Би унавал чи гарна. Чи унавал баз гарна
Ийм л байна. Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл хөөрхий, чуулганы босго даваад уналаа.
Одоогийн олигархи төрүүлдэг тогтолцоог халдаггүй юмаа гэхэд хазаарлах хэдэн чухал зохицуулалт энэ хуулинд суусан байлаа. Эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутны гээд хайран залуусыг яайран болгож амиа бодох, гутал тослохын дамжаа бариулдаг ТББ-уудаасаа салахаас намууд айлаа. Төрийн ажил төсөв мөнгөөр бизнес хийх боломжгүй, хөтөлбөр бодлого боловсруулдаг улс орны уураг тархи болсон НАМ-ын гишүүд байхаас улстөрчид зугтаалаа.
Намууд төсвөөс мөнгө авахыг даруухан зөвшөөрсөн ч тайлангаа шилэн болгохоос айлаа. Иргэдийн төлөөлөлд итгэл хүлээснийхээ урамшуулалд сая саяар нь урамшуулал авч урам ордог уламжлалаа хэвээр хадгаллаа.
Найр наадам, нүүрс түлээгээр аргалаад байдаг сум баг хороог намууд сугандаа хавчуулаад үлдлээ. 3001-ээс доош хүн амтай сум хороо багт намын салбар нэгж байгуулахыг өчигдрийн унадаг хуулиар хорих байв.
Нэр дэвшүүлэх эрх нэрээр парламентын суудлыг үнэлж суудаг тэрбум хүрсэн наймаагаа намууд хадгалаад үлдлээ. Унагаадаг хуулийн төслийнх нь 10.1.2-т “Сонгуульд нэр дэвших эрх олгохдоо хандив барьцаа дэнчин бусад аливаа хэлбэрээр мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө өгөхийг шаардах, авах”-ыг намуудад хориглох байлаа. Зөвхөн энэ заалт л Их хуралд горилогчдын тэрбум хүрсэн гэх тойргийн наймааг үгүй хийчих байлаа. Үүний дээр төрийн байгууллагад намын нэрээр хутгалдах боломжоо хамгаалж хэд дэхээ ч юм нүүрээ ширлээд хурлаа таслахыг илүүд үзлээ.
Дахиад сонгогдоно гэсэн бат итгэлтэй байгаа болохоор л маргаашийн шинэчлэл, ил тодын зарчим хэрэгжихээс өчигдөр зугатсан биз. Эрхэм гишүүд ямар их дасаа вэ, энэ тансаглалдаа. Зүгээр л хууль батлалцаж, сая илүү төгрөгийн цалин авдаг төлөөллийн энэ суудал юугаараа тэрбум хүрсэн ханштай болчихоо вэ.
Нам дотор юу болж байдгийг бид мэдэх болсон. Ил харж байна. Зарим нэгнийх нь хөрөг түүхээс уншиж байна. Цэргийн албыг 3 жил болгоод төмөр замыг босгох ажилд залуусыг “бөөндөх” төсөл нөлөө бүхий улстөрчийн хувийн өргөө харшид шийдэгдэж байжээ. ТЭЗҮ нь тэндээ тусдаа захиалагдан хийгдэж, цаашлаад үүндээ дэмжлэг авахаар Япон улсын ерөнхий сайдын ээжийг Сумогийн их аваргаар нь шууд яриулаад, дараа нь өөрийг нь Шинзо Эбагийн гэрт нь гурван цаг зочлуулаад Монголдоо төрийн хэмжээнд айлчлахад нөлөөлж чаджээ. Энэ тухай бидний зарим нь сайн мэдэхгүй ч Д.Төрмөнх сэтгүүлчийн сайн мэдэх Х.Баттулга гишүүний хөрөг номноос уншлаа.
Номын хорин хоёрдугаар хэсэгт өгүүлснээр бол Сумогийн их аврага ээжээр нь яриулан байж гэрт нь зочилж ирээд хувийн асуудал гуйх нь уу гэтэл геополитикийн том төслийг Монголыг төлөөлж ярьсанд Шинзо Абэ нэлээн гайхахын зэрэгцээ аваргыг болоод ард нь байгаа гишүүнийг сүрхий үнэлсэн бололтой.
Эндээс өнгөц харвал манай нэг улстөрчийн илгээсэн хэсэг “элч” Японд хувийн журмаар зорчин ерөнхий сайдынх нь гэрт зочлонгоо Монголын төмөр замын бүтээн байгуулалтыг хийх шинэ төслөө учирлаж яриад дэмжүүлчихэж. Харин жинхэнэ Ерөнхий сайд маань энэ уулзалтыг мэдэж л байсан байх даа. Энэ талаар тодорхой хэлсэн зүйл алга. Номонд өгүүлснээр бол дээрх бүх алхмыг хийснийхээ дараа Х.Баттулга гишүүн өөрийн төслийг Их хурлын дарга буюу намын даргад мөн бусад намын нөхөддөө танилцуулж дэмжүүлсэн гэж ойлгогдсон.
Хуудас 227-д ингэж өгүүлжээ.
“Х.Баттулга гишүүн: …10-р сарын 22-нд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манайд айлчилна. Тэгээд хэвлэлээр намынхаа дарга З.Энхболдоор зарлуулна. Дараа нь бид намынхаа бүлгийн нөхдөд энэ төслөө танилцуулна. Бүх судалгааг өнөө дээр очиж харсан залуус хийчихсэн…”
Шинзо Абэгийн айлчлалын дараа Л.Эрдэнэчимэг гишүүн Япончууд төмөр замын төсөлд хамтрахаар болсон гэж мэдэгдээд байсан нь энэ хүрээнд л яригдсан асуудал байсан юм болов уу. Намууд төрийн дээр гарсан талаар ярьж яваад энэхүү хөрөг ном руу хазайчихлаа. Номын тухайд бол үнэхээр сайн ном болсон юм билээ. Шимтэн уншсан.
Гэхдээ дээрх түүх нэг “эх оронч” улстөрчийн хөргийг тодотгохын цаана төр барьж буй намын бодлого шийдвэр гэдэг зарим тохиолдолд ямар амбицад суурилж гардаг. Тэр нь ямар дараалал эрэмбээр танилцуулагдаж, батлагдаж шийдвэр болж хэрэгжээд байгааг харуулж байгааг шууд хэлэхээс тойрох зам алга. Зүгээр л би юу, чи юу гэсэн улстөрчдийн бардамнал, мөчөөрхлийн ард маргаашийн төрийн шийдвэр яаж гарахыг таах хэрэгтэй болсон мэт.
Ер нь манайхны улс төр гэдэг шатар байтугай даам ч биш болсон байна. Аархаж арцалдаж гэмээ нь улсаараа тоглох хууль баталж чаддаг тэрбумтнуудын дүрэмгүй зодолддог дэвжээ болчихсон мэт.
Сонгуулийн хуулийг тохирсноороо хийсэн хоёр том нам улс төрийн намуудын тухай хуулийн төслийг нүдээрээ ирмэлцээд унагаалаа. Араас нь засгаа залах шоуг эхлүүллээ. Шантаажийг хийсэн шиг хийж Ч.Уянга гишүүнийг удаан чилээлгэсэн гарын үсгийг хуулийн тоонд нь хүргэжээ.
Төгсгөлд намаа аварч хуулийн төслийг унагаасан улстөрчдөд ямар гаргалгаа үлдсэнийг товч төсөөлье.
…Сонгуулийн хууль сонголтгүй хийгдсэн. Хуулиа баривал бид л сонгогдоно. Би унавал чи гарна. Чи унавал баз гарна. Баз унавал найз гарна. Найз унавал нөгөө …хулгайч гарна… Ирэх зун ялчихаад эдийн засаг, иргэдийн амьдралыг дараа ярилцья…
Ийм юмыг “фаак” гэх үү, Оросоороо “Чёрт” гэх үү.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
URL: