”Наалт” хаданд гарсан нь

“Хаанаас наалтаа авах вэ”, “Ядахдаа “шаг”-алж байгааг нь ч гэсэн олчих юмсан”, “Оюутны зөвлөлөөс авна гээ биз дээ”. Энэ яриа оюутнуудын дунд өрнөж байна. Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй явах эрхийн үнэмлэхэн дээр наадаг тусгай тэмдэглэгээ бүхий наалт ховордсон болохоор тэр. Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль гээд бараг бүх л их сургуулиудын оюутнуудад “наалт” гээч энэ эд “чулуу” болж байна.

“Наалт” байвал надад өгөөч…

“Наалт” ховордохыг мэдэж байсан юм шиг нэлээд хэд хоногийн өмнөөс МУИС-д “шагийн наймаа” ихэд хүчээ авчээ. Дөнгөж их сургуулийн босгийг алхаж байгаа оюутнууд нарийн учрийг мэдэлгүйгээр мөнгөө өгчихдөг болохоор тэр. Одоогоос хоёр, гурван жилийн өмнөөс хөнгөлөлтийн картыг “шагалж наймаалцаж”  байсан өнөөдөр ч хэвээрээ. “Манай ангид оюутны зөвлөлийн дарга гэж өөрийгөө танилцуулсан нэг ах орж ирээд наалт ховордоод байгаа. Тиймээс сургуулийнхаа оюутнуудыг мөнгөөр явуулахгүйн төлөө бид илүү захиалах эрх авсан. Гэм нь жоохон үнэтэй та нар захиал гэж хэлсэн. Манай ангийнхан бараг ихэнх нь мөнгөө өгсөн байх шүү” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн оюутан ярьж байлаа. Тэдэнд “шаг”-ийн үнэ нь 30-40 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байдаг гэх. Сургуульд элсэн орж байгаа оюутнуудын эрх ашгийг хамгаалах оюутны байгууллага үнэхээр ийм үйл хийж байвал, харамсалтай.

“Бидэнд хөнгөлөлттэй явах наалтыг “шаг”-лаж байгаа талаарх мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу хэд, хэдэн сургуулиар шалгалт хийж байгаа. Шалгалтын явцад МУИС-ын нэгэн оюутан наалтыг “шаг”-алж байгаа нь тогтоогдсон. Тэр оюутныг МУИС-иас хөөсөн. Ер нь бид иймэрхүү асуудал гаргуулахгүйн тулд шалгалт байнга хийж байгаа гэж хариуцлагатай мэдэгдэе. Хамгийн гол нь үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байна” гэж Монголын оюутны холбооны Нийтийн тээвэр хариуцсан зөвлөлийн дарга Г.Ууганбаяр ярьж байсан юм.

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй явах эрхийн үнэмлэх болон наалтыг Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургууль болон коллежийн оюутнуудад тарааж байгаа гэх. Тиймээс 98 мянган оюутанд л энэхүү үнэмлэх, наалт хүрэлцэх аж. Энэ бол “наалт”-ны үнэ өсөх болсон шалтгаан. Нэгэнт эрэлт нь байгаа учраас нийлүүлэлт нь өндөр байдаг гэх тогтолцоо эдийн засагт үйлчилдэг.
Үүнтэй ч холбоотой байж болох нэгэн яриа нь гэвэл “МОХ илүү “наалт” захиалдаг гэх яриа билээ. Харин үүнийг МОХ-ын ажилтнууд “Манайх илүүг захиалах ямар ч боломж байхгүй. Тухайн сургуулиудаас ирүүлсэн хяналтын тоог цаад талын хэвлэгч байгууллага мэдэж байдаг. Тиймээс энэ яриа худлаа” гэж үгүйсгэж байсан юм. Наалт “шаг”-тай МОХ-той ямар ч холбоогүй гэнэ. Учир нь анхны захиалгыг тухайн сургуулийн оюутны зөвлөл авдаг болохоор тэр.

“Наалт” ховордоогүй, зүгээр л хэвлэлтэнд алдаа гарсан…

Наалт ховордож, үнэ нь өсөх гол буруутан нь муу хэвлэлийн машин. Учир юу гэвэл хэвлэлтийн явцад алдаа гарсан болохоор “наалт хаданд гарсан” гэнэ. Уг нь төлөвлөсөн ёсоор 14 хоногийн өмнө тараахаар байж. Оюутнууд хүлээж, тараалт нь удааширч байгаа энэ нөхцөлд овжин нэгэн нь “шаглах” аргыг сэдэж тэр нь ч амжилттай болж байх. Одоогийн байдлаар нэг хүнийг олж илрүүлсэн гэх ч цаана нь чухам хэд байгааг бурхан ч үл мэдэх биз. “Яг яагаад ховордсон шалтгааныг нь асуух гэхээр бидэнд хэлдэггүй шүү дээ. МОХ дээр очихоор хэвлэлтнээс гарсан одоо удахгүй тараана гэх л хариуг өгдөг” гэж МУБИС-ын оюутан Х.Билэг ярьж байлаа. Харин үүнд МОХ-ынхон арай өөр хариулт өгч байв. “Бид холбогдох бүх мэдээллээ тухайн сургуулийн оюутны зөвлөлд өгдөг. Хэрвээ манайхаас ямар нэгэн асуудалд хариу авах гээд ирвэл бид цааргалалгүй хүлээж аваад тодорхой мэдээлэл өгөөд л буцаадаг шүү дээ” гэж байв. Ямар ч байсан дахин хэвлэлтэнд явуулсан бөгөөд ирэх долоо хоногоос тараах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Ямар ч байсан ховордоогүй, харин хэвлэлтэнд алдаа гарсан болохоор хэдэн өдрөөр хойшилж байгаа нь энэ.

Намайг “хөнгөлөөд” өгөөч…

Одоогоос хэдэн жилийн өмнө МОХ-ноос нийтийн тээврээр үнэгүй зорчих хүсэлт гаргаж түүнийг нь ч шийдвэрлэж өгсөн билээ. Харин хөнгөлөлттэй зорчих хүсэлтийг биелүүлж эхэлсний дараанаас олон асуудлууд “ургаад” ирэв. Илүү хэвлүүлж байна, МОХ-ынхон ашиг олж байна гээд л… Хамгийн сүүлийн асуудал нь “наалт” “шаг”-лаж байна гэх асуудал. Хөнгөлөх хүсэлтийг нь биелүүлсэн ч бүх оюутныг бүхлээр нь хамарч арайхан чадахгүй байна. Харин нэг хэсгийнх нь ашиг олох хэрэгсэл болсоор уджээ. Нийтийн тээврээр үнэгүй зорчих асуудал дээр гол акцентаа өгсөн ч, өөр асуудал хариултаа хүлээж буй. Оюутнуудыг ажлын байртай болгох, олон янзын сургалтад хамруулах, номын сангийн хүртээмж гээд. Гэвч энэ асуудал одоохондоо шийдэгдэх болоогүй.

“Ер нь бол оюутан, залуучууд хөнгөлөлт нэхээд, гуйлга суугаад суух ёстой гэвэл үгүй шүү дээ. Гадны орнууд бол боломж гаргаад өгөөчээ гэж л тэмцдэг” гэж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар ярьж байсан юм. Хүсээд байсан хөнгөлөлтийг нь өнөөдөр нэгэн нь ашиг олох хэрэгсэлээ болгоод явж байх юм даа.

МОХ уу, өөр хэн нэгэн үү гэдэг өнөөдөр асуулт хэвээр…

“Монгол улсын их сургуулийн нэгэн оюутан “наалт” “шаг”-лаж байгаад баригдсан бөгөөд түүнийг сургуулиас нь хөөсөн шийдвэр гарчээ. Цаашид МОХ-ноос өөр сургуулиудад шалгалт хийж байгаа бөгөөд хэрвээ энэ хэрэг нь илэрвэл “үнэт цаасыг хуурамчаар үйлдвэрлэсэн” гэж яллагдан, эрүүгийн хариуцлага хүлээх юм байна”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих