Ноён уулыг ухаж болохгүйн учир

527-1453112880noyn_uul448928880201504072344Ноён уулын Гацууртын орд 27,6 сая тонн өндөр агуулга бүхий 75,9 мянган кг алтны нөөцтэй хүдэртэй болох нь тойм судалгаагаар тогтоогдсон байдаг.
Ноён уулын бүсэд Засгийн газраас ашиглалтын 12 тусгай зөвшөөрөл  олгогдсон бөгөөд 50 тонн алтны нөөц бүхий гол ордыг Сентерра Гоулд компани дангаараа эзэмшдэг юм билээ. Гэхдээ гадаад дотоодын баячуудын шуналыг хөдөлгөөд байгаа Гацууртын орд газар нь 115 тн алтны нөөцтэй гэж Сентерра Гоулдынхан хөрөнгө оруулагчиддаа мэдэгдсэн гэх дам яриа ч байдаг. Энэ алтыг нь ухахын тулд Ноён уулаа бусниулж болохгүй хэд хэдэн шалтгаан буй.
Нэгэн зүйл. Ноён уулын цогцолбор нь Хэнтийн их тайгын баруун хилийг захлаж, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Төв аймгийн Борнуур,  Батсүмбэр, Баянчандмань зэрэг таван сумын нутгийг дамнан Богд уулнаас даруй хоёр дахин том буюу 70 гаруй мянган га талбайг эзлэн оршдог.  Энэ их улс мөнх цэвдэгт, усны эх бүрэлдэх голын эх, ойн сан бүхий газар учраас энд уурхайн үйл ажиллагаа явуулбал :
1.Ойн хууль, 2.Усны хууль, 3. Байгаль хамгаалах хууль, 4. Гол мөрний эх, ойн сан бүхий газар уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу бидний хэлж заншсанаар урт нэртэй хууль гээд Монгол улсын урьдаа барьдаг хуульчдын эх орон, эх байгалаа шүтэн амьдарч ирсэн Монгол сэтгэхүйгээр бодож боловсруулан УИХ-аар батлуулсан гол гол хуулиудаа зөрчих болно.
Нэгэн зүйл. Их уулсын энэ цогцолборын Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Билүүт, Зуун мод, Булагтай зэрэг 20 гаруй амнаас Орхон Сэлэнгийн ай савд багтах 12 голын усан сан бүрэлддэг бөгөөд эндээс эх авч урсах Хараа, Ерөө, Бороо, Гацуурт голууд нь Сэлэнгэ мөрөнд цутгана. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурт цутгадаг 336 гол горхины хамгийн том нь. Бөгөөд нуурын усны 50 гаруй хувийг дангаараа хангадаг. Далай тэнгисээс алсад суудаг Монголчуудын хувьд Хөвсгөл болоод Байгаль нуурууд нь далай мэт санагддаг байсан учраас Далай гэж нэрлэдэг байжээ.
Нутгийн Буриад Оросууд харин Байгаль нуураа  тэнгис хэмээн нэрлэж сүсэглэнэ. Байгаль далай дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй, дэлхийн гадаргын цэвэр усны 20%-ийг агуулдаг их усан сан бөлгөө. Цаашлаад энэ нуураас эх авдаг цорын ганц Ангар мөрөн яван явсаар их уст Енисейд цутгаж, тэр нь Сибирийн өтгөн ой тайгыг сүлжин Хойд мөсөн далайд хүрдэг. Иймээс Хойд мөсөн далай хүрдэг голуудын эхийг бид эндээс нь хордуулан бузарлах аваас дэлхийн хүн төрөлхтөнд асар их гай гамшгийг авчрах нь ойлгомжтой.
  Мөнх цэвдэг нь газрын гүний усыг өөртэй нөөцөлдөг ба энэ цэвдэг гэсэж эхлэх юм бол хөрсний суулт, гулгалт үүсэж, алсдаа хуурайшин ширгэж, ой мод нь хатаж устан үгүйрч цөлжилт үүсэх аюултай. Монгол орны ой нэлэнхүйдээ мөнх цэвдгээр тэтгэгддэг цэвдэг мандал үгүй болчихвол алсдаа Монгол орны маань тайгын энэ бүслүүр Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтайн нуруу аятай хадан цөл болно гэсэн үг. Сүүлийн хэдэн арван жилийн дотор хур тунадасны хэмжээ онц нэмэгдээгүй байхад Увс, Хөвсгөл зэрэг зарим томоохон нуурын усны түвшин ихээхэн нэмэгдсэнийг Дэлхийн дулаарлын улмаас энэ уулсын цэвдэг эрчимтэй хайлж байгаатай холбон тайлбарладаг.
Нэгэн зүйл. Ноён уулын цогцолбор нь нэлэнхүйдээ хуш, хус, хар модоор хучигдсан битүү тайга бөгөөд энд хандгай, буга, хүрэн баавгай, зэрлэг гахай, улаан номонд орсон оцон хүдэр, мануул, үнэг чоно,  бор гөрөөс гээд байхгүй амьтан байхгүй баялаг хангай бөлгөө. Эндхийн ойд жилийн дөрвөн улиралд амьдардаг хур сойр, харцага, шонхор, ятга шаазгай, ятуу ногтруу гээд жигүүртэн шувууд олноороо сүрэглэн амьдардаг.
Хэрэв энд Сентерра Гоулдынхан түрж орж ирэн Их Даширын нуруунд хийсэн тэсэлгээгээ хийж нураан эрдэс хүдрийг нь хүчит техникээр зөөж эхлэх юм бол энд амьд амьтан байхын аргагүй болно. Эдгээр ан  амьтад үргэн дайжиж орон гэргүй болно. Энд мөн 360 гаруй нэр төрлийн эмийн ургамал байх бөгөөд үүн дотор Монгол улсад төдийгүй дэлхийд ховордсон алтан гагнуур /Rhodiola rosea/, бамбай /Valeriana officinailis/, чихэр өвс /Liquorice/ түүнчлэн Монгол улсын Улаан дансанд бүртгэгдсэн алтан тэрэлж, ганц цэцэгт алтан зул, Монгол буйлс, хар нэрс зэрэг ургадаг. Энэ бүгдийг уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээж болно гэж үү?
 Нэгэн зүйл. Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6 мкг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мкг/л байхад л хортой гэж тогтоосон байдаг. Эрдэмтэдийн явуулсан судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мкг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Энэ нь мөнгөний төлөө юугаа өгөхөөс ч буцахгүй болсон мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг /мина/ биш гэж үү.
Одоо ашиглалт нь дууссан Сентерра Гоулдын охин компани болох Бороо Гоулдын уурхайн хаягдлын далангийн усан дахь  хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мкг/кг-д хүрч байгаа нь стандартаас мөн 500-700 дахин их байна гэсэн үг. Мөн Ноён уулаас эхтэй Гацууртын голоос авсан шаврын дээжинд хүнцлийн хэмжээ 136мкг/кг байна. Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж алтыг нь угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.
   “Хүнцэл ихтэй учир энэ голоос ууж болохгүй болсон. Гацууртын голын дагуу амьдардаг айлуудыг  “Бороо Гоулд” компанийхан бид зөөврийн усаар хангаж байгаа” гэж “Сентерра Гоулд Монголия” компаний гүйцэтгэх захирал ноён Казаков өөрөө 2009 онд ярьж байсан удаатай. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр дэлбэлэн ухаж, үндсэн ордны хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Хүнцэл газрын гүнд байгалийн жамаараа оршиж байхдаа хэнд ч гэм хор учруулахааргүйгээр эрдэс  чулуулагтайгаа нягт бэхлэгдсэн байдаг. Энэ нь бидний өвөг дээдсийн ярьдгаар “Алт газрын гагнаас, хөндөж болохгүй, эс тэгвээс үхэл дагуулдаг” гэж ярьдгийг баталж байгаа хэрэг.
Гагцхүү тэсэлж дэлбэлэн ухаж төнхөж газрын гадаргууд ил гаргаад ирэх юм бол нарны гэрлийн нөлөөгөөр агаар устай исэлдэж, уусамтгай, ууршимтгай нэгдэл болон хувирч байгаль орчин хүн амьтныг хордуулж эхэлдэгт асуудлын мөн чанар нь байгаа юм. Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, одоо жилд 3.3 тоннд хүрч байна гэж дүгнэжээ. Мөн Мандал сумын Хараа голын дагуух зарим гүний худгаас хүнцэл илэрсэн байгаа нь бидэнд өгч эхэлсэн сэрэмжлүүлэг. Гацууртын ам нь Ноён уулыг тойрсон 20 гаруй амны хамгийн том болох талаар би дээр дэрьдсан.
Зүйрлэбэл Нүхтийн аманд алт ухчихаад бид Цэцээ гүнээс 5 км зайтай учир Богд уулыг ухаагүй гээд мэлзээд байна гэсэн үг.  Ноён ууланд  маш их хүнцэл агуулагдаж байгаа таалархи судалгааны материалыг би өнгөрсөн хавар Засгийн гараас томилогдсон ажлын хэсгийнхэнд аваачиж өгсөн.Гэтэл эн ажлын хэсгийнхний  дүгнэлтэнд  …алттай чулууг Гацууртын уурхайгаас Бороогийн үйлдвэр рүү зөөгөөд том даацын тэрэгнүүд өдөр шөнөгүй явахад жаахан тоос гарч магадгүй, бусад талаар байгаль орчинд нөлөөлөх ямар ч аюулгүй .. гэж айлдсан байх юм.  Яаж чадаж байна аа.
  Гацууртын ордонд хүнцэл их байна, хордох юм байна гэж гадаад дотоодын эрдэмтэд төөрөлдөж, энэ нөхөр үүнийг нь өлгөж аваад түмний толгой эргүүлээд  байна гэж үзэж байгаа бол дарга нар минь эндээс ялгарч байгаа хүнцлийн хэмжээг тогтоох, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаанд мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн байгууллагуудыг яаралтай татан оролцуулж аюулгүй гэсэн баталгааг гаргал даа . Түүний дараагаар энэ ордоос олох ашиг орлогоо ярьцгаа. Та бүхэн хэдхэн жилийн дотор улс орныг эдийн засгийг бүрэн дампуурууллаа. Харин хэдэн ногооны золиосонд хүн амынхаа эрүүл мэндийг сүйрүүлэх алхам хийх эрх байхгүй шүү.
Баримт 4. 2200 жилийн түүхтэй эртний Хүннү гүрний ихэс, язгууртны 300, нийтдээ 1500 шахам булш бүхий, Хүннүгийн язгууртны булшийг 1924 онд Оросын эрдэмтэн судлаач Козлов анх  нээж малтлагаар илэрсэн аяга, торгон өмд, торгоны тасархай, хүрэл толины хэлтэрхий, хивс нэхмэл, дээл хувцас, сүйх тэрэг зэрэг олон тооны хосгүй үнэт олдвор олсон юм. Энэ нь XX зууны их нээлт хэмээн зарлагдаж одоо ОХУ-ын Санкт Петрбург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байна.
Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсаны дүнд Хүннү нар бэлчээрийн мал аж ахуйтай байсны баталгаа болох малын яснууд, түүнчлэн, газар тариалан эрхэлж амуу будаа хүнсэндээ хэрэглэж байсны гэрч болох үр тариа агуулах аварга том, бүтэн ваар сав, амуу будааны үр зэрэг олджээ. Тэрхүү ваар савыг Ноён уулаас холгүй орших Бороогийн сууринд урлан үйлдвэрлэж байсныг археологичид нарийн шинжилгээгээр баталсан байдаг. Өнөөдрийн байдлаар Ноён уулын бүс нутагт Хүрэл зэвсгийн үе, Хүннү, Дундад зууны үед холбогдох 374 дурсгал одоогоор бүртгэгдээд байгаа аж.
 Өвөг дээдэс маань энэ орчмын уулыг Ноён уул, Хатан уул, Хан уул, Богд уул, Шүтээн уул, Сүжигт уул, Тахилгат уул гэж дээдэлж байгаагийн учир нь энэ их уулсын дотор бидний одоогоор танин мэдэж чадаагүй байгаа олон хүчин зүйлс байдаг юм болов уу. Эрт цагт нутгийн хүмүүс Сүжигт уулан дээр гарч, сүсэглэн залбирч, идээ будааныхаа дээжийг энэ их уулсын зүг рүү өргөдөг байсныг нутгийн өвгөчүүд ярьдаг. Их хаадыг бунхалсан дагшин газраас мод, чулуу зөөх нь бүү хэл малаа бэлчээдэггүй, зүрхэлж ойртдог ч үгүй байжээ. Манжийн үе болон 1937, 38 оны их хядлагын он жилүүдэд нутгийн тайж ноёдууд, лам хуврагууд энэ л ууланд нуугдан бүгснээрээ амьд үлдэж байсан талаар мэдээ баримтууд олон.
80-аад оны үед ХААДС-ийн агрономын ангийн багш, оюутнууд жил болгон Зүүнхараагийн САА-д төмс хураалцах ажлаар очдог байлаа. Нилээд балгачихдаг  Цэен гэж өвгөн энэ САА-н төвийг бараадан хэдэн малаа бөөцийлж амьдардаг, өдөр болгон шахуу бидэн дээр дээр ирж, зуу татангаа Ноён уул нутаг орчмоо магтан ярина. Дайны дараа Власовын армид алба хааж байгаад Немцүүдэд буугаад өгчихсөний шанд насаараа хорих ял авсан хоригдлууд төмөр зам тавихаар энд ажиллаж байсан. Нэг халимаг хоригдол энэ ууланд бүгэж байгаад алуулсан тухай домог мэт юм ярина. Нэг удаа их сонин түүх надад ярьж өгснийг би мартдаггүй юм.  “Манай энэ Ноён ууланд маш олон хаадын бунхан байдаг юм гэнэлээ.
Түүнээс гадна маш их алттай. Хятадууд дээр үед гэр оронгүй тэнэмэл хүмүүсийг аваачиж гүнзгий нүх ухуулан алттай чулуу гаргуулдаг, тэд нар нь ч удаан тэсдэггүй, тэр гүн нүх рүү нь чулуу шидэхэд нэлээд хэдэн хормын дараа тон хийж дуулддаг ч гэх юм уу, тэр нүхний ёролл хүний ясаар дүүрдэг байсан гэнэ лээ гэнэ. Зарим бунхных нь дотор хааны шарилтай нь хамт таван хошуу малыг яг байгаа хэмжээгээр нь шижир алтаар бүтээгээд тавьчихсан байдаг юм гэнэ лээ.
Миний өвөө тэгж ярьдаг байсан гэхэд нь би “Бух чинь их том амьтан, зөвхөн төмсөгний чинээ алт л дор хаяж таван кг хүрнэ дээ. Та мөн сайхан залж байна аа гэхэд -Нээрээ гэм, нээрээ гэм хэмээн мэлзэж инээж байсансан.  Балар эртний цагаас бидний өвөг дээдсүүд маань итгэл бишрэлээрээ хайрлан  хамгаалж ирсэн энэ ууланд олон булш байдгийн зөвхөн өнгөц хэдийг нь судлаачид олж илрүүлсэн. Цаана нь дахиад хэд байгааг эцэг өвгөдийн маань сүнс л мэдэх хэрэг.
   Ганцхан жишээ дурьдъя. Эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг нилээдгүй мөнгө хөрөнгө заран, зуу шахам  жил эрж хайсны эцэст 1922 оны намар Хаадын хөндий гэдэг газраас олсон нь зөвхөн Египет төдийгүй дэлхийн олон нийтийг цочроосон үйл явдал болсон юм. Түүний занданшуулсан шарил, хэрэглэж байсан алт мөнгөн эд зүйлс, цэвэр алтан авс, цээжин баримал гээд хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх эд хөрөнгийг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс Египетийг зорих жуулчдын тоо жил ирэх тутам нэмэгдсээр Египет улсын орлого геометрийн прогpессоор өсөн нэмэгдэж тэрбум тэрбум доллараар хэмжигддэг юм билээ.
   Үүнтэй зэрэгцээд тэр их үнэт баялагийг анх олж, нэр цууд гарч, баяжсан хүмүүс бүгд их хааны хараалд автсан гэх яриа өнөөг хүртэл тасраагүй байгаа. Учир нь Тутанхамун хааны бунхныг эрэх экспедицийн гол санхүүжүүлүүлэгч байсан Английн Лорд Карнарвон энэ их нээлт хийгдэснээс дөрөвхөн сарын дараа гэнэт амиа алджээ. Үхлийн шалтгаан нь ердийн нэг муу шумуулд хазуулснаас болж үхжээ гэсэн  инээдтэй тайлбар гаргаж байлаа.
Энэ явдлын дараахан дээрх экспидецид оролцоод бас чамгүй баяжсан Францын Принц Али Камел гэгч эхнэртээ буудуулан орондоо үхжээ. Энэ мэтээр их хааны онгоныг хайх экспедицийн бүрэлдэхүүнд оролцсон,  санхүүжүүлэлтэнд нь хандив өргөсөн,тэр үед нэр алдраа цууриатуулж, алдаршиж байсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсаар их хааны онгоныг нээсний дараагийн хэдхэн жилийн дотор хорь гаран хүн хорвоог орхисон гэдэг.
Тутанхамуны онгон руу орох хоёр дахь хаалган дээр “Ийшээ орсон хэн бүхэн рүү үхэл нисэж очно” гэж бичсэн байжээ.Мөн хүний нүдэнд өртөхөөргүй хэдэн зуун метрийн гүнд байршуулсан хорвоод хосгүй энэ бунхны эзэн Египетийн фараон Тутанхамун 18-хан насандаа хорвоог орхисон үхлийн нууцыг ч одоо хир нь тайлаагүй байгаа билээ.
 Хаадыгаа бунхалсан газрыг ухаж төнхөх нь бүү хэл тэндхийн чулууг нь хөнддөггүй, модыг нь ч огтолдоггүй , малаа ч  бэлчээдэггүй заншилтай байсан цаг саяхан. Дээдсийн маань  цогцсыг залсан Ноён уулаа ууцандаа хөх тамгатай Монгол хүн бүр зүрхэндээ дархалж, өдий хүртэл хамгаалагдсан ёс заншлаа УИХ-ын хэдэн гишүүд кноп дарснаар гэнэт гээх юм гэж үү. Үгүй ээ, тэгж ярихгүй. Харин бүр 1990 онд нэгдэн орсон “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэн Монголын төдийгүй дэлхийн хүн төрлөхтний түүхэн өв болсон Ноён уулаа дэлхийн өвд авах дархлахыг бид  давтан давтан шаардах болно.
   Энэ сайхан эртний тахилгатай хаадын булш бунхантай уулаа ухуулна, байгаль орчин яаж бохирдох нь бидэнд хамаагүй хэмээн хашгичиж байгаа эрх баригч намын тэргүүн бөгөөд их хурлын дарга, ерөнхий сайд гэгчүүдийн нүүр царайг зурагтаар харах, сонсохоос үстэй толгой өрвиймөөр. Үүний цаана бүлх залхичихсан юм шиг дөмбийчихөөд дуугүй суугаад ерөнхийлөгч минь.
Даанч дээ, Та бүхэн минь ингэж Монголоо алдсан моншиго болох гэж байх уу. Энэ шийдвэрээ яаруу сандруу гаргахаасаа өмнө ядаж дээрх голуудын эх адагт ул суурьтай судалж мэрэгжлийн байгууллагаар үнэлэлт дүгнэлт өгүүлээсэй билээ. Энд тэнд Төр засгийн газрын зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр үгээ хэлж, “Зууны мэдээ”, “Улаанбаатарын сонин” “Улс төрийн сонин”-гуудад удаа дараа бичиж, радио телевизээр амаа цангатал ярилаа.
  http://www.sonin.mn/news/politics-economy/41407, http://www.sonin.mn/news/politics-economy/38805 http://www.sonin.mn/news/politics-economy/50106 сайтуудад тавин өөрийн санаа бодлоо фэйсбүүкийн залуустай хуваалцлаа. Гэвч төрийн томчууд үүнийг нохой хуцсан чинээ санасангүй.
МОНГОЛЧУУДАА СЭРЦГЭЭ. НОЁН УУЛАА ГАДААД ДОТООДЫН ТҮРЭМГИЙЛЭГЧДЭЭС ХАМГААЛАХ  ТУЛААНД НЭГДЭН ОРЦГООЁ.
 Ш.Пүрэвсүрэн 2016-01-17

URL:

Сэтгэгдэл бичих