ҮЛДЭЖ БУЙ ГАНЦ АРГА БОЛ СОНГУУЛЬ ЛУЙВАРДАХ…
УИХ-ын гишүүн Фортуун Н.Батбаяр ийн хэлжээ. Яг луйвардах гэж байгаа юм байна, санаагаа хэллээ гэж бүү бодоорой. Тэгээд ч энэ үгийг УИХ-ын танхимд, камерийн өмнө ил тод хэлсэн. Ингэж ил бөгөөд шулуун хэлж буй хүн луйвар хийхгүй байх магадлал нь өндөр. Тэр зөвхөн өнөөгийн АН намын гарцгүй байдлыг, нэр хүнд нь ямар дор орсныг л тодорхойлон хэлж байгаа нь энэ. Түүнээс биш луйвар хийчихнэ шүү гэж зарлаж байгаа хэрэг биш.
Н.Батбаяр гишүүний үгийг цааш нь сонсоё. "Манай намын (АН) рейтинг тэртээ тэргүй унасан
. Шударгаар явах юм бол манай нам ялж чадахгүй. Ганцхан бидэнд үлдэж буй арга бол сонгуулийг луйвардах. Сонгуулийг луйвардах арга нь бол сонгуулийг зохион байгуулах явцад оролцох
”
Хэрвээ АН намын тогоон дотор биш гаднаас иймэрхүү “АН нам ирэх сонгуульд луйвар л хийдэггүй юм бол яагаад ч ялахгүй” гэсэн утгатай үг гарсан бол, жишээлбэл намайг ийн хэлбэл, “Худалч, гүтгэгч, муу амлагч, Монголийн дайсан” гэх мэтээр дайрах хүн бишгүй олон. Бодит байдлыг мэдсээр байж зориудаар тийн хэлэх нь ч бий, учир нь тийм хүмүүст ямар нэгэн үймээн, бужигнаан, самуун болж байх нь ямагт ашигтай байдаг. Бороо орж, шуурга харанхуйлж байх нь чононд ашигтай байдаг шиг. Үнэхээр нүд нь хаалттай, бодит байдлыг харах чадваргүй фанатууд ч бас бий.
Харин энэ удаад АН намын нэгэн томоохон зүтгэлтэн өөрийн амаар ийн хэлж буй учраас эрхбиш надруу хэл амаа билүүдэх нь гайгүй биз, ер энэ үгэнд эмзэглэж буй бол энэ зүтгэлтэн лүүгээ л хэл амаа гозолзуулах хэрэгтэй. Хэрвээ учир шалтгаан ойлгодог бол өөрсөддөө дүгнэлт хийх учиртай. Тэдний эмзэглэл дээр дахиад жаахан давс үйхээс аргагүй болж байна, уучлаарай. Хотын мэр Үүл баатар маань намынхандаа юу хэлснийг сонсоё.
Э.Бат-Үүл: “Одоо яг үнэндээ Нам мам яриад байгаа болохоос биш нам мам байхгүй болсон шүү дээ. Хамаа байхгүй болсон шүү дээ. Франкцууд гэдэг юм бий болсон, /гэвч/ ямар юмных нь фракцууд байхав дээ. Ашиг сонирхол нь нэгдсэн улсууд л байгаа. Бүлэг дээрэмчид л байж байгаа. Одоо тэр нь овог аймаг болж хувирч байна. Одоо удахгүй XIII зуун шиг хэрээд мэргэд, татаар гэдэг юм шиг л болох гэж байх шиг байна. Нөгөө төрийн эрх мэдэл чинь бизнес болчихлоо шүү дээ. Тэр бизнес, тэр компанийг эзэлж авахын төлөө овог аймгуудын тулалдаан эхэлж байна”
18 жилийн өмнө, 1998 онд УИХ-ын гишүүн асан О.Дашбалбарын хэлж байсан үгийг эрхгүй санагдуулна. Тэгэхэд АН нам төрийн эрхэнд гарч, яг өнөөгийнх шиг нөхцөл байдал үүсчихээд байв. Эдийн засаг хямарч, төр дампуурч, ард олон үймэн самуурч байлаа. О.Дашбалбар агсан тэгэхэд "АН бол бүлэг дээрэмчид. Өөр юу ч биш" гэж...
Цааш нь “АН ичихгүй иддэг, МАХН ичингүйрэн иддэгээрээ л ялгаатай
“. Үнэн байсныг цаг хугацаа харуулсан, харуулж ч байна.
1996-2000 оны хугацаанд АН нам засгийн эрх барихдаа нэр хүндээ хэрхэн баллаж тавьсан түүх 18 жилийн дараа дахиад давтагдаж байгаа үйл явц бидний нүдэн дээр өрнөж байна.
“Мухар үхэрт худаг бүү үзүүл. Муу хүнд … Муу НАМД төр бүү бариул” Хуучин цагийн мэргэн үг өнөө цагт ийн хувирчээ.
2000 онд АН буюу тухайн үеийн Ардчилсан Холбоо эвсэл навсайтлаа ялагдаж, УИХ-д бөртийх ганцхан суудалтай үлдэж байсан нь тэдний 4 жилийн ажлынх нь дүн байв. Тэгэхэд ард түмэн тэдэнд -F дүн тавьсан.
Алдаагаа давтдаг хүнийг тэнэг гэдэг. Харин давтдаг, давтах давтахдаа бүр улс орныхоо хувь заяагаар тоглон тоглон давтдаг улс төрийн хүчнийг чухам юу гэж нэрлэхийг мэдэхгүй байна. Н.Батбаяр ч, Э.Бат-Үүл ч чухам бодит байдлыг хэллээ.
Бодит байдлыг эгцлэн харж чадаж байгаа, бас эрс шулуун хэлж чадаж байгаа энэ хүмүүст баярланам. Төрийн хүний зангараг гэж нэг юм байдаг. Тийм зангараг харуулж эдгээр шүүмж үгсийг хэлсэн байгаасай билээ. Үнэхээр ч төрийн зангарагтай зарим нэгэн хүмүүс АН нам дотор нэг бус нэлээн хэд бий. Ер аль ч намд үнэнч, шударгуу, чигч, голч нуруутай хүмүүс бий. АН нам дотор миний сайн таних мэдэх, хуурай дүү минь болсон сэтгэл зүтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, эх орондоо хэрэгтэй залуус ч цөөнгүй. Гагцхүү тэд нам дотроо буй бүлэглэлүүдийнхээ, Үүл баатрын тодорхойлсончлон “Бүлэг дээрэмчид”-ийнхээ хүч нөлөөг давж чадахгүй байна. Зарим нь давах нь бүү хэл сөрж ч чадахгүй байна. Тэгсээр намаа алдсан, алдаж буй гашуун явдал болж байна. Давхар улс орон нь ч хохирч байна.
Нөгөө талаар буюу муугаар хардаж сэтгэвэл энэ хоёр хүн нөхцөл байдлыг мэдэж буйнхаа хувьд, арьсаа хамгаалж, мултарч үлдэх оролдлого хийж байна гэж бас болно. Живч буй хөлөг онгоцоо живсэн чигт нь орхиод өөрсдөө мэнд мултрахаар зүтгэж буй хархнууд, жинхэнэ “Ардын баатрууд”…
АН намын зарим зүтгэлтнүүд бол бүр тас гүрийчихэж байгаа. Жишээ нь З.Энхболд дарга. Тэр “Ирэх сонгуульд манай нам ялна” л гээд зүтгээд байгаа шүү дээ. Зи дарга бодит байдлыг мэдэхгүй биш, сайн мэдэж байгаа. Гэвч давхар бодолгүй Зи байвал Зи биш
болно. АН нам яагаад сонгуулийн Хар хайрцгийг зүйл бүрээр зүтгүүлээд байсны учиг эндээс ч харагдаж магад…
Зарим зүтгэлтнүүд нь бодит байдлыг огт олж харахгүйгээр тэнгэрт хөвөөд л, “Манай нам ялна” гээд нүд нь гялалзчихсан манаргаж яваа. Тэндээсээ гэнэтхэн газардах үед тун хүчтэй доргилт болно доо.
Нэр хүнд нь навс унаад зутарч явахад “Ядарч явахад яр” гэгчээр гэнэтхэн Засгийн газрыг нь огцруулах асуудал босоод ирэв. Өнөөх Дубайн гэрээ…
АН үгүй гээд гүрийвэл гүрийж чадна. Ч.Сайханбилэгийг аваад үлдэж чадна. Гэвч АН өөрийн Засгийн газраа өөрсдөө онхолдуулчихдаг хуучтай. Фортуун, Үүл баатар хоёрын байдлыг харвал магадгүй шинжтэй. Өмнө нь М.Энхсайханы, Ж.Наранцацралтын, Ц.Элбэгдоржийн, Н.Алтанхуягын Засгийн газруудыг өөрсдөө л огцруулсан. Сайханбилэгийн Засгийн газар огцорсноор юу ч өөрчлөгдөхгүй, юу ч сайжрахгүй, нэмэгдэхүний байрыг сольж буйтай ялгал үгүй… Бас нэг ээлжийнхэн “хоолондоо орох”-оор дайрч, бужигнан, өнөөх “овог, аймгуудын дайн” өрнөнө. Дажинд нь хүнд хатгаатай байгаа эдийн засаг улам нэрвэгдэж, зовлонг нь ард олон үүрнэ. Сайнаар бодоход “Дээрэмчидийн бүлэг”-ийн бус, цэвэр хүн ирлээ ч сонгууль болтол 5 сар гаруйхан хугацаанд юу ч хийх билээ, ажилтайгаа танилцаж гүйцээгүй байтал халаагаа өгөх болно.
Монголын Засгийн газрын нэр хүнд Олон улсын тавцанд унана. Гадаад ертөнцөд бол АН-ын Засгийн газар гэж харагдахгүй, Монголын Засгийн газар л харагдана. Тэр хэмжээгээр өнөөх хүсэн дуудаад байдаг гадаадийн хөрөнгө оруулалт, Монголд итгэх итгэлд хорогдоно. Их зүйл алдана даа.
.
Харин зарчмыг, хариуцлагыг эрхэмлэх аваас огцруулах нь гарцаагүй зөв. Эцсийн эцэст бид энэ 25 жилд чухам зарчим, хариуцлага гэдгийг ор тас мартаж орхисноос л ийм хачин хаос байдалд орчихсон шүү дээ. Хадуурсан морийг хадуурсан талаас нь хайр найргүй ороолгож байж эргүүлдэг. Зарчим, хариуцлагаа мартаж хадуурсан төрд үүн лүгээ адил хатуу хандаж байж, зөв голдрилд нь оруулахгүй бол боломгүй. Дээр дурдсан өнөөдөр маргаашийн хор хохирлыг үл хайхран зарчим дээрээ бат зогсож чадвал алс хожмоо хэрэгтэй юм. Энэхүү зарчимын төлөө төлж буй золиос хичнээн өндөр байх чинээгээрээ бид илүү хүчтэй, бат итгэлтэй сургамж авах болно.
.
Сэтгүүлч Ж.Нарангарав "Сайн анчин ангаа, харин муу анчин өөрийгөө намнадаг"
хэмээн бичиж. АН ганц өөрийгөө намнаад зогсдог бол, харамсалтай ч бас яая гэхэв, өөртэйгээ хамт улс орноо намнах шахаж байна шүү…
Б.Номинчимэд.
URL: http://www.fact.mn/257814.html