Малын эмчээ “мартсан” Сангийн яам
Монгол Улсын малын тоо толгой 2015 онд 55 сая 958 мянга болж өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Малын тоо толгой жил бүр өссөөр л байгаа. Сүүлийн үед “энэ хэний гавьяа вэ” гэж асуух дуртай болж. Тэгвэл малын тоо толгой өссөөр байгаа энэ гавьяа хэнийх вэ. Жилийн дөрвөн улиралд халуунд нь халж, хүйтэнд нь хөрж яваа хэдэн малчдын гавьяа мөн. Тэднээс гадна мал сүргээ элдэв халдварт өвчинд нэрвэгдүүлэлгүй, тарилга туулга хийж, нийтийг хамарсан халварт өвчлөлөөс цаг алдалгүй эмчилж яваа “малын эмч” нарын гавьяаг мартаж болохгүй.
Залуу үе “малын эмч” гэх мэргэжлийг сонгон, сонирхон суралцахаа больжээ. Цаашид малын гэх тодотголтой эмч, мэргэжилтэн төгсөхгүй ч байж ч магадгүй. Гэтэл Монгол Улсын хүнсний гол эх үүсвэр мал сүрэг байсаар л байдаг. Эндээс цаашид эрүүл хүнс хэрэглэх эсэх асуудал улам л бүрхэг болж мэдэх нь дээ. Гэхдээ ойрын хэдэн жилдээ Монгол Улс энэ зовлонг мэдрэхгүй. Учир нь малчидтай адил халуунд халж, хүйтэнд хөрж яваа “малын эмч” нар орон нутагтаа хоёргүй сэтгэлээр, мэргэжилдээ эзэн болж, ажилласаар байна.
Гэвч төр тэднийг мартчихаад байгаа нь харамсалтай. Шагнал, урамшуулал өгсөнгүй гэж хэлэх гэсэнгүй. Харин тэдний хоёргүй сэтгэлээр зүтгэж буй ажлын хөлс, хөдөлмөрийн үнэлгээг цаг тухай бүрт нь өгөхөө мартчихаад байгаа асуудлыг хөндөх гэсэн юм.
Жишээлбэл, Бруцеллёзын тарилгыг жил бүр мал сүрэгт хийдэг. Бруцеллёз нь бүх төрлийн мал, амьтад, хүнийг цочмог, архаг явцтайгаар өвчлүүлэн дэлүү, элэг, үе мөч, нөхөн үржихүйн эрхтэн зэргийг эмгэгшүүлдэг халдварт өвчин юм. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дээрх тарилгыг заавал хийх ёстой. Бидний эрүүл хүнстэй байлгахын тулд малын эмч нар жил бүрийн зун өөрөө ч халдвар авахыг үл ажран, цаг алдалгүй халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг хийж, хэрэгжүүлсээр байгаа.
Энэ жилийн хувьд ихэнх аймгууд бруцеллёз өвснөөс урьдчилан сэргийлэх тарилгыг наймдугаар сардаа багтаан хийж дуусгажээ. Гэвч тарилга хийж гүйцэтгэсэн малын эмч, албан хаагчдын ажлын хөлсийг хэзээ өгөх нь тодорхойгүй гацжээ.
Тухайлбал,Ховд аймгийн 53 ААН “бруцеллёзын тарилга” гүйцэтгэсэн ажлын хөлс болох 130 гаруй сая төгрөгийн цалингаа авалгүй он дамжсан байна. Ховд аймгийн тухайд наймдугаар сардаа багтаан бруцеллёзын тарилгыг хийж дуусгажээ. Улмаар ажлын хөлс/цалин/-өө авахаар салбар яамандаа хандахад “бололцоо муу байна” гэсэн хариулт өгч байж. Гэвч эдгээр 53 ААН-ийн ард 200 гаруй айл өрх төрийн шийдвэрийг хүлээж, горьдлого тавин чагнаж байна.
Тэд “улс орон хямралтай байгаа” хэмээн уужуу сэтгэлээр хандаж, ёстой л “болно доо, болно” гэж хүлээсээр сар шинийн босгон дээр тулаад байгаа юм. Гэвч тэдний уужуу тайван сэтгэлийг төр мартчихаад байгаа нь үнэхээр харамсалтай.
Монгол Улсын мал сүргийг гоц халдварт өвчинд нэрвэгдүүлэлгүй, хайрлаж, хамгаалж яваа улс бол тэдгээр малын эмч нар, тэдний ар гэрийнхэн. Тэдний гавьяагаар, тэдний буянаар бид өнөөдөр гадны улс оронд мах экспортлох тухай яриа хэлэлцээр хийгээд явж байна.
Гэтэл хийж буй ажлынх нь хөлсийг, бидний хэлдгээр цалинг нь өгөлгүй мартаад таван сар болчихсон байна шүү дээ.
Энэ тухай малын эмч Х.Цэрэндоржоос тодруулахад “Хөдөө аж ахуйн яаманд хандсан. Гэвч бид энэ асуудлыг цааш нь уламжилж байгаа гэхээс өөр тодорхой хариулт өгөөгүй. Сангийн яам мөнгөгүй учраас бидний цалинг шийдэж өгөхгүй байгаа гэж дуулсан” гэв.
Юу гэсэн үг вэ. Монгол Улс хэдхэн малын эмчийнхээ цалинг тавьж чадахааргүйгээр хямралд өртчихөө юу Б.Болор сайд аа. Салбарынхаа асуудлыг шийдвэрлэж, мал сүргийнхээ эрүүл ахуйг сахин хамгаалж буй эмч нараа эдийн засгийн гачигдлаас гаргачих ухаан төрөхгүй байна гэж үү Р.Бурмаа сайд аа. Үнэхээр харамсалтай байна шүү.
60 саяд хүрчихээд байгаа мал сүрэг чинь халдварт өвчнөөр өвчилж, хөрш орнуудаас хүнсний хамааралтай болохыг хүсээгүй л бол цөөхөн хэдэн малын эмчийнхээ цалинг асуудалгүйхэн шийдэж, эртхэн шилжүүлнэ байгаа.
“Хүний эмч бол хүний л эмч. Малын эмч бол хүн төрөлхтний эмч” гэх үгийг эрхэм сайдууд минь ухаараасай билээ.
А.Аюуш
URL: