Үүнийг сонсоод би өөрөөсөө ичихийн ихээр ичиж билээ
Манай байрны доод давхарт байдаг өөртөө үйлчлэх дэлгүүрээр би үйлчлүүлэх дургүй. Учир нь гэвэл тэр дэлгүүрийн худалдагч нар нэг л харьцаа муутай санагддаг юм. Ялангуяа нэгэн залууд би үнэхээр дургүй. Үйлчилгээний хүн байтлаа инээмсэглэж хүнтэй мэндэлж ч мэдэхгүй нэг тийм духаараа харсан нүдтэй гэж байгаа. Дэлгүүрт нь орхоор л араас минь дагадаг нь миний зэвүүцлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Яг л энэ хулгайч юу аваад халаасалчих бол гэсэн байдалтай араас дагаж явсаар кассанд очих хүртэл дагахыг нь яана.
Би бүр “чи үхсэндээ дагаад байгаа юм бэ? би танайхаас юм хулгайлахгүй” гэж хэлмээр санагддаг юм. Худалдан авагчдаа өөрөө иймэрхүү янзтай аашлан алдаж байх гэж дээ.
Гэвч нэг өдөр оройтож ойр хавийн дэлгүүрт миний авах хүнс байхгүй байсан тул би өөр аргагүй тэр дэлгүүртээ ордог юм байна даа. Нөгөө залуу мөн л сахиад зогсож байв. За тэр ч яамай би хэрэгцээтэй юмаа аваад л хурдхан шиг гарч үзэх минь. Гэвч хайж байсан гүнждийн тосоо дэлгүүрийн тавиур дээрээс хайгаад олсонгүй. Тэгээд өөр хаанаас гүнждийн тос гэдэг юмыг олж авья даа хэмээн бодолхылэн түр зогстол нөгөө залуу намайг араас минь угзрах нь тэр .
- Өө юу болж байна? гээд эргээд хартал нөгөө духаараа харсан харцаараа л намайг харан дув дуугүй миний эрж хайж байсан тосыг барьчихсан надад үзүүлж байна. Би ч цочирдон…
- Өө энэ хаана байсан бэ? би ёстой эрээд олоогүй шдээ гэтэл нөгөө залуу миний гарт гүнждийн тосоо атгуулаад гараараа касс руу заачихаад яваад өгдөг байна шүү. Үнэхээр ийм хүнтэй харьцаж чаддаггүй хүн байх уу. Гэвч миний эрж хайж байсан тосыг минь олж өгсөнд нь би бага зэрэг баярлах шиг болж билээ.
Гэртээ орж ирээд эхнэртээ болсон явдлаа ярихад эхнэр маань
- Чи мэддэггүй байсан юм уу? Тэр залуу чинь хэлгүй дүлий юм шүү дээ. Хөөрхий тэгээд л хүмүүст үйлчлэх гээд л хойноос нь дагаж явдаг юм байна лээ. Би ч бас анхандаа мэдэхгүй түүнээс их эвгүйцдэг байсан юм гээд надад учрыг нь хэлж өгсөн юм.
Үүнийг сонсоод би өөрөөсөө ичихийн ихээр ичиж билээ.
Хүнийг өнгөц дүгнэж болохггүй гэдэг нь л энэ байх даа.
URL: