / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 34-р нүүр / Энэ бүхнийг харахдаа би нэг л буруу замнаад байгаа юм шиг санагдавч тийм амархан түүнтэй уулзана гэж юу байхав дээ. Энэ зам түүний явж өнгөрсөн зам мөн гэдэгт итгэсэн болохоор болоод, энэ замд ийм зүйлсийг бүтээж орхисон болохоор тэр бүхэн нь надад ийн үзэгдэж байгаа мэт санагдана. Салхи зөөлөн үлээж шавар намаг, уул, тал, цэцэг, жимстэй олон зам харгуйг туулсаар нэгэн буган хөшөөний дэргэд ирэв.
Хөдөө талын хаяа алсын алсад үзэгдэнэ
Хөсөглөгч үүлсийн чөлөөгөөр гэрэлт наран тусахад
Хөдөлж чадахгүй буган чулуу алтан биетэй болно
Мөнхийн ус уусан юм шиг түүний дэргэд гэтэл 
Мөнгөн согоо ирсэн байжээ / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 41-р нүүр / ийм нэг гайхамшигийг олж үзлээ. Тэр буга, согоо, үүлс, уулс ер энэ орчлонгийн тухай хүүрнэхдээ эдгээр үгсийн найрлыг ихэд аван онцолдог нэгэн болохоор энэ түүний бүтээж орхисон “Буган чулуу” гэдгийг сая л сэхээрэв. Гэнэтхэн надад ийм бодол төрсөн юм. Угаас түүнтэй уулзахыг зорьсон маань тэнэг хэрэг юм. Энэ бүтээж орхисон зүйлсийг харан сайтар ажих аваас хаа нэгтээ баясалган суугаа тэр хүмүүн энэ бүхэндээ оршин буй гэдгийг ухаарав. Тэгээд энэ мөрийг цааш хөөлгүй орхиж буцахад хүрлээ. Магад энэ мөр арилах нь үгүй тул хэзээд эргэн ирж болно.
Хөв хөх бороотой үдэш 
Хөдөө нутаг минь будаг болно
Хөл нүцгэлж ой мод руу алхахад
Хөхөө ганцаардан дуулна
Бүлээхэн алгаараа нүдээ арчихуйд 
Бүрэнхийд гуниг минь хуучирч
Туйлдсан биенээс минь гарч одоод 
Туулсан бүхэн минь бүдгэрнэ…
… Хөв хөх бороотой үдэш 
Хөлөө нүцгэлж ойд явахуй
Уурын тэрэг шиг манан
Уулын жимээр өгсөнө. / О.Цэнд-Аюуш “Аглагт гэрэлтэнэ” 12-р нүүр / 
Чийг үнэртсэн гэртээ орж ирвээс
Чийдэнгийн гэрэл шатжээ
Чимээгүй харанхуй дунд шүдэнз хайж тэмтрэхэд
Чи минь юутай ихээр санагдана вэ…
Аяны холоос ирэхэд орон гэр эзгүй байх нь 
Аягүй, тавгүй гэдгийг би бүр мартжээ
Аяга шаазан дээр хүртэл нимгэн тоос тогтоод
Аавындаа очоод чи уджээ.

Төгсгөл…

Зөвхөн хийл хөгжмөөр ийм их зүйлсийн тухай өгүүлж болно гэж үү хэмээн энүүхэндээ түүний ур чадварыг бишрэн суутал хажууд суусан нэг эр надаас гал асуув. Өврөө тэмтрэхэд азаар ганцхан ширхэг шүдэнз хайрцагт үлджээ. Энэ хүнийг гал асуучихаад эргэн алхахад л би сая танив. Удирдаач…Удирдаач…

Тайзан дээр өтгөн манан…

Яруу найрагч Н.Минжинсайхан


URL:

Сэтгэгдэл бичих