Таван хувийг хүүхдийн тоотой уявал хол явахгүй ээ
Он гарсаар ард түмний дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа, анхаарал татсан сэдэв нь ипотекийн зээл байлаа. Цэцийн дүгнэлтээс болоод гацчихаад байгаа гэгдэх орон сууцны 8 хувийн зээлийг дахин үргэлжлүүлэхээр эрх баригчид хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. УИХ-ын дарга 8 хувийн зээлийг 5 болгох ч боломж байгаа талаар мэдээлэл хийх үеэрээ ярьсан. Инфляци хоёр оронтой тоонд байхад найман хувийн зээл өгч болоод байсан юм чинь одоо 5 болгоход болохгүй юм байхгүй гэсэн. Боломжтой л хувилбар. Тиймээс иргэд ипотекийн зээлийн хүү тав болохыг тэсэн ядан хүлээж байна. Тэр дундаа найман хувийн зээлэнд хамрагдсан иргэд тийм аятайхан боломжийг хүлээлгүй яах вэ дээ.
Хэрвээ 4 хүүхэдтэй болоод, 5 хувийн зээл авна гэж зүтгэвэл хэзээ ч орон сууцтай болохгүй. Түүний орон 8 хувийн зээлээ авсан нь дээр. Залуу хос 23 настайдаа гэр бүл боллоо гэж бодъё. Дундаж нас шүү. Түүнээс хойш гэр бүлээ төлөвлөөд, 2 жилийн зайтай дөрвөн хүүхэд төрүүлсэн байг. Энэ хугацаанд эхнэр нь ажил хийхгүй. Ганц хүний цалингаар гэр бүлээ тэжээнэ. Тэгээд дөрвөн хүүхдийн хувцас хунар, хоол унд бэлтгэнэ гэвэл хэдийд нь урьдчилгаа цуглуулах билээ. Хамгийн хямдхан байрны 10 хувийн урьдчилгааг ч цуглуулж амжихгүй. Ёстой үлгэрийн далай. За яахав, гялс дөрвөн хүүхэд төрүүлчихээд 5 хувийн урьдчилгаанд хамрагдахаар зүтгэе гэж санъя. 23 настайгаасаа авахуулаад хоёр жилийн зайтай дөрвөн хүүхэд төрүүлсэн эхнэр 32-тойдоо ажил хийх боломжтой болно. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт асуудалгүй оруулчихвал шүү дээ.
Ингээд хоёр зэрэг зүтгээд, 1-2 жилийн хугацаанд 10 хувиа цуглуулъя. Ингэснээр байтал 35 нас хүрнэ. Тэр үед нь өнөөх 5 хувийн зээл нь яах ч юм билээ. Ердөө энэ журмын болзлыг биелүүлэх гэж хамаг залуу насаа бараад, сүүлдээ банкны шалгуураар нас заагдаад хасагдах л сонголт үлдэх гээд байна. Ийм балай журам оруулах гэж байгаа бол хөрсөн дээрээ буу гэж хэлье, дарга нар минь. Ипотекийн зээлээ зүгээр л үргэлжлүүлэхээ бод. Харин тэр хүн амын өсөлтийг дэмжих бодлогоо арай өөр маягаар хийнэ биз. Залуучууд орон байрныхаа асуудлыг шийдчихвэл тэртээ тэргүй үр хүүхдээ төрүүлээд, амьдрал ахуйгаа аваад явчихна. Түүнээс биш 5 хувийн зээлэнд орно гээд 4 хүүхэд төрүүлэх гээд зүтгэж байдаг тэнэг хүн ч гэж хаа байхав. Зүгээр л хэдэн жил зарцуулж байж тэр боломжид хүрэхийг хальт дурьдахад ийм л байна шүү дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: